Хүчиндүүлж буй ирээдүй

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 09

Өнөөдөр манай улсад шууд утгаараа хүчингийн гэмт хэрэг асар ихээр гарах болов. Тэр тусмаа бага насны охидыг бузарлаж, улмаар амь насанд нь халдах байдал хэрээс хэтэрч, нийгмийн сүлжээгээр хэсэгтээ бужигнаад сүүлдээ байх л ёстой зүйл мэтээр хүлээж авах нь холгүй байна. Бүр сүүлдээ хурган дарга нар нь улс дамнан хүчингийн хэрэгт холбогдоод улс орныхоо нэр нүүрийг барж явна.

Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид ихэвчлэн нуугдмал байдгаас үүдэн гэмт хэрэгтнүүд даварч, бузар үйлдлээ олон жил дамжин үйлддэг. Хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн сүлжээгээр гэмт хэрэгтэнийг нь бус хохирогчийг нь ихэвчлэн гаргадаг нь эргээд тэдэнд асар их сэтгэлийн дарамт ч болж байна. Тиймээс л тэд цагдаагийн байгууллага, олон нийтээс тусламж гуйхыг бус, чимээгүйхэн өөрт учирсан зовлон шаналал, яргалалыг тэвчин өнгөрөөх замыг сонгодог биз.

Харин зориг зүрх гаргаад хуулийн байгууллагад хандсан нэгнийг нутаг нуга, гудамж хорооллоороо танихыг оролдож, гэмт хэрэгтнээс илүү нүд үзүүрлэнэ. Эсрэгээрээ гэмт хэрэгтэнд шүүхээс хэтэрхий сул ял оногдуулж, хэдхэн жилийн дараа суллагдаж байна. Шоронгоос гарангуутаа өнөөх бузар үйлээ давтан хийсэн жишээ үүнийг нотолно. Улайрсан гэмт хэрэгтнүүд нь махан биеэр нь хүчирхийлж байхад улстөрчид нь энэ тал дээр анхаарал хандуулж, хуулийг нь чангатгалгүй бие сэтгэл ирээдүйг нь хүчирхийлж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top