Халтиргаа, гулгаанаас үүдэж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөр /ГССҮТ/ үйлчлүүлэх иргэдийн тоо хоёр дахин нэмэгджээ.
Энгийн үед өдөрт дунджаар 300-400 хүн эмнэлгийн тусламж авдаг байсан бол цаг агаар хүйтэрсэн ойрын үед өдөрт 500-600 хүн яаралтай тусламж авч байгаа аж.
ГССҮТ-д хандаж буй иргэдийн гэмтлийн дийлэнх нь халтиргаанаас болж яс нь хугарсан, осгосон тохиолдол байна.
Гэмтлийн зэргийн тухайд тухайн хүн унах үедээ хэрхэн унаснаас хамаарч хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртдэг. Хамгийн их бэртдэг мөч нь гарын хэсэг юм байна.
Мөн гараа халаасандаа хийж яваад унахдаа гараараа тулж амжаагүйгээс үүдэж тархиа гэмтээх тохиолдол нэлээдгүй байдаг аж.
Тиймээс халтирдаггүй зөөлөн резинтэй гутал өмсөх, цас мөстэй халтиргаатай газраар явж байгаа бол алхаагаа удаашруулах, тэнцвэрээ хадгалахын тулд гараа халааснаасаа гаргаж явахыг ГССҮТ-өөс анхааруулж байна.
ОЦОН ШУВУУ ШИГ АЛХАХ НЬ ХАМГИЙН ЗӨВ АЛХАЛТ
Халтиргаанаас үүдэлтэй гэмтлээс сэргийлэхийн тулд иргэд “пингвин алхалт” буюу оцон шувуу шиг алхах нь хамгийн зөв болохыг Японы эрдэмтэд онцолсон байдаг. Өнөөгийн манай улсад энэхүү алхалт хамгийн оновчтой, эрүүл байх алхалт болоод байгаа юм. Ингэж алхаж сурахын тулд нэгдүгээрт, өвдгөө суллаж, гараа халааснаасаа гарган биеийн дагуу сул байрлуулна. Гар сул байх нь унахад гараараа тулж, түлхэж эрчийг сааруулснаар хүчтэй унах, бэртэж гэмтэхээс сэргийлэх юм. Хөлөө энгийн үеийнхээс хооронд нь ялимгүй салгаж, биеийн тэнцвэрээ олж авах явдал чухал. Хоёрдугаарт, цас болон мөсөн дээр гишгэхдээ биеийн тэнцвэрийг аль болох урд хөлөндөө авч алхана.
Мөн ердийнхөөс алхмаа ойртуулж, жижиг алхам хийж занших нь тустай. Хөлийн өлмийг ялимгүй гадагш чиглүүлсэн байх нь чухал. Хөлийн улыг бүтнээр нь газарт гишгэх шаардлагатай. Ингэснээр халтирах эрсдэл багасах юм. Улмаар яаралгүй, сандралгүй урагш алхана. Гуравдугаарт, хэрэв халтирч савж унавал эрүүгээ аль болох цээж рүүгээ нааж өгөөрэй. Ингэвэл толгойгоо газар савахаас сэргийлж, тархины гэмтлээс аврагдах юм. Мөн биеэ аль болох бөмбөг хэлбэрт оруулан хурааж, булчингуудаа суллаж өгвөл гэмтэх эрсдэл буурдаг. Унахдаа биеэ суллавал гэмтэх эрсдэл тэр хэрээр буурна. Мөн зузаан, дулаахан хувцас өмссөн бол жийргэвч болж гэмтэх эрсдэлээс сэргийлэх боломжтой.
ХАЛТИРЧ УНАСНАА БАТАЛГААЖУУЛААД, ХОХИРЛОО НЭХЭМЖИЛЖ БОЛНО
Албан байгууллага, ААН гадна орчныхоо 50 метр зайн нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэх үүрэгтэй. Үүнийг тусгасан хэд хэдэн хуулийн заалт ч бий. Тухайлбал:
-Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг.
-Эрүүл ахуйн тухай хуулийн 4.4.3-т "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх" гэж заасан байдаг.
-Мөн энэ хуулийн 13.1.6-д "Энэхүү хуулийн 4.4.3-т заасны дагуу нийтийн эзэмшлийн зам, талбайг хог хаягдал, тогтоол ус, цас мөсгүй байлгах, ногоон байгууламж нэмэх, шат, хашлага, хайсыг бүрэн бүтэн байлгах" гэсэн заалт бий.
Тухайн байгууллага дээрх хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд Иргэний хуулийн 497.1-д "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасны дагуу хариуцлага хүлээх ёстой юм.
Гэтэл манайд энэ үүргээ биелүүлж байгаа байгууллага ч ховор, биелүүлэхийг шаардаж, хяналт тавьж байгаа хүн ч ховор байна.
Иргэд халтирч унаснаа баталгаажуулж чадвал хохирлоо барагдуулах бүрэн боломжтой.
Үүний тулд:
Тиймээс аж, ахуй нэгжүүд үүргээ биелүүлэн гудамж, талбай цэвэрлэж, нөгөө талаас иргэд ч тэдгээр байгууллагуудад шаардлага тавих хэрэгтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )