Боловсрол, шинжлэх ухааны яамнаас анх удаа Монгол орон даяар иргэд, олон нийтийн инновацийн санаачилгыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй нээлттэй инновацийн MonX хөтөлбөрийн “Demo day” буюу эцсийн шатны шалгаруулалт боллоо.
Энэ онд аймаг, нийслэлд шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлүүд байгуулагдаж, аймгуудын Боловсролын газрыг Боловсрол, шинжлэх ухааны газар болгон өөрчлөн зохион байгуулсан. Эдгээр байгууллагууд хамтран зохион байгуулсан анхны хөтөлбөр нь уг арга хэмжээ болж байна.
Иргэдийн инновацийг дэмжих "MonX" хөтөлбөр нь иргэн та хаанаас ч, өөрөө зохион бүтээж, хэрэгжүүлж, мөн бусдын технологи, инновацийг бүтээлчээр, хуулийн хүрээнд оновчтой ашиглах соёлыг бүрдүүлэхэд зориулагдсан. Хөтөлбөрийн хүрээнд нийт 52 сургалт зохион байгуулж, 1000 гаруй иргэнд инноваци гэж юуг хэлэх, санаагаа хаанаас, хэрхэн олох, Стэнфордын их сургуулийн дизайн сэтгэлгээ, аргачлалын анхан шатны мэдлэг, соёлыг түгээж чаджээ.
Хөтөлбөрт 21 аймаг, нийслэлээс нийт 251 төслийн санал хүлээн авсан. Эдгээрээс 19 баг эцсийн шалгаруулалтад оролцож, баг тус бүр 20 сая төгрөгийн грант авахын төлөө өрсөлдөж, 9 баг грантаар шагнууллаа.
Цаашид бодлогын яамны зүгээс иргэдийн инновацилаг санаачилга, төслүүдийг орон нутаг, салбар тус бүрд илүү үр ашигтайгаар хэрэгжүүлэхэд аймаг, нийслэлийн Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл, орон нутгийн удирдлагатайгаа хамтран ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд уриаллаа.
Сэтгэгдэл ( 0 )