Баянхонгор аймгийн 9 сум зудын нэн их эрсдэлтэй байна

2023 оны 02 сарын 02

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Баянхонгор аймагт ажиллах үеэр Онцгой комиссын хуралдааныг зохион байгуулж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалт болон цаг үеийн асуудалтай танилцлаа.

Тус аймгийн хэмжээнд зуншлага нийт нутгийн 5 хувьд нь сайн, 50 хувьд нь дунд, 45 хувьд нь  муу үнэлэгдсэн тул өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс бэлтгэн ажилласан.

Түүнчлэн зудын эрсдэлийн үнэлгээг 9, 10 дугаар саруудад 20 сумын нутаг дэвсгэрт хийхэд 9 сум нэн их эрсдэлтэй, 6 сум их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн бөгөөд Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар баг, Баянбулаг, Баян-Овоо, Галуут, Гурванбулаг, Жаргалант, Заг, Өлзийт, Эрдэнэцогт сумдад цасны зузаан 0-9 см байгаа бөгөөд өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна.

Мөн тус аймгийн нутагт Архангай, Говь-Алтай, Завхан, Өмнөговь аймгуудын 14 сумын 188 өрхийн 55996 мал отроор өвөлжиж байгаа бол тус аймгаас бусад аймгийн нутагт 196 өрхийн 50572 мал отроор өвөлжиж байгаа юм.

Өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлэх, иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх, оторчдыг эргэх, цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий “Зуд, өвөлжилт хүндэрсэн үед ажиллах шуурхай штаб”-ыг байгуулан сум, орон нутгийн “Шуурхай штаб”-ыг удирдлагаар ханган ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Бригадын генерал Б.Ууганбаяр энэ үеэр малчдад үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулж, холбогдох мэргэжлийн албад, байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллах талаар үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top