Жагсаалын үймээнд хүүхдийн бүтээл өртөх ёсгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

Нийслэлийн төв талбайд өрнөсөн ард түмний эсэргүүцлийн жагсаал олон шүүмжлэл дагууллаа.

Жагсаалыг хутган үймүүлэх гэж далд зорилготой ирсэн хэсэг бүлэг хүн тэнд байх авч өөрсдийн сэтгэлийн дуудлагаараа ирж шаардлага хүргүүлэх гэсэн олон мянган хүн хөхөө өвлийн хүйтнийг үл ажран жагсав. Энэ удаагийн жагсаалын хоёр дахь өдөр үймээн самууны шинжтэй болж эхэлсэн нь төв талбайд зассан сүрлэн гацуурыг шатаасан явдал.

Талбайд байршуулсан гацууруудыг хийх ажлыг НҮБ, НҮБ-ын хүүхдийн сан, Мөнгөн цой, WWF, ZSL зэрэг 16 байгууллага хамтран зохион байгуулсан. Ингэхдээ сайн дурын ажилтан хүүхэд багачууд хаягдал материал цуглуулж гараараа гацуур хийсэн юм. Өөрсдийн бүтээлээ шинэ жилийн баярыг тохиолдуулан төв талбайд байршуулсныг харсан багачууд хэчнээн баяр хөөртэй байсан бол.

“Нүүрсний хулгайчдыг зарла” хэмээн шаардлага тавьж эхлүүлсэн жагсаал эцэстээ агуулгаасаа хальж, бусдын хөдөлмөрийг хорлосон ажил болж буй нь тун харамсалтай.

2008 оны долоодугаар сарын 1-ний өдрийн жагсаалын үеэр уурсаж бухимдсан иргэд МАН-ын байр луу дайрч галдан шатаах явцдаа тус барилгатай ойрхон байсан Монголын уран зургийн галарей руу дайрч орохдоо түүхэн бүтээлүүдийг галдан шатааж, дахин сэргэхээргүй гэмтээж байсан түүх бий. Жагсаж цугласан олон нийт уурсаж бухимдахдаа эд зүйл эвдлэх, хоорондоо маргалдах, эмх замбараагүй байдал үүсгэх нь “үймсэн олны сэтгэл зүй” хэмээх үзэгдэл гэж улс төрийн шинжлэх ухаанд тайлбарладаг.

Гэвч бид бүхэн юуны төлөө тэмцэл өрнүүлж буйгаа тунгааж бусдын оюунаа шингээж, сэтгэлээ гаргаж хийсэн ямар ч хэлбэрийн бүтээлийг тайван орхиж сурах хэрэгтэй. Төр ,засгийн тэргүүнд байгаа албан тушаалтнуудын хийсэн хэрэг, амьдрал өдрөөс өдөрт доройтож буйд бухимдах зэрэгт хүний гараар бүтсэн эд зүйл ямар гэмтэй вэ.

Магадгүй бид өнөөдөр гацуур шатааж бухимдлаа илэрхийлсэн ч хэдэн өдрийн дараа “ёолкдох” гээд энд тэнд гүйлдэж л байж мэднэ. Шинэ он гарсан ч, сар шинийн баяр болсон ч үзэл санаандаа тууштай байж эхлүүлсэн тэмцлээ үр дүнд хүргэдэг байгаасай. Өнгөрсөн хаврын жагсаал шиг молиго үмхэж үлдээд хэмнэлтийн хэмээх хуулиа хэрэгжүүлж буй эсэхийг нь ч мэдэхгүй шилний цаанаас чихэр долоож зогсохгүй л юм сан.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ МЭНД

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top