Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хүн ам 2.7 сая болсон талаар мэдээлсэн. Үүний 60 гаруй хувь нь 19-59 насныхан буюу хөдөлмөр эрхлэх чадвартай иргэд ажээ. 20, 30 жилийн өмнө бол Монголыг залуусын орон гэдэг байлаа. Харин одоо ид хийж бүтээх эрин дээрээ яваа “хүчирхэг” хүн амтай улс болжээ. Хүн ам зүйн энэхүү таатай мөчлөг эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараанд зэрэгцэн ирсэн нь XXI зууны монголчуудын хувь заяа гэлтэй.
1979 оны байдлаар манай улсын хүн амын 48.5 хувь нь хөдөлмөрийн насных байсан бол 2009 оны жилийн эцсийн байдлаар 66.5 хувьд хүрчээ. Харин 2025 он гэхэд нийт хүн амын 61 хувийг цэвэр хөдөлмөрийн насныхан эзлэх тооцоо бий. Ийнхүү хүн амын насны бүтэц идэршиж, хөдөлмөрийн насны хүний тоо эрс нэмэгдэхийг “хүн ам зүйн цонх үе” гэдэг билээ. Энэ л үед Засгийн газар ажиллах хүчний талаар зөв бодлого баримталбал Монгол Улс Азийн бар бүү хэл дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай улс болоход ойрхон байна. Тиймээс Засгийн газар, НХХЯ-наас хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр баримталж байгаа бодлогыг сонирхлоо.
Үүний тулд эхлээд Монгол Улсын эдийн засаг, хүн ам, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн ерөнхий төлөв, эдийн засгийн байдлын талаар сонирхуулъя. 2011 оны эхний хагасын байдлаар манай улсын эдийн засаг харьцангуй өндөр өсөлттэй гарсан. Санхүү эдийн засгийн хямралтай байсан 2008, 2009 оныг эс тооцвол эдийн засаг жилд дунджаар 8,7 хувиар өсч, нэг хүнд ногдох ДНБ сүүлийн таван жилд 50 орчим хувиар нэмэгджээ. Ирэх онд энэ тоо бүр ч нэмэгдэх төлөвтэй байгаа. Ерөнхий сайд С.Батболдын хэлж байгаагаар, 2012 онд эдийн засаг 25.6 хувиар нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ 6.4 сая төгрөгт хүрнэ. Харин эдийн засагт уул уурхай, хөдөө аж ахуй, бөөний болон жижиглэн худалдаа, тээвэр, агуулахын аж ахуй голлох байр суурь эзлэх ажээ. Ер нь энэ салбарынхны хүчээр л Монгол Улс ДНБ-нийхээ ихэнхийг бүрдүүлдэг гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, 2010 оны байдлаар ХАА-н салбар ДНБ-ний 21,2 хувийг үйлдвэрлэж, нийт ажиллагчдын 34,7 хувь, уул уурхайн салбар ДНБ-ний 22,5 хувь, нийт ажиллагсдын 3,5 хувь нь ажиллаж байв. Эндээс харахад манай улсын хөдөлмөрийн зах зээлийн багтаамж, ажил эрхлэлтийн чанар, ажлын байр нэмэгдэх бололцоо өндөр байгаа юм. Гэхдээ манай улсын эдийн засгийн бүтэц 1990 оноос хойш хүн амын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, байнга өсөж буй хөдөлмөрийн нөөцийг шингээх чадвар муутай явж ирсэн. Улс орон эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд дан ганц макро маягийн өсөлтөд тулгуурлах нь учир дутагдалтай. Тиймээс хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний илүүдэл бий болж тэр хэрээр хөдөө аж ахуй, албан бус секторт түлхүү шингэж, мөн гадаад зах зээл рүү ажиллах хүчний урсгал чиглэж байв. Түүнчлэн Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан мэдээллээр 2011 оноос өмнө эдийн засаг өсөхийн хэрээр хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж байгаагүй гэнэ. Тухайлбал, 2006 онд эдийн засаг 8,5 хувиар өсөхөд хөдөлмөр эрхлэлт 4,3 хувиар өссөн бол 2007 онд эдийн засаг 10,2 хувиар өсөхөд хөдөлмөр эрхлэлт дөнгөж 1,4 хувиар нэмэгджээ. Харин 2011 оныг С.Батболдын тэргүүлсэн Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, нэг жилийн дотор 60 мянган ажлын байр шинээр бий болгох том зорилт тавьсан. Энэ зорилт одоо бодит үр дүнд хүрчээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, НХХЯ-наас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд 60 мянган ажлын байр бий болгох үндсэн зорилгоо биелүүлжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол 2011 онд 63 мянган ажлын байр шинээр бий болоод байгаа аж. Оны эцэс гэхэд энэ тоо нэмэгдэх нь зайлшгүй юм.
Засгийн газар хэрхэн ийм амжилтад хүрэв. Хүмүүс санаж байгаа бол 2008-2009 оны эдийн засгийн хямралын жилүүдэд Засгийн газар ажлын шинээр ажлын байр бий болгоно гээгүй. Харин ажлын байрыг хадгалж үлдэхийг зорилгоо болгож байв. Энэ нь цаг үеэ харсан зөв бодлого болж, ажлын байрны тоо тэр хэрээр хорогдоогүй билээ. Харин хямрал нүүрээ цааш харуулсны дараагаар ажлын байр нэмэгдүүлэх, ажиллах хүчнийг сургах, үйлдвэр дээрх сургалт зэрэг ажиллах хүчний талаар цоо шинэ гэмээр бодлого эхлүүлжээ. Тухайлбал, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар сул, боловсролгүй, хөгжлийн бэрхшээлтэй, мэргэжилгүй, ахимаг насны иргэдийг ажилтай болгоход төрөөс дэмжлэг үзүүлжээ. Жишээ нь, хүү багатай жижиг зээл олгох, барьцаа хөрөнгөгүй иргэдийн хөрөнгийг ЖДҮС-аас бий болгох зэрэг олон арга хэрэглэжээ. Үүнд төрөөс тавих хяналт буюу аймаг, дүүргийн Засаг дарга нарыг хэдэн ажлын байр бий болгов. Ажлын байр нэмэгдүүлэхийн төлөө яаж ажиллав гэдгийг харгалзаж ажлыг нь дүгнэж эхэлсэн нь дээхнэ үед улсад хэчнээн килограмм мах, ноос тушаав, улс төрийн үйл хэрэгт хэр сайн оролцов гэж дүгнэдэг байснаас тэс өөр арга барилыг Ерөнхий сайд С.Батболд хэрэглэжээ. Мөн нийгмийн зөвшилцөл сайжирснаар Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний байгууллагын хооронд зөрчил үүсэх нь багасч, яриа хэлэлцээрээр асуудлаа шийддэг болсон байна. Ингэснээр ажил хаялт, бослого үймээн гэдэг зүйл түүх болсон гэхэд хилсдэхгүй.
Одоо хөдөлмөрийн зах зээлд юу хэрэгтэй байна. Зохистой хууль л хэрэгтэй байгаа. Засгийн газар үүнийг ч зөв мэдэрч хөдөлмөрийн харилцааны шинэ үеийг эхлүүлэхээр зэхэж эхэлжээ. Үүний тулд эхний ээлжид суурь хуулиа өөрчлөхөөр ажиллаж байгаа гэдгийг НХХЯ-ны мэргэжилтнүүд хэлж байна лээ. Жишээлбэл, ажлын байрны чанар сайжруулах, гадаадаас ажиллах хүч оруулах хуулийг шинэчлэх, хөдөлмөрийн харилцаатай холбоотой зөрчил гарсан тохиолдолд хяналтыг сайжруулах, ажиллах хүчнийг сургахыг төрөөс дэмжих, өндөр мэргэжлийн ажилчин бэлтгэх, мэргэжлийн боловсролын хуулийг сайжруулах гэх зэрэг ололттой талууд олон ажиглагдлаа. Эцэст нь хэлэхэд, Монгол Улс байгалийн баялагынхаа хүчээр үсрэнгүй хөгжлийн гараанд ирээд байгаа ч эдийн засгийн өсөлт, хөгжлийг гүйцэх мэргэжилтэй ажилчин, мэдлэгтэй боловсон хүчин юу юунаас чухал байна. Энэ талаар Засгийн газар зөв бодлого баримталж, тодорхой амжилт гаргаж байгаа ч улам бүр өсөн нэмэгдэх ажиллах хүчний эрэлтийг хангах шаардлага цаг тутам тулгамдах нь тодорхой. Тиймээс Засгийн газар 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласныг үргэлжлүүлж 2012 оныг бүр цаашилбал 2020 он хүртэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц бодлого хэрэгжүүлбэл яасан юм бэ. Ингэж байж л “хүн ам зүйн цонх үе”-ийг бүрэн дүүрэн ашиглаж, эдийн засгийн хөгжилтэйгээ хөл нийлүүлнэ шүү дээ.
Х.Түвшинтөгс
Сэтгэгдэл ( 0 )