Эх орны хөвгүүд эр цэргийн тангараг өргөлөө

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 03

Аавын алдрай хөвгүүд өслөө     

Ард олны хүү боллоо 

Ээжийн энхрий хөвгүүд өслөө   

Эх орны хүү боллоо...

Цэргийн хүрээний ангиудын аранзал улаан далбааг цог жавхаатай гурван ахмад өндөрт өргөн алхах агаад сүр хүч, тэмцэл ялалтын бэлгэдэл энэ далбаан дор цэцэн буугаа мөрлөсөн цэрэг эрс жигдрэн жагсжээ. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаат цэргийн албанд татагдаж ирсэн шинэ дайчид. Тэд цэргийн албаны анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, эх орондоо үнэнчийн баталгаа болсон цэргийн тангаргаа өргөхөөр эгнэн жагссан нь энэ юм. Өчигдөрхөн л ижий, аавын эрх танхил хүү байсан тэд өнөөдөр эх орноо улам ихээр хайрлах сэтгэл тээж зогсоо нь лавтай. Зэвсэгт хүчний 805 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ өчигдөр /2022.12.01/ боллоо.

 

ДОТООДЫН 805 ДУГААР АНГИЙГ ХОШУУЧ, ГЕНЕРАЛ АЛТАНГЭРЭЛИЙН ДУМБАРАЙН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО

 

Биднийг 11.00 цагийн үед цэргийн анги дээр ирэхэд тэдний аав, ээж, ахан дүүс, найз нөхөд нь хол ойроос зорин ирж, тэсэн ядан хүлээж буй нь нүднээ харахад бэлхэн байлаа. Тангараг өргөх ёслол нь 11.30 цагт эхлэх тул тэдэнд зориулж дулаан өрөөг тусгайлан гаргаж өгчээ. Тангараг өргөх ёслолын цаг дөхөхөд цэргийн ангийн ахлагч, захирагч нар ар гэрээс нь ирсэн хүмүүст дулаан хувцаслаж гарахыг сануулж байв. Тэд ч үүнийг л хүлээж байсан тул ороолт, малгай, гадуур хувцсаа шалавхан гэгч нь баглаж аваад яаран гарцгаасан юм. Үлээвэр хөгжмийн зэмсэг эгшиглэж, шинэхэн цэрэг эрсээс эхлээд генерал цолтой хүмүүс хүртэл жагсжээ.

Тус арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал Р.Чингис, Цэргийн штабын орлогч дарга хурандаа н.Эрдэнэбулаг, Цагдаагийн хурандаа Ж.Батцагаан болон бусад хүндтэй зочид, төлөөлөгч нар оролцлоо. Захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга, хурандаа н.Энхбадрах “Ангийн бүрэлдэхүүн тангараг өргөх ёслолд бэлэн жагссан. Эрхэм нөхдийн амрыг эрье” гэхэд жагсаалд байсан цэргүүд нэгэн дуугаар “Эрхэм хурандаагийн амрыг эрье” хэмээн мэндчилсэн нь сүрдмээр байлаа. 

Ар гэрээс ирсэн хүмүүс “Ёстой гоё юм аа, нэгэн зэрэг мэдрэмжтэй байна шүү, хөөх” гэх мэт үгээр шагширцгааж байлаа. Энэ өдөр цэргийн тангараг өргөх ёслолоос гадна Дотоодын 805 дугаар ангийг Засгийн газрын тогтоолоор хошууч, генерал Алтангэрэлийн Думбарайн нэрэмжит болголоо. Энэ үеэр Думбарай агсны хүү Мягмарцэрэн үг хэллээ.

Тэрбээр “Эрхэм хүндэт генерал, хурандаа, хошууч, ахмад, байлдагч, ноёд, төлөөлөгч нар аа. Дотоодын цэргийн 805 дугаар анги Алтангэрэлийн Думбарайн нэрэмжит болж буйд туйлын баяртай байна. Хүмүүний амьдрал өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээсээс бүрддэг. Бид өнгөрснөөс суралцаж, уламжлан ирсэн ёс заншил, эрдэм мэдлэгийг сайн сайхны төлөө хэрэгжүүлэн дараагийнхаа үедээ заан сургаж өвлүүлэн үлдээх үүрэгтэй. Тиймээс ч улс орон эр цэргээ бэлтгэж, эцэг эх нь үр хүүхдээ сурган хүмүүжүүлдэг. Намайг сурган хүмүүжүүлж, ажил амьдралыг минь дөрөөнд хүргэсэн ачлалт аавынхаа үргэлжлэл нь болон энэхүү индэр дээрээс нээлтийн үг хэлээд зогсож байгаа нь нэр төрийн хэрэг билээ. Дотоодын 805 дугаар ангид татагдан ирж, өнөөдөр тангараг өргөж буй та бүгдээс ирээдүйн мэргэшсэн цагдаагийн алба хаагч, мөрдөгч төрөхийн зэрэгцээ генералууд төрнө гэдэг нь гарцаагүй юм. Дотоодын цэргийн яруу алдар ямагт мандан бадрах болтугай” гэв.

 

Б.БАТСҮРЭН: БИД ЭХ ОРНЫХОО ИРЭЭДҮЙН ӨНГӨ НЬ БАЙХ ЁСТОЙ ЮМ ШҮҮ

 

Үргэлжлүүлэн хоёр хэсэгт хуваагдан, таван эгнээ болж жагссан 60 гаруй цэрэг тангаргаа өргөлөө. Тэрбээр "Монгол Улсын иргэн би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая. Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ. Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн гарын үсэг зурж, төрийн далбаандаа малгайгаа авч мэхийн ёсолж байв.

Тангараг өргөх ёслолын дараа байлдагчид дасгал хөдөлгөөн, бие хамгаалах, хурд хүч болон урлагийн үзүүлбэрийг ар гэрийнхэндээ үзүүлж сонирхууллаа. Үүний дараа 14.00-16.00 цагийн хооронд цэргийн казарм руу орж, хүүхдийнхээ амьдарч буй нөхцөл байдалтай танилцаж болохыг зөвшөөрлөө. Ийнхүү дотогш ороход биднийг дулаан байр, цэвэрхэн орчин, найрсаг хамт олон угтаж авсан юм. Нэг том өрөөнд хоёр давхар төмөр орнууд эгнэсэн байх бөгөөд ор бүрийн хажууд жижиг шүүгээ байв. Мөн гадуур хувцас, гутлаа хийх зориулалттай нэг том хувцасны модон шүүгээ байсан юм. Хаалга, ханан дээр идэж болох, болохгүй зүйлийн жагсаалт, цагийн хуваарийг нэг бүрчлэн гаргаж байрлуулсан байв. Ёстой л нөгөө “хонь, хурга нийлэлдсэн” мэт л байлаа.

Шинэхэн цэргийн амьдрал ямар байгаа талаар байлдагч Б.Батсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Би Төв аймгийн Жаргалант сумаас ирсэн. Цэргийн амьдралдаа дасаад гоё байгаа. Юу нь гоё вэ гэвэл цаг төлөвлөлт, хурд, хариуцлага маань сайжирч байгаа. Өглөө 06.30 цагт босож, орой 22.30 цагт орондоо орсон байх ёстой. Үйлдэл бүхэн минь цагийн дагуу явагддаг. Гэрээс төрөл бүрийн амттан, ундаа, хоол авчирсан байгаа ч идэх хориотой. Нэг үеэ бодвол цагийн хоолондоо дасаж эхэлж байна. Эхэндээ ч өлсдөг байсан шүү (инээв). Цэргийн алба хаана гэдэг ч үнэхээр нэр төрийн зүйл байдаг юм байна. Цэрэгт явахыг хүсэхгүй байгаа найзууддаа хандаж хэлэхэд бид эх орныхоо ирээдүйн өнгө нь байх ёстой юм шүү” хэмээлээ. Өвөрхангай аймгаас татагдан ирсэн байлдагч Н.Сумъяабазарын ээж Н.Түвшинжаргал “Би дөрвөн хүүгийнхээ гурвыг нь цэргийн албанд явуулсан ээж хүн л дээ. Цэргийн алба хаагаад ирсэн хүн амьдралд хандах хандлага нь өөрчлөгдөж, хөдөлмөрч, эх оронч үзэлтэй, хүний үг даах чадвартай, тэсвэр хатуужилтай, хариуцлага үүрч чаддаг. Тийм болохоор хөвгүүдээ цэрэгт явуулах дуртай. Энэ завшааныг ашиглаад БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад баярлалаа” гэсэн юм.

 

Б.ЭРХЭМЗУЛ: ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИД ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААСНААР ЦАГДАА, ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Ротын захирагч, ахмад Б.Эрхэмзулаас зарим зүйлийн талаар тодрууллаа. Тэрбээр “Манайх Цэргийн гавьяаны улаан тугийн одонт анги 1945 онд байгуулагдсан. Үндсэн үүрэг маань улсын онцгой чухал объектын хамгаалалтад үүрэг гүйцэтгэдэг.

Дайчид маань ирээд 45 хоногийн хугацаанд есөн бүлэг, 200 цагийн багц хичээлийн сургалтад хамрагдаад өнөөдөр үнэнчийн баталгаа болох тангаргаа өргөлөө. Цаашдаа цэргүүд маань Өмнөговь аймгийн Цагаанхад суурьшлын бүсэд хамрагдаад явах болно.

Цэргийн тангараг нь цэргийн албан хаагчийн эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн андгай бөгөөд Монгол Улсаа батлан хамгаалах асар их үнэ цэн, үүрэг, хариуцлага хүлээлгэсэн итгэл найдвар юм. Цэргийн албанаас өөрийгөө олж таних, алсын хараа ирээдүйгээ тодорхойлох, эх оронч үзлээр төлөвших, тэсвэр хатуужилтай болох олон эрхэм чанарыг эзэмших болно. Дотоодын цэргийн байгууллагад хугацаат цэргийн алба хааснаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч, улмаар офицерын албан тушаалд дэвшин ажиллах боломжтой байдаг нь давуу тал юм. Монгол төрийн дотоодын цэргийн цуу алдар, сүр хүч, сүлд хийморь үүрд мандан бадрах болтугай” хэмээлээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top