
Хүүхдийн эрхийг тайзнаа: Театр бол эрх, Театр бол Боловсрол, Хүүхэд Залуучуудын дуу хоолой болон оролцоо, аз жаргалыг түгээх алхалт.
3-р сарын 20-ны Дэлхийн хүүхдийн театрын өдөр болон 3-р сарын 21-ний Дэлхийн хүүхэлдэйчдийн баярын өдрийг тохиолдуулан “ХҮҮХДИЙН ЕРТӨНЦӨӨР ХАМТДАА” уриан дор олон нийтэд нээлттэй “Театр амилуулах алхалт” арга хэмжээг АССИТЕЖ Монгол НҮТББ-аас санаачлан театр урлагийн байгууллагууд, эцэг эх, хүүхдүүд, уран бүтээлчид, хүүхдийн төлөө байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Сүхбаатарын талбайгаас Хүүхэлдэйн театр руу алхсан энэхүү парад алхалт нь театрын ач холбогдлыг таниулах нөлөөллийн арга хэмжээ байснаас гадна хүүхэд залуучуудын урлагаар дамжуулан суралцах, өөрийнхөө дуу хоолойг өргөх, оролцох эрхийг олон нийтэд таниулах зорилготой аж.
Мөн тус арга хэмжээ нь хүүхдийн дотоод ертөнцийг ойлгох, тэдний дуу хоолойг сонсох, урлагаар дамжуулан нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэж байгаагаараа онцлог юм. Судалгаа, туршлагаас харахад хүүхэд баяр баясгалантай, мэдрэмжээ аюулгүй илэрхийлж чаддаг орчинд өсөх нь тэдний сэтгэл зүй, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг. Харин ийм орчныг бүрдүүлэхэд театрын урлаг онцгой үүрэг гүйцэтгэдэг билээ.







Сэтгэгдэл ( 0 )