
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс цаг үеийн асуудалтай холбогдуулан албан ёсны мэдэгдэл гаргалаа.
Уг мэдэгдэлд "Мэдээллийн www.neguun.mn сайтын сэтгүүлч, сурвалжилгын багийг 2026 оны 03 дугаар сарын 19 өдрийн 16:00 цагийн орчим албан ажлаа гүйцэтгэж явах үед Эрүүгийн цагдаагийн ажилтан гэх хүмүүс хүч хэрэглэн авч явсан үйлдэл нь хэвлэн нийтлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах сэтгүүл зүйн мэргэжлийн үүрэг, эрх ашгийг ноцтой хөндсөн явдал тул энэхүү албадлагын арга хэмжээний талаар Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Нийслэлийн прокурорын газраас холбогдох тайлбар, мэдээлэл өгөхийг МСНЭ шаардаж байна.
Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах болсон гомдол цагдаагийн байгууллагад ирсэн эсэх, тухайн сайтын хэвлэн нийтэлсэн мэдээ, мэдээлэлтэй холбоотой гомдлыг редакцын, эсвэл сэтгүүлчийн нэр дээр ирүүлсэн эсэх, гомдлоор хэрэг үүсгэсэн болон тайлбар авахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн, албадан ирүүлэх үндэслэл бодитой эсэх талаар мэдээлэл, тайлбарыг хэвлэл мэдээлэлд нээлттэй байдлаар нэн даруй өгөх нь зүйтэй гэж үзэж байгаагаа мэдэгдье.
Түүнчлэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж буй болон албадан аваачих ажиллагаа хууль, журмын дагуу явагдсан эсэхэд ямар хяналт тавьж байгаа талаарх мэдээллийг нээлттэй болгохыг шаардахын зэрэгцээ Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх, тэр дундаа хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хууль бусаар хязгаарлах, хүч хэрэглэх үйлдлийг хүлцэн тэвчих боломжгүй болохыг эрс хатуу мэдэгдэж байна" гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )