Ардчилал гээд хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна гэсэн зах зээлийн нийгмээ төр зохицуулдаг байя гэлцсэн. Үндсэн хуулинд ингэж тусгасан, өнөөдөр Монголын нийгэм юун хүнлэг энэрэнгүй байхав, харин ч бүр хүүхэд нялхас, ахмад өвгөддөө халгайтай, харгис хахир болох нь өдөр цагаар хэмжигдэх бодлоо.
Хүний санаанд оромгүй хачин, аймшигтай гэмт явдал байнга гарч, бага насны хүүхэд хулгайн хэрэгсэл болсон нь талд бэлчээрлэх, мал хулгайлахаас хялбар болж. За энэ ч яахав, үхсэн хохирсоны хохь биз. Үлдэгсэд ямар их үйлээ үзэж, үгээ барж, үсээ үгтээж, үглэж яншиж явааг хараад, нөгөө хүнлэг энэрэнгүй нийгэм гэх үндсэн хуулийн үг санаанд буугаад, нар ч ургахгүй, сар ч гарахгүй амьдрал харанхуйлаад байх шиг л санагдах боллоо гэцгээх хөгшдөө сонсоод өрөвдөх, сэтгэл шимширч, зүрх өвддөг болов.
Өнөөдөр Монголд, ялангуяа Улаанбаатарын олон төрлийн дэлгүүр, мухлагаас эхлэн хэл ээдрэм гадаад нэрэндээ булуулсан худалдааны төвүүд, өглөө, өдөр, орой гурван удаа үнэ нэмж, ард олон үйлчлүүлэгчдийнхээ урмыг хугалж байгаа нь бид нэг л зөв нийгэм байгуулж зөөлөн төртэй байж чадсангүй дээ гэх гоморхол төрнө.
Нөгөө талаар элдэв хууч өвчиндөө ээрэгдсэн хүүхэд нялхас, хөгшид өдөр бүр эмийн сангаас авдаг эмийн үнийн гайхмаар хурдтай өсөлтөд дарлуулж, авдаг хэдэн тэтгэвэрийн орлого нь алиндаа ч хүрэхгүй болох нэгэн бодлын амьдралын гамшигтай байдал тохиосон үедээ ч бие сэтгэл өвдсөн ч хайр энэрэл хаачив гэж нарандаа залбирах нь энүүхэнд болсон. Энэ цагийн эргүүлэгт автсан хүмүүс мах, гурил, сүү, эм зэрэг хэрэглээний үнийн галзуурал, солиорол шиг хайр найргүй өсөлтөд нам цохиулан, яг суудаг болсон нь гайхшрал төрүүлж, гай чирдэг болов оо. Монгол төртэй юм бол бидний байгуулсан төр засаг, захиргаагүй ардчилал, зэвсэгтэй юм шиг зах зээлээсээ айдаг юм уу.
Хэрэглээний үнэд зохицуулалт хийж, журам тогтоож чадахгүй нь Монгол Улс төргүй, засаглалгүй юм шиг харагдуулах нь юуных вэ. Дэргэдээ сая сая ард иргэдтэй, дээрээ төр засагтай юм бол үнэ ханшийн галзууралд төрийн “вакцин” хийж, түмнээ аврах болоогүй гэж үү.
Ц.ЯДАМСҮРЭН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )