ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 06

Өнөөдөр 2023.09.06. Билгийн тооллын 11. Монгол эх оронд маань нар 06 цаг 16 минутад мандлаа, 19 цаг 25 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 28 хэм, шөнөдөө 9 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Болгарт Нэгдлийн өдөр, Эсватинид Тусгаар тогтнолын өдөр, Чилид Үндэсний нэгдмэл байдлын өдөр.

Энэ өдөр Унгарын шатарчин Золтан Рибли, Оросын хөлбөмбөгч, дасгалжуулагч Александр Тарханов, Португалын Ерөнхий сайд асан Жозе Сократеш, Их Британийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Идрис Эльба, Оросын гимнастикч, олимпын хүрэл медальт Анна Павлова, Америкийн дуучин Ашер Энжел зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1926 оны энэ өдөр МАХН-ын V их хурал хуралдав. 181 төлөөлөгч оролцсон уг хурлаар БНМАУ-ын эдийн засаг, соёлын талаар намаас тавих зорилтыг тодорхойлжээ.

1939 оны есдүгээр сарын 6-10-нд ЗХУ болон Япон улс хэлэлцээ хийж, гал зогсоох дипломат тохиролцоонд хүрсэн байна. Ийнхүү Халх голд дөрвөн сар үргэлжилсэн дайн дуусгавар болсон юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1952 оны энэ өдөр Женевд Дэлхийн зохиогчийн эрхийн конвенцыг батлав.

1968 оны энэ өдөр Свазиленд тусгаар улс болж, хаанаар нь II Собхузаг өргөмжилжээ.

1976 оны энэ өдөр Зөвлөлтийн нисгэгч Виктор Беленко “Миг-25П” сөнөөгч онгоцоор зугтан Японд газардаж, тэндээсээ АНУ-аас улс төрийн орогнол хүсжээ.

1987 оны энэ өдөр Балтиморд анх удаагаа мэс заслын аргаар сиамын ихрүүдийг салгав.

2009 оны энэ өдөр Филиппиний ойролцоо “Суперферри 9” хөлгийн сүйрлээр 9 хүн амиа алджээ.

Өнөөдөр үс засуулвал сайн, идээ ундаа элбэг олдоно.                     

Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх авах, үнэт эрдэнийн зүйл авах, унаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүд боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол зүүн хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top