Сонгинохайрхан дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлөөс 2022 онд зохион байгуулсан үйл ажиллагаа, сайн туршлагыг сурталчлах, солилцох, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлыг хэлэлцэх зорилгоор өнөөдөр /2023.02.03/ туршлага солилцох арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн гишүүд, Нийслэлийн есөн дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон Эвт гурван тулгуур ТББ, Хүүхэд гэр бүлийн тэгш хөгжил ТББ-ын төлөөллүүд оролцов. Арга хэмжээний хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дээрх төлөөллийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлөөс зохион байгуулсан үйл ажиллагаа болон 2023 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудыг танилцуулж, санал солилцлоо.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлөөс 2023 онд зургаан чиглэлээр 31 хөтөлбөр арга хэмжээ хэрэгжихээр төлөвлөгдсөн бөгөөд Дэд бүтэц, мэдээллийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Боловсролын үйлчилгээг сайжруулах, Соёл урлаг, спортын үйлчилгээг сайжруулах, Салбар зөвлөлийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн юм.
Уулзалтын дараа арга хэмжээнд оролцогчид Сонгинохайрхан дүүргийн Нутгийн захиргааны ордон дахь гэрлэх ёслолын өргөө, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Ерөнхий боловсролын 9-р сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн танхим, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сэтгэгдэл ( 0 )