Ухаалаг утас бий болсноор олон дэвшил гарсан ч бусдын мууг үзэх гэсэн хүнд бол бузгай туслагч нь болжээ. Бичлэг хийгээд сошиалд шууд цацах, өөрийгөө өмөөрч өрөөлийг буруутгах, элдэв эвлүүлэг хийж нэгнээ гутаах зэрэгт түлхүү ашиглаж байгаа нь харамсалтай. Сайханд баясах, бичлэг, зургаар харуулах, олныг дагуулах сайны хажуугаар саар нь жин дарж байгаад эмзэглэж байна.
Саяхны нэг өдөр “Аавыгаа үзүүлэх гэтэл энэ муу эмч согтуу байна” гэж нэгэн залуу бичлэг цацав. Тэр эмч рүү тодруулга, ярилцлага авна гэхчлэн олон сайт “чичилжээ”. Архи уусныг өмөөрсөнгүй. Гэхдээ ажлын цаг дууссан, тийм байхад заавал үзүүлнэ гэж дайрч орсноо бичлэгтээ уг нь дурдсан бол...Адарч хэлбэл, архи уумаар нөхцөл байдалд мэс заслын эмч нар ажилладаг юм байна лээ.
Адлуулж, ажлаа өгөхдөө тулж буй тэр хүн бол харвасан, зүрхний шигдээс болсон гэнэтийн яаралтай хүнд хагалгаанд үүрэг авсан цэрэг шиг цагаан нөмрөг, худаасан хормогчоо зүүгээд өдөр ч, шөнө ч орж явчихдаг Улсын III төв эмнэлгийн урдаа барьдаг эмч нарын нэг “Ангио” З.Лхагвасүрэн юм байна лээ.
Түүнийг зүрхний мэс засалч, титэм судасны оношилгоо, эмчилгээний “Цагаан толгой” гэлцдэг. Хорт хавдрын өвчлөлийн үед тэжээх судас бөглөх мэс засал хийх, эсэх эцсийн шийдийг “Гуравдугаар эмнэлгийн Лхагваа эмч л хэлнэ дээ” гээд бусад эмнэлэг, эмч нар түүн рүү л явуулдаг юм билээ. Хагалгаанаас хагалгааны хооронд завгүй гүйхийн зэрэгцээ судалгаа шинжилгээний ажилд шамдаж, ном бичиж, сурсан мэдсэнээ шавь нартаа зааж сурган, улмаар эрдмийн ажилд хөтлөхөд цаг заваа зориулж ирсэн олон талт хөдөлмөрч тэр эрхэм “Миний буруу, өргөдлөө өгөөд гарах гэж байна” гэж хариулжээ.
Одоогоос долоон жилийн өмнө түүнийг сурвалжлахаар очоод өдөржин хүлээж, хагалгааны өрөөний үүд сахиж байтал хулдаасан хормогч, резин бээлий, амандаа зүүсэн маск нь хүртэл цусанд будагдчихсан гарч ирээд хувцсаа солиход нь айж шоконд орж билээ. Тэр эмч зүрхэнд амьдрал бэлэглэхэд хагас зуун жилийг зориулсан нэгэн. Зүрх муутай хүн бол тийм нөхцөлд ажиллах бүү хэл “галзуурч” Шар хадны эмнэлэгт хүргэгдэх байсан биз.
Архи уухыг өмөөрөхгүй ч, ажлын дараа амсах байтугай сэтгэл санааны хувьд архинд живчихмээр нөхцөлд ажиллаж байгаа мэс заслын эмч нараа хайрлах юм сан. Эцэст нь хэлэхэд, ажлын цаг дууссан хойно заавал танд л үзүүлнэ гэж дайрч давшилж, хар амиа хичээж бичлэг хийж цацахдаа тэр эмчийн хяналтад амьд яваа өчнөөн хүнийг хохироосноо мэдээгүй байх даа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
Бусдын тусламж, дэмжлэгээр амьдраад сурсан арчаагүй залхуу хулгайч нар л өөрт нь туслахгүй болохоор амиа тэжээж яваа хүмүүсийг муулж сууна. Амиа хичээж явах нь зөв хүн өөрийнхөө амийг тэжээхгүй бол өөр хэн тэжээхэв. Хар амиа хичээж амьдарцгаая харин ч хохирох биш ялж явдаг юм тэгвэл.
Ajlaas ni halj baigaa bol mash haramsaltsi baina.Emch nsrtaa bayrlaj ybdag shu.
Шударга ёс гэж хэн хамгийн чанга хашгирна тэр хүний цаад санаа нь шунал л байдаг нь бараг нотлогдоод байгаа юм шд ээ, шударга зан төлөв энгийн, хуурамч баг зүүхгүй байхаас л эхэлнэ. Хашгирсан болгонд итгэх аргагүй,