Даатгуулагчийн дархан итгэлийг хүлээсэн 80 жил

2022 оны 11 сарын 28

Монгол Улсад Нийгмийн даатгалын байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ойн арга хэмжээг угтаж “Хөгжил шинэчлэлийн алсын хараа” зөвлөгөөн өнгөрөгч баасан гарагт болж өндөрлөлөө. Энэхүү зөвлөгөөний үеэр нийгмийн даатгалын байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагаа, нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйлчилгээний ач холбогдлыг олон нийтэд сурталчилж өөрчлөлт шинэчлэлийн асуудлыг хэлэлцсэн юм. Зөвлөгөөнд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Засгийн газрын гишүүд, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны удирдлагууд, Нийгмийн даатгалын байгууллагын үе үеийн ахмад ажилтнууд болон албан хаагчдын төлөөлөл, нийгмийн түншлэгч талууд, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 800 гаруй зочид  хүрэлцэн ирлээ. Тус зөвлөгөөнөөр нийгмийн даатгалын байгууллагын хэтийн зорилго зорилт, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр зэргийн талаар сурвалжилсан юм. 


 

ЗАЛУУЧУУДЫГ ОРОН СУУЦААР ХАНГАХ  БОДЛОГЫГ ЦОГЦООР НЬ ШИЙДЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ

 

Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөгөөний оролцогчдод илгээсэн мэндчилгээндээ “Засгийн газар нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын энэ оны намрын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн томоохон хэсэг болох тэтгэврийн шинэчлэлийг хүн амын насжилтын бодлоготой уялдуулан хийх, одоогийн тэтгэврийн тогтолцоог сайжруулах, даатгуулагч санхүүгийн олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх, хуримтлалын нэгдсэн сангийн хүрээнд нийгмийн даатгалд даатгуулсан залуучуудыг орон сууцаар хангах бодлогыг цогцоор нь шийдэх шаардлагатай” хэмээн  онцолжээ.

Мөн энэ үеэр ХНХ-ийн дэд сайд С.Зулпхар “Даатгал бол нийгмийн хамгааллын бодлогын  хамгийн  гол хүчин зүйл. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийгмийн эрсдлийг дааж ирсэн. Одоо ч бидний  өмнө тодорхой шаардлагууд байна. Наад зах нь нийгмийн даатгалд даатгуулагчдийн тоог нэмэх. Малчид болон хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлдэг иргэдийг сайн дурын даатгалд түлхүү хамруулахыг эрмэлзэж байна. Ингэснээр тэтгэвэрт гарсны дараа эрсдлээ даах баталгаа нь нийгмийн даатгал болно гэсэн үг. Мөн нийгмийн даатгалаар дамжуулан олгож буй тэтгэвэр тэтгэмжийг амжиргааны түвшин, эдийн засгийн  нөхцөл байдалтай уялдуусан шинэчлэлтүүд хийгдэнэ. Энэхүү шинэчлэлтийг хийснээр иргэдийн нийгмийн хамгаалал илүү баталгаатай болно” гэдгийг хэллээ.

Үүний дараа ХНХ-ын сайд Т.Аюурсайхан индэрт гарч илтгэл тавьсан юм. Тэрбээр “Нийгмийн даатгалын шинэчлэлийг эрчимтэй хийснээр 2022 онд 34 үйлчилгээний 24 үйлчилгээг цахимжуулж, 12 үйлчилгээг төрийн үйлчилгээний "Е-mongolia" цахим сүлжээнд холбож иргэдэд зарцуулах байсан 12 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэсэн. Мөн Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан шинэчлэлийг хийж байгаа. Энэ түүхэн цаг үед нийгмийн даатгалын харилцаанд оролцогч талууд, олон улсын байгууллага, нийгмийн даатгалын салбарын нийт ажилтан, албан хаагчдын хүчин чармайлт, оролцоо санаачилга чухал үүрэгтэй” гэдгийг тодотголоо. 

 

ТӨСВИЙН ОРЛОГЫН 19.2 ХУВИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛ БҮРДҮҮЛДЭГ БАЙНА

 

Нийгмийн даатгалд 54 мянган ажил олгогч, 1035 албан журмын, 152.2 мянган сайн дурын даатгуулагч, нийтдээ 1187.5 мянган даатгуулагч хамрагдан, нийгмийн даатгалын санд 3.2 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлж байгаа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 19.2 хувийг бүрдүүлдэг аж.

Ингэснээр  дотоодын нийт бүтээгдэхүүний 6.3 хувийг эзэлж жилд 701.9 мянган даатгуулагч нийгмийн даатгалын үйлчилгээ авч, нийт тэтгэвэр, тэтгэмж, төлбөрт 3.5 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Тус зөвлөгөөний үеэр “Оюу Толгой”, “Worley energy” зэрэг компани шимтгэл төлөгч шилдэг ажил олгогчоор шалгарсан юм. Түүнчлэн шилдэг сайн дурын даатгуулагчдийг тодруулж шагнан урамшууллаа.

Тэдний төлөөлөл болох сайн дурын даатгуулагч Ц.Олзбаатар сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Би 22 дахь жилдээ сайн дурын даатгал төлж байгаа. Ямартай ч энэ эрхэм шагнал авсандаа баяртай байна. Санаанд оромгүй зүйл боллоо. Хүний амьдралыг хэлж таашгүй гэдгийн адил амьдрах хугацаандаа улс эх орондоо хувь нэмрээ оруулж иргэнийхээ үүргийг биелүүлэхийн тулд сайн дурын даатгал төлдөг. Ер нь даатгал төлөх нь бидний амьдралд том баталгаа болдог.

Тиймээс иргэд маань нийгмийн даатгалыг төлж хэвшээсэй гэж хүсэе. Би цаашид сайн дурын даатгалаа тууштай төлсөөр байх болно. Нийгмийн даатгалын хамт олонд талархъя. 22 жилийн турш чирэгдэлгүй хурдан шуурхай  хүртээмжтэй үйлчилгээг авлаа” гэв. НДЕГ цаашид иргэд-даатгуулагчид, ажил олгогчдод үзүүлэх үйлчилгээний стандартын шаардлагыг хангах, ажилтнуудын ажлын бүтээмж, хандлага, хариуцлагыг дээшлүүлэх зорилт тавьж чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартыг нийгмийн даатгалын салбарын хэмжээнд бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөсөн аж. Энэ мэтчлэн тэдний хувьд даатгуулагчийн дархан итгэлийн хүлээсэн 80 жил байлаа. Цаашид ч байсаар байх болно гэдгийг ололт амжилт, зорилго зорилт, хийж хэрэгжүүлж  буй ажлаараа манлайлан харуулж буй нь энэ юм. 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top