БЗД: Нийтлэг үйлчилгээний газруудыг хувийн хэвшилд шилжүүлнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 23

Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар Нийтлэг үйлчилгээний газар-1,2,3,4 ОНӨААТҮГ-уудыг татан буулгах шийдвэр гаргасан. Энэ талаар дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ

Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй НҮГ-1,2,3,4 ОНӨААТҮГ нь өнөөдрийн байдлаар хог ачилтын 58 машинаар жилдээ 38 рэйсээр, 103 мянга орчим тонн хогийг ачиж, тээвэрлэдэг. Энэ үйл ажиллагааг хийхэд 185 орчим хог ачигч, жолооч, ажилтан алба хаагчид ажилладаг.

58 машины 48 хувь буюу 28 машин нь актлагдах шаардлагатай ч үйл ажиллагаагаа зогсолтгүй үргэлжлүүлдэг ч иргэдийн зүгээс хог ачилтын ажилтай холбоотойгоор өдөр бүр санал, хүсэлт, шүүмжээ илэрхийлдэг. Тийм ч учраас Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар дээрх НҮГ-үүдийг татан буулгаж хувийн хэвшилд шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр төр данхайсан бүтцээсээ салж, хувийн хэвшилтэйгээ хамтарч дүүрэг, орон нутагт тулгамдсан хогны асуудлыг шийдвэрлэх боломжтойгоос гадна, хог тээврийн үйл ажиллагаанд өрсөлдөөн өрнөж, үүнээс үүдэн парк шинэчлэлтийн ажлууд эрчимжиж Баянзүрх дүүрэг, цаашлаад Нийслэл Улаанбаатар хот хогноосоо салж чадна гэж үзлээ" гэсэн юм.

Дээрх гаргасан шийдвэр нь Улаанбаатар хотын 9 дүүргээс хог тээврийг хувийн хэвшилд шилжүүлж буй анхны тохиолдолд бөгөөд, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжсэн чухал шийдвэр гэж дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид үзлээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top