Хөдөө аж ахуйн бирж, Турк улсын худалдааны биржтэй хамтран ажиллана

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

Монгол Улсын Их хурлын даргын 2021 оны 80 дугаар захирамжаар “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсгийн ажлын хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Хөдөө аж ахуйн биржүүдтэй танилцаж, туршлага судлахаар холбоо тогтоосны дагуу 2022 оны арваннэгдүгээр сарын 20-ний өдрөөс 2022 оны арваннэгдүгээ сарын 27-ны өдрүүдэд албан томилолтоор ажиллалаа. 

2022 оны арваннэгдүгээ сарын 21-ний өдөр Анкара хотод байрлах Туркийн Худалдааны бирж (Turkish Mercantile Exchange, TЬRİB)-ийн төлөөлөлтэй санал солилцон Турк улсын Хөдөө аж ахуйн биржүүдийн хууль, эрх зүйн орчинтой танилцсан бөгөөд Туркийн Худалдааны бирж болон Монголын Хөдөө аж ахуйн бирж ХХК хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулав. 

Туркийн Худалдааны бирж (TЬRİB)-ийн тухай


Туркийн Худалдааны бирж нь анх 2018 оны зургаадугаар сарын 8-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2019 оны долоодугаар сарын 26-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд итгэмжлэгдсэн агуулахад байршуулсан бараа, түүхий эдийг гэрчлэх агуулахын бичиг (ELUS цахим гэрчилгээ) болон фьючерсийн арилжааг нэвтрүүлэх, цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг. 

Туркийн Худалдааны бирж нь итгэмжлэгдсэн агуулахууд, Туркийн Танхимууд болон Биржүүдийн холбоо (TOBB), Бүгд Найрамдах Турк Улсын Худалдааны яам,  Бүгд Найрамдах Турк Улсын Хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Эрдэнэсийн сан, Бүгд Найрамдах Турк Улсын Сангийн Яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажилладаг байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top