Боловсролын сайд Л.Энх-Амгалан: 2026 онд 33 шинэ цэцэрлэг ашиглалтад оруулна

51 минутын өмнө

2026–2027 оны хичээлийн шинэ жилийг угтан хэрэгжүүлэх бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар мэдээлэл хүргэлээ.

Уулзалтын үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026–2028 онд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, боловсролын салбарын цаашдын зорилт, хүрэх үр дүнг онцоллоо.

Тухайлбал, 2026 онд 33 шинэ цэцэрлэг ашиглалтад оруулж, алслагдсан бүс нутагт амьдарч буй малчин өрхийн хүүхэд бүрд хувилбарт сургалтын үйлчилгээг хүргэнэ. Ингэснээр 2–5 насны нийт хүүхдийн 98 хувийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилтыг хэрэгжүүлнэ.

Мөн багшийн дутагдлыг арилгаж, багшийн ажлын ачааллыг 30 хувиар бууруулах, хүүхдийн танин мэдэхүй, бие бялдар, сэтгэл хөдлөлийн хөгжлийн түвшинд ахиц гаргах, хоцрогдлыг бууруулахад анхаарна.

Цаашлаад ногоон, эрүүл, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг цэцэрлэгийн шаардлагыг хангасан сургалтын орчныг бүрдүүлж, бүх хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулах замаар эрүүл мэндийн индексийн түвшинд ахиц гаргахаар төлөвлөж байна.

Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй хүүхдүүдийн шинэ орчинд дасан зохицох, өөртөө итгэлтэйгээр суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хичээлийн жилийн эхний дөрвөн долоо хоногт хэрэгжүүлэх харилцан уялдаатай цогц үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлнэ.

Түүнчлэн судалгааны үндэслэлтэйгээр гэрийн даалгаврыг “10 минутын дүрэм”-д нийцүүлж, хүүхдийн гэрийн даалгаврын ачааллыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлээр суралцагчдын тоог 40 хувиар нэмэгдүүлэх зорилт тавьж, жишиг хөтөлбөрийн 80 хувийг ажил мэргэжлийн стандартад нийцүүлэх, суралцагчдад ногоон ур чадвар олгоход онцгойлон анхаарна.

Уулзалтад Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Мөн боловсролын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй Амин ус, Pearson, Mozaik, Eduten, Chromebook, сурагчийн өдөр тутамд хэрэглэх өдрийн хоол зэрэг ажил, хөтөлбөр, үйлчилгээг иргэд, олон нийтэд бодитоор танилцууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top