Цаг агаарын нөхцөл байдал өнгөрөгч баасан гарагаас эхлэн хүйтэрч цас орж буйтай холбогдуулан нийслэлд автозамын халтиргаа гулгаанаас эхлэн олон асуудал үүсдэг. Тэгвэл цаг агаар эрс хүйтэрсэнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд ямар шийдвэр гаргасан түүнтэй хэрхэн уялдан ажилласан талаар цаашлаад иргэдэд учирч болзошгүй аюулаас хэрхэн сэрэмжлүүлж байгааг сурвалжиллаа.
Нийслэлийн зам талбай хүн явах нь битгий хэл машин явахад ч хүндрэлтэй гэмээр мөлчийжээ. Тэгвэл энэ үед цас, мөс хайлуулагч бодис хангалттай байгаа эсэх талаар холбогдох албанаас мэдээллээ.
Нийслэлийн хот тохижилтын газраас зам талбайн цэвэрлэгээний 17 байгууллагын 98 машин техник, 758 зам талбайн үйлчлэгч 13.3 сая мкв талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар зам талбайн халтиргаа, гулгаа арилгах зориулалтын бодис 2503 тонн, давс 3996 тонн нөөцтэй байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлж буйгаар, цас цэвэрлэгээнд зам, талбайн цэвэрлэгээний 18 байгууллагын 1063 үйлчлэгч тусгай зориулалтын 151 машин техниктэй ажиллажээ. Улмаар авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалтын 173.5 тонн бодис, 190 тонн давс цацах ажлыг арваннэгдүгээр сарын 28-ны 05.00 цаг хүртэл өдөр, шөнийн ээлжээр хийж гүйцэтгээд буй юм.
Тухайлбал, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 380 гаруй ажилтан 61 техник хэрэгсэлтэй уртасгасан цагаар ажиллаж, зам талбайн цас, мөсийг хусаж цэвэрлэсэн байна. Үүнээс үзэхэд жавар тачигнасан өвлийн хүйтнээр нийслэлийн зам талбайн цас мөсийг өглөөнөөс үдшийн бүрий хүртэл цэвэрлэдэг хот тохижилтын ажилчдын ачаалал энэ өдрүүдэд эрс нэмэгджээ. Учир нь автобусны буудал бүр дээр 2-3 ажилчин авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж буй юм.
Цочир хүйтэрч зам талбай мөстөж буй энэ өдрүүдэд нийслэлээр зогсохгүй хөдөө орон нутгийн замд ч аюул нүүрлэдэг. Тэгвэл хөдөө орон нутгийн замд үүссэн хүндрэл, гарч болзошгүй эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлж байгаа талаар Автотээврийн үндэсний төвөөс дараах мэдээлийн өгч байгаа юм. Дундговь аймгийн зүүн, Дорноговь аймгийн хойд, Хэнтий аймгийн өмнөд, Сүхбаатар аймгийн нутгаар тус тус цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарсан бөгөөд авто замын үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваанд халтиргаа гулгаа үүсч хөдөө орон нутгийн замд зорчиход хүндрэл үүсч байгаа тул орон нутагт зорчих иргэд, тээвэрчид тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар хангахыг сануулжээ.
ТЦА: Цасан шуурга шуурч цочир хүйтэрсэн өдрүүдэд зам даваа хаагдсан зүйл байхгүй
Зам тээврийн осол дуудлага мэдээлэлд жолооч нарын аюулгүй байдлыг бүрдүүлэн ажиллаж буй ТЦА-нд энэ өдрүүдэд ажлын ачаалал энгийн өдрүүдийнхээс нэмэгдсэн байна.Түүнчлэн цас орсон үед халтиргаа гулгаанаас үүдэн автомашины хурд 25-30 хувиар буурч, хөдөлгөөний ачаалал үүсгэдэг бөгөөд зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 35-50 хүртэл хувиар нэмэгддэг гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй юм.
Харин Төв аймгийн Баянчандмань сумын авто замд цасан шуурга шуурч, үе үе харанхуйлах нөхцөл байдалтай байгаа бөгөөд зарим газраа 10-20 метр орчимд үзэгдэх орчин муудсан хэдий ч зам даваа хаагдсан зүйл байхгүй. Гэвч шөнөдөө цас хунгарлаж, мөсөн бүрхүүл үүсэж магадгүй учраас Улаанбаатараас Дархан чиглэлийг зорих гэж буй иргэдийг замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг санууллаа.
Цахимаар хичээллэсэн өдрүүдэд замын ачаалал эрс буурсан. Хурдаа тохируулалгүйгээс үүдэн автомашин хоорондоо шүргэлдсэн, мөргөлдсөн 60 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх өдөртэй харьцуулахад 30 гаруй хувиар өссөн. Цас орсон өдрүүдэд зам тээврийн дуудлага мэдээлэл 4.7 хувиар өссөн бөгөөд хөдөө орон нутгийн замд цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан.Гэсэн ч зам даваа хаагаагүй бөгөөд ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй байх тул холын замд гарах гэж байгаа иргэдэд цаг агаарын мэдээлэлтэй танилцаж техникийн аюулгүй байдлаа бүрэн хангахыг тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Харин эдгээр өдрүүдэд ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасгаар халтиргаа гулгаанаас үүдэн бэртсэн 146 хүн үйлчлүүлжээ. Үүнээс 11 хүн осгож, хөлдсөн оноштой хэмээн мэдээллэж буй юм.
ЦУОШХ: Зүүн аймгуудаар 42-47 градус хүрч хүйтэрнэ
Нийслэл хот орчимд арваннэгдүгээр сарын 27-28 ны өдөр их хэмжээний цас орсны улмаас Багануур, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Цагаан хөтлийн даваа, Төв аймгийн Баяндэлгэр сум Их худгийн даваанд халтиргаа гулгаа үүсэж цасанд боогдсон 29 автомашиныг татан гаргаж 94 иргэний амь насыг аварч ажиллажээ. Түүнчлэн одоогоор Баян-Өлгийн Сагсай, Алтай, Увсын Бөхмөрөн, Хяргас, Сагил, Зүүнхангай, Завханы Сонгино, Баянтэс, Алдархаан, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Баянбулаг, Өвөрхангайн Уянга, Нарийнтээл сумдад зудын эрсдэл нүүрлэсэн байна.
Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар ЦУОШГ-ын урьдчилан сэргийлэх мэдээллийн хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэлэхдээ “Монгол орны хамгийн хүйтэн цэг болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумд арваннэгдүгээр сарын 27-ны шөнө -41 градус хүрсэн бол төвийн нутгуудаар 30-35 градус хүрч хүйтэрсэн. Цаашид говийн нутаг болон зүүн аймгуудаар хүйтний эрч чангарна. Тухайлбал, Дархадын Хотгор, Завхан гол зэрэг газруудад 42-47 градус хүрнэ. Ес эхлээгүй өдрүүдэд ийн хүйтэрч байгааг олон нийт гайхаж байна. Энэ нь үүлгүй хонож буйтай холбоотой. Өөрөөр хэлбэл, ийм тохиолдол хүйтний эрч чангардаг. Манай оронд 2016 оны энэ үед ийн хүйтэрч байсан. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй 36 цаг үргэлжилсэн цас орно гэх мэдээлэл худал. Нийслэлийн хэмжээнд өдөртөө 25 градус хүрч хүйтэрнэ” гэдгийг хэллээ.
Цочир хүйтэрч буй энэ өдрүүдэд цаашид хэрхэх талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр” Нэг өдөр цахимаар хичээлүүлсэн нь түгжрэл бууруулах бодлого биш. Их хэмжээний үргэлжилсэн цас орох тухай мэдээлэл холбогдох байгууллагаас ирсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга хүүхдүүдийг эрсдэлд оруулахгүйн тулд цахимаар хичээллүүлэх захирамж гаргасан. Гэтэл харьцангуй бага цас орлоо. Өнөөдрөөс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байна. Өглөө бүр хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэхээр 110 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Өөрөөр хэлбэл боловсролын байгууллагын үйл ажиллагаа нь түгжрэл үүсэх нөхцлийг бүрдүүлдэг” хэмээв.
Ямартай ч, хичээл сургуулийг цахим хэлбэрт шилжүүлснээр нийслэлийн автозамын хөдөлгөөн эрс буурсан гэдгийг байгууллагууд онцолж байна. Энэ мэт нийслэлчүүдийг сорьсон хүйтэн өдрүүд цаашид үргэлжлэх бөгөөд энэ үеэр холбогдох байгууллагууд тодорхой оновчтой шийдвэрийг гаргаасай гэх олны хүлээлт байгааг дурдъя.
Б.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )