Баяр хөөртэй байх шиг сайхан зүйл үгүй. Тэр тусмаа өөртөө талархах тухайн агшин ямар сайхан гээч. Тэгвэл хүн ямар тохиолдолд өөртөө талархдаг гэж та бодож байна. Ихэнхдээ бусдад тусалсан тэр сэтгэлээ бодохоор л цаанаасаа баярын мишээл тодроод ирдэг дээ.
Бодоод байхад хүн амьдралаа аз жаргалтай байлгахын түлхүүр нь бусдын төлөөх сэтгэл. Ийм сэтгэлийг өөртөө бойжуулж, улам дэлгэрүүлж амьдарч чадвал тухайн хүний аз жаргал аяндаа л ундраад байх болно.
Харин бусдад хүргэх дэм тус заавал эд хөрөнгө, элбэг баянаас үүсэлтэй биш юм. Өөрт байгаагаасаа өрөөл бусадтай хуваалцах, хэн нэгэнд хэрэгтэй цагт нь оносон тусламжийг нь хүргэхийг ч хэлж болно. Цаашлаад бусдын сэтгэлийг тайтгаруулах, хөгжөөх, сэргээх үг хэлсэн ч тэр дэм тус юм шүү дээ. “Чи өөрөө ч мэдээгүй байх.
Тээр жил надад хэлсэн нэг л үг чинь миний сэтгэлд үргэлж бодогддог. Үнэхээр хэрэгтэй цагт ой руу минь ортол хэлсэн шүү” гэж хэн нэгэн танд хэлж байсан уу. Сайн бодоод үзээрэй. Ямартай ч хэлж байсан ч, хэлээгүй байсан ч бусдын сэтгэлийг хүйтэн хөндий үгээр бус хэрэг болох урмын үг, ухаарлын яриагаар дүүргэж байгаарай. Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд хайр түгээсэн халуун дулаан үг нэгэндээ хэлж дуулгаж яваарай. Тийм сайхан үгийг сонссон хүн даарах бээрэхийн зовлонг даамай даваад л гарна. Энгийн мэт боловч их олон зүйлээс бусдад туслах санаа ундарч байдаг юм шүү. Өрөөлд үйлдсэн сайхан бүхэн тань өөртөө баярлах шалтгаан болох шиг гайхалтай зүйл үгүй билээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )