Хөвгүүдээ зөв хүмүүжүүлье

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 06 сарын 10

Хүчирхийллийн гэмт хэрэг гарсны дараа л нийтээрээ үзэн ядах том давлагаа үүсэх юм. Уг нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь бүх нийтийн ажил баймаар байна.

Хүүгээ, охиноо, хүүхдээ зөв хүмүүжүүлдэг  болмоор байна. Хүчирхийлэгч харь гаригаас гэнэт хүрээд ирдэггүй. Түүнд ээж аав бий, тэр бидний хэн нэгний үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсдийн нэг байгаа шүү дээ. Хөвгүүд яах вэ, эр хүн юм чинь болно, охиноо л сургууль бараадуулна гэсээр нэг хэсэг тэднийхээ боловсролыг орхигдуулсан. Түүнийг дагаад хүмүүжил, төлөвшлийг алдагдуулсан. Одоо ч түүнийх нь гор арилаагүй л байна. Хөвгүүдийнхээ хүмүүжилд анхаарахгүй, тэднийгээ сонсохгүй, ярилцахгүй атлаа хүчирхийлэл үйлдэж гэнэ гэхээр пөөх, паах гэнэ. Цаазал, цааш нь харуул гэлцэнэ.

Хөвгүүдээ багаас нь зөв хүмүүжүүлж, ирээдүйд өрхийн тэргүүн, хүний сайн хань, үр хүүхдийн эцэг болно, үүрэг хариуцлага хүлээнэ  гэдгийг ойлгуулж өсгөдөг баймаар байна.

Үр хүүхдээ сайхан өсгөж, тэд нь сайхан гэр бүл болж, өнөр өтгөн яваа, ийм эцэг эхчүүд олны дотор олон л байгаа. Үр хүүхэддээ үлгэрлэх бүү хэл салж сарниж, өнчрөл хагацалд унагаж, хүчирхийлэлд түлхэж байгаа нь байна. “Хүчирхийллийн эсрэг тэмцэнэ, хүчирхийлэгчийг өөгшүүлэхгүй” гэсэн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг нь ч байсаар. Энэ бүхэн явсаар, эхнэрээ зоддог, эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг нь хүүхдээ хүчирхийлдэг байдал руу шилжлээ.

Үр хүүхдээ, эхнэрээ, охиноо хүчирхийлдэг эрчүүд өөрийгөө “Тэнгэрлэг заяатай, Чингисийн Монгол” хэмээн цээжээ дэлдэх нь ямар  бахархал байх вэ дээ, харин ч гутамшиг гэдгийг мэдрэхээ байлаа. Хурдан моринд нугасгүй эрчүүд маань азарганаас ч ухаан муутай болсон байна. Монгол Улс хүүхдийн хүчирхийллээр бол бараг л тэргүүлэгч орон болчихлоо. Хүчирхийлэл газар авчээ, манай танайгүй, хаана ч хамаагүй, хэн ч хамаагүй л болж дээ. Хамгийн сүүлд л гэхэд орон нутгийн төрийн захиргааны албан хаагч БНСУ-д орчуулагчаа хүчирхийлсэн гэмт хэрэг өдүүллээ. Үүний өмнө Үндсэн хуулийн цэцийн дарга нь олон улсын хуралд оролцохоор  Солонгосын иргэний агаарын тээврийн онгоцоор зорчихдоо  үйлчлэгч эмэгтэйн өгзгийг илсэн гэх шившигт хутгалдсан. Монголын төрийн түшмэлүүдийн энэ мэт цадиггүй авирын талаар Солонгосын телевизүүд хэдэн өдөр цацлаа. Өнөөдрөөс эхлэн тус улсад хараар болон гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн дунд шалгалт явуулах, визний зөрчилтэй бол яаралтай буцаах арга хэмжээг эхлүүлж байна. Энэ нь гэмт хэрэг ихэссэнтэй холбоотой, тухайлбал, тус улсад Монголоос сурахын хажуугаар ажил хийхээр очсон 20 настай монгол залуу эмэгтэйчүүдийн  00-ын дээрээс гар утсаараа зураг дарсан гэмт  хэрэг өдүүлжээ.

Хөвгүүдээ зөв хүмүүжүүлэхгүй л  бол “me too”  хөдөлгөөнд мянга нэгдээд үр дүн гарахгүй нь ээ, ээжүүд ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
x(64.119.16.184) 2023 оны 06 сарын 11

ohiduudaa ch bas! yum bolgond tegeed erchuuded l buruu ugdug bizdee

2  |  0
Ц(66.181.160.99) 2023 оны 06 сарын 11

Эмэгтэй хүн ч адилхан хүчирхийлэгч байна Эр эм гэхгүй бүх хүүхдээ сайн хүмүүжүүлье

1  |  0
Top