Энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 16

БХИС-ийн харьяа Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгээc “Төрийн цэргийн болон цагдаагийн байгууллагын эмэгтэйчүүд энхийн үйлсэд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Хурлын үеэр ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа П.Чимэдцэрэн “Онцгой байдлын байгууллагын эмэгтэй алба хаагчид энхийн үйлсэд” судалгааны үр дүнг танилцуулсан юм.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй энхийг сахиулагчдын төлөөлөл оролцож, эмэгтэй цэргийн алба хаагчдын энхийн үйлс, аюулгүй байдлын салбар дахь өнөөгийн үүрэг, оролцоонд дүн шинжилгээ хийж, тэдний гүйцэтгэх үүргийг өргөжүүлэх, энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоог нэмэгдүүлэх арга замын талаар хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс “Монгол Улс 2027 он гэхэд энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн оролцоог 15 хувь хүртэл нэмэгдүүлэх” тухайгаа онцлон тэмдэглэсэн. Мөн Монгол Улсад зохион байгуулагдсан “Эмэгтэйчүүд энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын хурлын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийн ажиллагааны газрын дарга Жан Пьер Лакруа “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” өргөн хүрээний чиг үүргийг гүйцэтгэх зорилтын хүрээнд тодорхой бодлого боловсруулан, хэрэгжилтийг хангах”-ыг гишүүн орнууддаа уриалсан.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын төр засаг, БХЯ, Зэвсэгт хүчний удирдлага эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог шат дараатайгаар нэмэгдүүлж байна.

Тухайлбал, Монгол Улсын Зэвсэгт хүчин 2006 онд анхны эмэгтэй цэргийн алба хаагчаа Баруун Сахар дахь энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс хойш энэ тоо 1000-д хүрээд байна.

Энэ нь Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүний багагүй хувь, мотобуудлагын батальоны 7 хувийг тус тус эзэлж байгаа бөгөөд тус үзүүлэлтээрээ энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээдэг НҮБ-ын гишүүн 112 улсаас 17 дугаарт, Зүүн хойд Азийн орнуудын дунд 1 дүгээрт тус тус эрэмбэлэгдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top