Авто замын нэгдүгээр эгнээгээр скүүтэр зорчих боломжийг бүрдүүлнэ гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

НИТХ-ээс Явган хүний замаас скүүтэрийг бүрэн гаргах бодлого баримталж байна. Үүний хүрээнд авто замын нэгдүгээр эгнээгээр скүүтэр зорчих боломжийг бүрдүүлэх, тэмдэг, тэмдэглэгээг нэмэлтээр хийх боломжтой авто замыг судалж, шийдэл боловсруулах шаардлагатай. Үүний тулд ирэх долоо хоногт Ажлын хэсгийнхэн скүүтэр түрээслээд, иргэд хаагуур, ямар замаар явж байна, тухайн замаар зорчиход ямар саад бэрхшээл тулгарч байгаатай биечлэн танилцана. Амьдралд нийцэх шийдвэр гаргахын тулд авто зам дээр ажиллана гэлээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Ичинхорлоо “Дүүргүүдээс ирүүлсэн саналд үндэслэн энэ онд нийт 94.1 км урттай явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна. Үүнд Баянзүрх дүүрэгт 18.2 км, Сүхбаатар дүүрэгт 29.8 км, Чингэлтэй дүүрэгт 12.5 км, Баянгол дүүрэгт 15.6 км, Хан-Уул дүүрэгт 13.9 км, Сонгинохайрхан дүүрэгт 4.1 км зам тавих боломжтой гэж үзсэн” гэв.

Мөн авто замын нэгдүгээр эгнээгээр скүүтэр зорчих боломжийг бүрдүүлэх хүрээнд Их тойруу доторх 31 гудамжинд тэмдэг, тэмдэглэгээ хийхээр төлөвлөсөн бөгөөд уг замуудын өргөнийг 80 см-ээс доошгүй байхаар тооцоолжээ. Одоогоор ийм төрлийн 101.4 км замын боломжит сүлжээгээр иргэд зорчиж байна гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top