Жагсаалын үеэр барималчдын хийсэн МӨСӨН УРЛАЛУУД сүйджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

Шинэ жил дөхөж байгаатай холбогдуулан Сүхбаатарын талбайн урд хэсгийн зүүн баруун жигүүрт нийт 16 ширхэг гацуур байрлуулсан “байсан”. Яагаад байсан гэж байна вэ гэвэл “Нүүрсний хулгайн асуудлыг ил болгохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал”-ын үеэр хүүхдүүдийн сэтгэлээ шингээж, хог хаягдлаар урласан гацуур үнсэн товрог болсон явдал. 



ХҮҮХЭД ЗАЛУУС ХОГ ХАЯГДЛААР ХИЙСЭН ГАЦУУРЫГ СОНИУЧИРХАН ҮЗЭЖ БАЙНА
 

Угтаа бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо хүргэх, олон нийтэд энэ чиглэлээр мэдээлэл хүргэхээр олон улсын байгууллагууд болон үндэсний компаниуд нэгдэн Монгол Улсад анх удаагаа “Green fest" фестивалийг зохион байгуулах гэж байсан юм. Тиймээс манай сонин урьд өмнө нь ийм сонирхолтой, үзэж харах зүйл талбай дээр байгаагүй тул сурвалжлахаар 13.00 цагийн үед Сүхбаатарын талбайд очлоо.

Дээр хэлсэнчлэн жагсаал болж буй тул маш олон хүн цуглажээ. Сургуулийн насныхан болон оюутан залуус ч өргөнөөр ирж оролцож байгаа. Тэд хог хаягдлаар хийсэн гацууруудыг ихэд сонирхож, хүрч үзэж, юугаар хийснийг нь хоорондоо ярилцаж байсан юм. Тэнд хуванцар сав, лааз, хөөсийг ногоон өнгө оруулж, янз бүрээр хэлбэржүүлэн зассан гацуур байна. Мөн ашигласан цаас, нэг удаагийн аягаар чимэглэж урласан гацуур ч байна.

Харин их биеийг нь төмрөөр босгож, гадна хэсгийг нь дэрс, үртэс ашиглан чимэглэсэн гацуурыг Европын холбооноос хийсэн байжээ. Тус гацуур 14 цаг 20 минутын үед шатаж, түүнийг хийсэн хүмүүсийн хөдөлмөр үнэгүйдсэн нь харамсалтай. Төв талбай дээр зассан уг гацууруудыг харсан зарим иргэд “Улсын төсвөөс мөнгө гаргуулж хачин юм хийлээ” хэмээн шүүмжлээд байгаа.

Харин “Оргил медиа менежмент” компаниас БОАЖЯ, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр “Хайрлахуй” уриан дор “Green fest” дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг анхны өвлийн 30 хоногийн фестиваль зохион байгуулна.

Энэ талаар “Оргил медиа менежмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Отгонжаргал ийнхүү мэдээлсэн. Тэрбээр “Хүмүүс зарим нь буруугаар ойлгоод байх шиг байна. Энэхүү гацууруудыг улсын төсвөөс мөнгө гаргаж хийгээгүй. Харин ОУ-ын байгууллагууд болох НҮБ, НҮБ-ын хүүхдийн сан, Мөнгөн цой, WWF, ZSL зэрэг 16 байгууллага хамтран хийсэн. Зарим гацуурыг хүүхдүүд хаягдал материал ашиглан өөрсдийн гараар хийж чимэглэсэн. Гэтэл зарим нь хүүхдийн энэхүү бүтээлүүдийг харааж, зүхэж байгаа нь тун зохимжгүй байгаа талаар хэлмээр байна” гэдгийг онцолж байлаа. Мөн цагаан баавгайг ч гэсэн хаягдал зөөлөн материал ашиглан зүйж хийсэн байв.


Н.СУГАР: ТАЛБАЙД ДУЛААЦАХ БОЛОМЖТОЙ ПААР БАЙРЛУУЛНА
 

Талбайн зүүн болон баруун талд бэлгэн хэлбэртэй байшин байрлуулсан байв. Үүнийг олон нийтийн сүлжээнд талбайн хоёр талд ТҮЦ байршуулсан гэх мэтээр ярьсан.

Тэгвэл уг мэдээлэлд Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа "Шинэ жилийн баяр дөхөж байгаа учир мөсөн гулгуурын талбай байгуулах гэх мэтээр хүүхэд, залууст зориулан Төв талбайгаа засаж, чимэглэж байна. Түүнээс биш янз бүрийн зах, худалдаа биш" хэмээн тайлбар бичжээ. Талбайг тойрон байгаа бэлгэн хэлбэртэй байшин дотор халуун цай, кофе болоод баярын уур амьсгалтай бэлгүүд худалдаалагдах аж. Мөн мөсөн хотхон болоод гадаа талбайд дулаацах боломжтой паар байрлуулах гэж байгаа юм.

Энэ талаар Төв талбайн тохижилтын талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад “Энэ жилийн хувьд бусад жилүүдээс онцлог зүйл ихтэй. Талбайн чимэглэлийг "Green fest-2022" төслийн хүрээнд Элчин сайдын яамд, Үндэсний зарим компаниуд хамтран бүтээж байна. Тохижилтын ажил одоогоор дуусаагүй байна. Шинэ жилд зориулсан Төв талбайн дээрх тохижилтын ажлыг арванхоёрдугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөсөн. Дууссаных нь дараа Төв талбайг зорин ирэх иргэдэд халуун уух зүйл зэргээр үйлчлэх зорилгоор дээрх задгай мухлагуудыг байрлуулсан" гэв.

Тус үйл ажиллагаанд хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцон олон төрлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа аж. Тухайлбал, Монгол брэндийн ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ жилийн гоёл чимэглэл, гацуур мөн эх орны хөрсөнд тарьж ургуулсан аньс чацаргана, зөгийн бал, цагаан идээ зэрэг багтжээ.

 

УРЛААЧДЫН ХИЙСЭН МӨСӨН УРЛАЛ ДЭЭР ЖАГСАГЧИД ЗОГСОЖ, ЭМТЭЛЖЭЭ

Төв талбай дээр ирэхэд бас нэгэн харамсмаар харагдсан зүйл бол мөсөн урлал байлаа. Жагсаал болохоос өмнө энд урлаачид нэлээд шуурхай ажиллаж, мөсөн гулгуурын их бие тавигдсан гэхэд болохоор харагдаж байсан. Уран барималч Э.Энхбаатар “Бидний хийсэн эдгээр уран бүтээлийг битгий л эвдэлж гэмтээгээрэй” хэмээсэн нь саяхан. Гэтэл өнөөдөр энд ажил явагдах нь бүү хэл, урлаачдын хийсэн бүтээл дээр жагсагчид гарч зогсон, эмтэлсэн байв.

Төв талбайн эл тохижилтод 50 гаруй уран бүтээлч ажиллаж байгаа юм.

Тус арга хэмжээний хүрээнд талбайд сайн дурын гурван хэсэг ажиллаж буй. Үүнд, “Дулаахан өвөл” гээд хэрэглэдэггүй зүйлсээ хэрэгтэй нэгэнд бэлэглэх хайрцаг ажиллаж байна. Энд цугласан зүйлсийг тараах үйл ажиллагаа зохион байгуулна. Мөн эндээс ирээд хэрэгтэй зүйлсээ авах боломжтой. “Шидэт өвөл” номын байшин ажиллаж байна. Энд хуучин номоо хандивлах хэсэг.

Эндээс дуртай номоо ирж авах боломжтой. “Ногоон хүсэл” хүүхдүүдийн хүслийн хайрцаг, зураг авхуулах хэсэг байна. Энд хүслээ бичсэн хүүхдүүдийн биелэх боломжтойг нь зохион байгуулагчдын зүгээс биелүүлнэ. Мөн энэ сарын 30-ыг хүртэл орой бүр 19-20 цагийн хооронд арга хэмжээ зохион байгуулна. Орой бүр флашмоб бүжиг зааж, урлагийн тоглолт үзүүлэх бөгөөд халуун уураар үзэгчдийг дулаацуулах аж.

Дашрамд дурдахад, Төв талбайн том гацуурыг тун удахгүй засна гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.83.175) 2022 оны 12 сарын 07

ИЙМ ХОГ ТАЛБАЙД ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ, ТА НАР ИНГЭЖ ДЭМИЙРЧ БАЙХААР ТҮМЭН ОЛОНД НААЛДАЦТАЙ ЮМ ХИЙ

0  |  0
Top