ИРГЭД: Зөвхөн төв замыг чөлөөлөөд ТҮГЖРЭЛ буурахгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орно хэмээн мэдэгдээд байгаа. Улмаар замын цагдаагийн алба хаагч нарыг нэмэлтээр ажиллуулж, авто замын нэгдүгээр эгнээний ачааллыг нэмэгдүүлээд байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавихаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн нэгдүгээр эгнээгээр явж байгаа тээврийн хэрэгслийг 20 мянган төгрөгөөр, замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш эргэсэн, эсхүл буцаж эргэсэн бол 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авах аж.

 

Ж.СҮХБААТАР: ЗӨРЧИЛ ГАРГАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ КАМЕРААР ХЯНААД ТОРГОСОН Ч ҮР ДҮНГҮЙ БАЙГАА ТУЛ ШАХАЛТ ҮЗҮҮЛНЭ

 

Энэ талаар Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулахтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгт нийтийн тээвэр нэгдүгээр буюу эгнээгээр давуу эрхээр явах ёстой. Энэ журам хатуу мөрдөгдөхгүй байгаа.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо  хуралдаж, хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Үүнд Ерөнхий сайд ч оролцсон. Нийтийн тээврийн хүрэлцээ, хангамж муугаас гадна саатал ихтэй байна. Автобус хүлээж байгаа иргэд даарч байна. Тэгэхээр энэ нөхцөлд бид хийж чадах арга хэмжээгээ авах ёстой. Тиймээс Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв гэх энэ гурван газар ирэх даваа гарагаас бүх хүчээ дайчлаад, зөвхөн нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах тал дээр анхаарч ажиллахаар болсон.

Тээврийн цагдаагийн газарт хүний нөөцийн дутагдалтай, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг камераар хянаад торгосон ч үр дүнгүй гэх мэт асуудлууд байгааг ойлгож байна. Гэсэн ч байгаа бүх хүчээ гаргаад нийтийн тээврийг амьсгаа авах хэмжээнд нь ажиллуулах ёстой гэдэг үүргийг өгсөн. Одоо шахалт үзүүлэхээс өөр арга алга. Зөвхөн нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулснаар түгжрэл арилахгүй ч гэсэн амьсгаа авах хэмжээнд багасна. Яамгүй сайд гэдэг нөхөр бүх хүний бухимдлыг тайлагч болж хувираад байна. Бүх зүйлийг намайг хариуцдаг гэж олон нийт ойлгоод замын зохицуулалт, нийтийн тээврийг надаас асуугаад байна. Би хариуцсан хүн нь биш. Цаана нь хариуцсан олон газар ажиллаж байгаа.  Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн нийтийн тээврийн газар гэж бий. Тэндээс асуу. Хүмүүс намайг зоригтой шийдвэр гарга гээд байх юм. Би зоригтой байгаа, хэнээс айх юм бэ. Замбараагүй байгаа олон асуудлыг шийдэх гээд ажиллаж байна. 20, 30 жил бугшсан асуудлын үр дагаврыг би гуравхан сарын дотор шууд шийдэж чадахгүй" гэсэн юм.

 

“ДҮРМИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХ НЬ ТӨСӨВ БҮРДҮҮЛЭХ ХЭЛБЭР ОГТХОН Ч БИШ ” ГЭВ

 

Авто замын нэгдүгээр эгнээг зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл буюу автобус, троллейбус зорчих байдлаар зохицуулсан дүрэм бий. Тэрхүү дүрэм өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж буй хэвээр. Гэтэл тээврийн хэрэгслийн жолооч нар авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж, машинаа байршуулж орхих байдлаар нийтийн тээврийн хэрэгслийн хурдан түргэн үйлчлэх боломжийг хаасаар байгаа юм.

Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас тус дүрмийн хэрэгжилтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Урьдчилан сэргийлэх хэлтсийн Ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа. Тэрбээр “Нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж түгжрэл саатал олон цагаар үргэлжлэхтэй холбогдуулан Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын ордны аюулгүйн тойргоос 5 шарын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ буюу “Чиглэлийн тээврийн хэрэгсэл”-ийн эгнээнд тавих хяналт шалгалтыг энэ сарын 5-ны өдрөөс эхлэн Цагдаагийн байгууллагаас эрчимжүүлж, ачаалал үүсэж байгаа цагуудад өдөр тутам хөдөлгөөн зохицуулж ажиллаж байгаа 100 гаруй алба хаагч дээр 400 гаруй алба хаагчийг хоёр ээлжээр 200 гаруй хяналтын цэгт нэмэлтээр ажиллуулахаар төлөвлөөд байна.

Ингэхдээ Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны болон тодорхой чиг үүргийг өрөө тасалгаанд гүйцэтгэдэг алба хаагчдыг хамруулан ажиллуулах юм байна. Энхтайваны өргөн чөлөөнд 5 шарын автобусны буудлаас Офицеруудын ордны аюулгүйн тойрог хүртэлх авто зам дагуу 14 уулзвар, зогсоол, хороолол, ШТС зэргээс төв замтай нийлсэн 155 гарц, 39 автобусны буудал, авто замын зорчих хэсэгтэй залгаа 25 зогсоол байдаг ба эдгээрээс хөдөлгөөн эхэлсэн болон орохоор яваа тээврийн хэрэгслүүдийг чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ буюу нэгдүгээр эгнээгээр зорчуулахгүй байх, зорчсон тээврийн хэрэгсэлд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчид хяналт тавьж, зөрчил гаргасан тохиолдолд цагдаагийн шалгах төхөөрөмж, иргэд ашиглах гар утаснаас торгууль илгээх боломжтой “Е-Police” аппликэйшн, гудамж замд байршуулсан хяналтын камераар зөрчил бүрд хариуцлага оногдуулахаар тооцож байна.

Энэ оны эхний 11 сарын байдлаар нэгдүгээр эгнээгээр байрлан явсан нийт 382.374 тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.3-т зааснаар 20 мянган төгрөгөөр торгох хариуцлага оногдуулсан хэдий ч тухайн эгнээгээр зорчих, бусдын хөдөлгөөнд саад учруулах, автобусны буудалд зогсох зөрчлүүд буурахгүй байна.

Хяналт сайн тавигддаг гэдэг нь дээрх тоогоор харагдаж байгаа ч жолооч нар ухамсарлахгүй байгаа юм. Иргэдийн дунд биднийг хяналт шалгалтаа сайжруулахаар төсөв бүрдүүлэх гэлээ гэж зэмлэдэг. Энэ бол огтхон ч тийм зүйл биш. Хуучин хэрэгжиж байсан дүрмийн хэрэгжилтийг л сайжруулах, түгжрэлийг бууруулах зорилготой юм. Иргэд автомашиндаа ганцаараа түгжрээд явсан нь дээр үү, нийтийн тээврээр хүрэх газраа хурдан очсон дээр үү гэдгийг бодох хэрэгтэй. Иргэд нийтийн тээвэр сайжирсны дараа бид сууна гэдэг. Гэвч иргэд автомашинаа тавиад нийтийн тээврээр зорчвол хурдан зорчиж, орлого нь сайжирна гэдгийг ойлгодоггүй.

Нэгдүгээр эгнээгээр Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар бол нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус, тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин, зөвшөөрөлтэй суудлын такси болон “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл”, “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зорчих ёстой.

Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр нийтийн тээрийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг нээх бөгөөд иргэдийг автомашинаасаа татгалзах, зорьсон газартаа цаг хугацааны хувьд хурдан очих нөхцөл бүрдэж, түгжрэлд саатаж зогсоход алдаж байгаа цагаа хэмнэх зэрэг бусад эерэг байдал үүснэ. Иймд иргэн та Энхтайваны өргөн чөлөөнд нэгдүгээр эгнээгээр чиглэлийн тээврийн хэрэгсэл болох автобусны хөдөлгөөнд саад болж зорчихгүй байхыг анхааруулж байна” гэв.

 

Б.ЦЭВЭГМИД: ЦАГДАА "ТАМЛАХ"-ААС ӨӨР СОНГОЛТ ҮЛДЭЭГҮЙ БОЛОЛТОЙ

 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах асуудлаар Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженер асан Б.Цэвэгмидээс тус дүрмийн хэрэгжилтийн асуудалд ямар байр сууртай байгааг тодрууллаа. Тэрбээр “Замын тэмдэг тэмдэглэлийн үүргийг амьд хүнээр орлуулах юм байна. Энэ идэр есийн хүйтэнд хөлдүү зам дээр цагдаа өрж байгаад ганцхан автобус явуулах юм ярьсан байна лээ. Миний байр суурь гэвэл Төр болон Нийслэл хот нийтийн тээвэрт зориулсан эгнээг замын хөдөлгөөний зохион байгуулалтын техник хэрэгсэл ашиглан тусгаарлах үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа болохоороо цагдаа "тамлах"-аас өөр сонголт үлдээгүй бололтой” гэв.

Мөн иргэн Д.Ганхуяг “Ганцхан өргөн чөлөөний нэг эгнээнд зохицуулалт хийгээд бусад сүлжээ замуудаа нам болгоно доо. Түгжрэл үүсгээд байгаа шалтгаан чинь зөвхөн Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөнд оролцогчид биш шүү дээ. Хот төлөвлөлт, хөдөлгөөний зохион байгуулалт, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл гэх мэтэд анхаарвал зохилтой. Хууль, дүрэм, нэгдэн орсон олон улсын гэрээ, норм дүрэм стандарт хэм хэмжээ хангалттай байгаа шүү дээ. Түгжрэлийн сайд, Засаг дарга нар нийлээд "Түгжрэл"-ийн хууль санаачлаад яваа сурагтай байна” гэлээ.

Замын хөдөлгөөний удирдлагын төвд өдөрт 3500 орчим зөрчил цахимаар илрүүлдэг аж. Эдгээр зөрчлийн 50-60 хувийг авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчил эзэлдэг байна. Оны эхний найман сарын байдлаар цахимаар 560 мянган зөрчил илрүүлээд шийтгэвэр ногдуулжээ. Гэвч үүний 23 хувь буюу 130 мянган зөрчилд ногдуулсан төлбөрийг барагдуулсан байна. Нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тухайд дэлгүүр, үйлчилгээний байгууллагын гаднах зогсоолдоо өдөржин машинаа байршуулчихдаг дутагдал түгээмэл. Энэхүү буруу зуршил түгжрэлд 15-20 хувь хүртэл нөлөөлж буйг судалгаагаар тогтоожээ.

Тухайн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх хүсэлтэй иргэдэд хүндрэл учруулдаг энэ үзэгдлийг халахын тулд зогсоолуудыг төлбөртэй болгох нь зүйтэй гэж мэргэжлийн байгууллагууд үзэж буй. Эхний гурван цагийн төлбөр хямд төсөр байх бол өдөржин байршуулбал өндөр үнэ төлдөг байдлаар зохицуулах санал гаргаад байгаа аж.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(102.89.22.22) 2022 оны 12 сарын 06

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(102.89.22.22) 2022 оны 12 сарын 06

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Уншигч(66.181.161.31) 2022 оны 12 сарын 06

Шийдэж чадахгүй болохоороо албаар нөхцөл байдлыг хүндрүүлэх арга хэмжээ авч байгаа юм биш үү, 1 р эгнээнд орж болохгүй тул туслах замуудад маш урт гацаа түгжрэл үүсч байна шүү дээ, нэгэнт өргөс авсан мэт шууд зохицуулж чадахгүйгээс хойш эхний удаадаа замын цагдаагийн орон тоог хангалттай нэмээд оргил ачааллын үед улзвар бүрт цагдаа ажиллуулбал яасан юм бэ.

0  |  0
Top