Найруулагч нөхөртэй жүжигчин эхнэрүүд

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 22

Драмын жүжиг, хошин урлагийн тайзнаас гадна кино дэлгэц, дуу хөгжмийн ертөнцөд ч найруулагч нөхөртэй жүжигчин бүсгүйчүүд давуу эрх эдэлдэг нь нууц биш. Мэдээж хэрэг, найруулагч нөхрүүд нь эхнэртээ тал засч кино, жүжгийнхээ гол дүрд тоглуулах моод дэлгэрээд удаж байна даа, манайд. Тэгвэл энэ жишгээр ажил, амьдралаа хослуулан амжилттай яваа найруулагч нөхөртэй жүжигчин эхнэрүүдийг судалж үзье.


Цэргийн албанд байхдаа сонинд хэвлэгдсэн жүжигчин бүсгүйн зургийг олж хараад “Би заавал эхнэрээ болгоно” хэмээн найууддаа амлаж явсан О.Бат-Өлзий хүслээ биелүүлсэн азтай эр. Тухайн үед ид нэрд гарч явсан сайхан бүсгүйтэй учрахын тулд драмын тайзнаа тоглож, нэлээд хэдэн жүжгээр өөрийгөө таниулсны дараа тэр анхны болзоондоо явсан гэдэг. Энэ бол Ардын жүжигчин С.Сарантуяа, Соёлын тэргүүний ажилтан, найруулагч О.Бат-Өлзий нарын хайрын нандин дурсамж. Эхнэр нь драмын урлагтаа үнэнчээр үлдэхэд О.Бат-Өлзий нэг хэсэг хошин урлагийн тайзан дээр тоглож явсан түүх бий. Харин сүүлийн жилүүдэд дэлгэцийн урлагт дурлах болсон тэрбээр хэд хэдэн кино найруулсан. Түүний нэг болох “Зүрхэнд шивнэсэн үг” киноныхоо гол дүрд эхнэрээ тоглуулсан нь амжилт олж, гадаадын томоохон фестивальд хүртэл өрсөлдөж чадсан гэдэг.


Циркийн ерөнхий найруулагчаар ажиллаж байсан О.Машбат дэлгэцийн сайхан хүүхнүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог жүжигчин Н.Батцэцэгт сэтгэл алдарснаар нэлээдгүй хэл аманд орооцолдсон гэдэг юм билээ. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, сэтгэл нь шархалсан найруулагчийг залуухан, царайлаг бүсгүй тоох эсэх нь ч эргэлзээтэй байж. “Эх бүрдийн домог”, “Суварган цэнхэр уулс” зэрэг киногоороо олонд танигдаж, хайрын захианд дарагдах шахам явсан Н.Батцэцэг эрхэм найруулагчтай дэр нэгтгэснээр энэ бүхэнд цэг тавьсан. Найруулагч О.Машбат “Монголжингоо” студи байгуулан дэлгэцийн бүтээл хийх болсон төдийгүй “Жинжиймаа”, “дэлгэцийн бүтээл хийх болсон төдийгүй “Жинжиймаа”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Уучлаарай хайрт минь” зэрэг кинондоо Н.Батцэцэгийг тоглуулсан билээ.


УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин хувийн амьдралынхаа талаар төдийлөн яриад байдаггүй учраас жүжигчин эхнэр О.Цолмонтойгоо хэрхэн учирснаа нуудаг. Хоёр ч хүүхдийн ээж аав болцгоосон урлагийн хосууд маань тэр бүр олны нүдэнд өртөөд байдаггүй юм билээ. Харин уран бүтээлээсээ хөндийрч, гэр бүлийн амьдралдаа анхаарал хандуулсан жүжигчин О.Цолмон нэлээд хэдэн жилийн өмнө нөхрийнхөө найруулсан нэгэн жүжгийн гол дүрд тоглосон юм. Хэдийгээр нэлээд хэдэн насны зөрүүтэй ч тэд тун эвтэй байдаг бөгөөд О.Цолмон театрын уран бүтээлд тэгтлээ их оролцдоггүй. Ч.Түвшин найруулагчийн хувьд томоохон бүтээл дээр ажилладаг ч эхнэрээ урих тал дээр нэлээд хатуу бодолтой явдаг гэсэн шүү.


“DOZ” энтертайнмент студийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэн эхнэрээ сурталчлах их дуртай. Жүжигчний мэргэжил эзэмших хүсэлтэй хөөрхөн охинд хичээл зааж, элсэлтийн шалгалтад нь бэлдэж явахдаа ирээдүйн эхнэрээ ихэд судалсан гэдэг. Балетаар хичээллэж байсан А.Мөнгөнзул жүжигчин болохоор шамдаж, ЗХУ-д сурахаар одсон Ш.Доржүрэнг хүлээсэн түүхтэй. Тэгвэл одоо өөрсдийн гэсэн студи байгуулсан тэд хошин нэвтрүүлэг бэлтгэхээ болиод мөн л кино урлагт хүчээ сорьж буй. “Амьдрах тасалбар”, “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн нис” зэрэг кинондоо эхнэрээ тоглуулсан Дооёо цаашид ч А.Мөнгөнзулын “улаан фэн” хэвээрээ байх биз ээ.


Театрын хөөрхөн бүсгүйчүүд найруулагч нөхөртэй болох нь тийм ч сонин үзэгдэл биш. Тайзны уран бүтээлд тоглохын хажуугаар “Хайрын рекорд”, “Зөрлөг”, “Намрын синдром” зэрэг кинонд дүрээ мөнхөлж явахдаа жүжигчин Т.Хулан найруулагч Д.Галбаяртай дотноссон гэдэг. Өмнө нь амьдрал зохиож үзсэн, бага насны хүүхэдтэй гэх мэт олон асуудал тулгарсан ч тэрбээр эрхэм найруулагчийг удаан зовоогоогүй. Үрийн зулай үнэрлэн ээж болсон Т.Хулан хоёр хүүхдээ хүний, өөрийн гэж ялгалгүй өсгөж яваа гэдэг. Царайлаг жүжигчин бүсгүйн хувьд театраа орхихгүй, гэхдээ нөхрийнхөө байгуулсан “Go” студийн кинонд тоглох боломж гарвал татгалзахгүй гэдгээ ч мэдэгдсэн билээ.


“Хувьсал” продакшны захирал, найруулагч Г.Цоггэрэл урьд нь бүх жүжиг, клипнийхээ гол дүрд эхнэрээ тоглуулдаг байлаа. Урьд нь гэсний учир гэвэл, одоо түүний эхнэр болох гавьяат жүжигчин У.Уранчимэг УДЭТ-т харьяалагдаж байгаа. “Шөнө дундын бүжиг”, “Би эр хүнд хайртай”, “Шөнө амталсан нулимс” зэрэг томоохон жүжгийн гол дүрд тоглосон нь “Хувьсал”-ын тэргүүн хатагтай байсны ач гавьяа. “Гэгээн Муза” наадмын шагналыг дөрвөн ч удаа хүртэж байсан тэрбээр энэ бүх амжилтын цаана эр нөхөр нь байгааг хэлж, тайзан дээрээс хайрын үнсэлт илгээж зогссон удаатай. Театрын өлгүүрт ажиллаж байсан түүний хүсэл зорилгыг найруулагч нөхөр нь дэмжсэнээр урлагийн сургуульд орж, ирээдүйн амжилтынхаа эхлэлийг тавьсан гэдэг.


“Hero” энтертайнмент студийн захирал, найруулагч Б.Баатар, жүжигчин Ч.Ундрал хоёрын хайрын түүх СУИС-иас эхтэй гэлцдэг. Т.Өөдөөтэй хамт дуулж, клипэнд тоглож явсан Ч.Ундрал нэг хэсэг жүжигчин Б.Амарсайхантай үерхэж байсан ч амьдрал болоогүй. Харин рок попын ертөнцөд танигдсан томоохон студийн захирал Б.Баатартай нэгэн клипний зураг авалтын үеэр танилцаж, улмаар долоон жил үерхсэний эцэст гэр бүлийн амьдрал зохиосон гэдэг. Нөхрийнхөө найруулсан клип болгонд тоглодог байсан жүжигчин Ч.Ундрал ямаршуухан авьяастай болохоо харуулж чадсан гэх. Б.Баатар найруулагч “Би чамд хайртай-2”, “Татаар ажиллагаа” зэрэг киноныхоо гол дүрийг эхнэртээ өгч, очки үнэлгээ авсан адтай эр.

С.Цахиур      

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.170.68.233) 2025 оны 03 сарын 13

surtein bi bol uuruu l olood geriig ni medeed ochood uulzaj bgaad munguu avch baisan dag.

1  |  0
Top