Газар хөдлөлтийн дараах ГАЙХАМШИГ ба УЙ ГАШУУ

2023 оны 02 сарын 09

Сири, Туркийн хилийн ойролцоо 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлснөөр амь үрэгдсэн хүний тоо 10 мянгад хүрнэ гэж Анкарагийн албаныхан мэдээлж байна. Гамшгийн дараа нурангид дарагдсан нэгэн эх эсэн мэнд амаржиж, охин төрүүлсэн нь олон хүнд итгэл найдвар төрүүлжээ. Сирийн хойд хэсгийн Жиндаярис гэх жижиг хотод дөрвөн давхар барилгын нурангиас дөнгөж төрсөн нярайг тоос, шороонд холилдсон байдалтай гаргаж авсан бичлэг цацагдсан юм.

Эх, хүүхдийг газар хөдлөлтөөс 10 гаруй цагийн дараа гэр бүлийн гишүүд нь олж аварч гаргасан бөгөөд хүйгээрээ холбогдсон хэвээр байжээ. Эх Хану Маароуф “Тэд дахиад нэг цаг л хоцорсон бол хүүхэд эндэх байсан” гэж ярьжээ. Харамсалтай нь, газар хөдлөлтөөр Ханугийн ээж, аав, авга болон дөрвөн ах, эгч, дүү нь амиа алдсан байна. Бие нь нидрэгдэж хөхөрсөн, энд тэндээ зүсэгдсэн нярайг ойролцоох Африн тосгоны эмнэлэгт хүргэн, инкубаторт оруулжээ.

Үүнээс гадна алдарт “Челси” багийн тамирчин асан Кристиан Ацу нурангиас эсэн мэнд аврагдсан байна. Өдгөө 31 настай хөлбөмбөгч Ацу газар хөдлөхөд барилгын 9 давхарт байсан аж. Эхнэр, гурван хүүхэдтэй түүнийг спортын найруулагчийн хамт нурангиас татаж гаргасан байна. Ацу 2013 онд “Челси” багаас 3.5 сая фунт-стерлингээр “Порто” багт шилжсэн аж.

“Биднийг эндээс гаргаач? Би таны боол чинь болъё

Сирийн хойд хэсэгт барилгын нурангид хавчуулагдсан хоёр хүүхдийг газар хөдлөлтөд гэр нь нурснаас 36 цагийн дараа аварч гаргажээ. Дүүгийнхээ толгойг биеэрээ хамгаалан доошоо харж хэвтэх бяцхан охин аврагчдыг хараад амь гуйн орилсон байна. Тэрбээр “Биднийг эндээс гаргаач? Би хүссэн болгоныг чинь хийе. Би таны боол чинь болъё” гэж хэлэх нь зүрх зүсэм. Хариуд нь аврагчид “Үгүй дээ, Чи тэгэх хэрэггүй” гээд татан гаргасан байна. Охины нэрийг Мариам гэдэг бөгөөд дүүтэйгээ хамт орныхоо дор дарагдсан мэт байжээ. Дүүг нь Илааф гэдэг бөгөөд “хамгаалагч” гэсэн утгатай ислам нэр аж.

Үүний зэрэгцээ нурангид дарагдан нас барсан охиныхоо гарыг атган суугаа эцгийн зураг олон хүний зүрхийг шимшрүүлэв. Турк улсад агаарын температур Цельсийн 2 хэм болж унаж байгаа энэ үед нурангид даруулсан хүмүүс амьд үлдэх магадлал улам багассаар байна. Месут Хансер гэгч эрэгтэй өсвөр насны Ирмак охиныхоо гарыг атган, цочролд орсон байдалтай сууж байгаа зургийг Туркийн улстөрч шэйрлэжээ. Охин нь нурангид даруулан амиа алдсан бөгөөд бяцхан гар, нүүрнийх нь хэсэг ил харагдах аж.

ezgif.com-webp-to-jpg (2)

Мөн Гласгов хотноо турк ресторан ажиллуулдаг Тейфик Камбер газар хөдлөлтөөр гэр бүлийн долоон хүнээ алдсан гэж орон нутгийн хэвлэлд ярьжээ. Тэрбээр Туркийн Элбистан хотод суугаа гэр бүл, найз нөхдийн 20 хүнээс холбоо тасарсан бөгөөд тэднийг амиа алдсан байх вий гэж шаналж суугаа аж. Тэрбээр 20 жилийн өмнө Шотландад ирж суурьшсан байна. Түүний хоёр ах гэр бүлийнхээ хамт амиа алджээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы мэдээлснээр, тус улсын 85 сая хүн амын 13 сая нь газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн байна. Энэ нь сүүлийн 100 жилд болоогүй хүчтэй газар хөдлөлт байсан бөгөөд 10 гаруй мужид гурван сарын хугацаатай онц байдал зарлажээ.

Эх сурвалж: SKY NEWS, FOX NEWS, REUTERS

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.31) 2023 оны 02 сарын 09

Сэтгэл өвдөж байна харамслаа илэрхийлий .

0  |  0
Top