7 иргэнийг дэс түшмэл болгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 25

Увс аймагт Төрийн албаны цахим шалгалтыг анх удаа зохион байгууллаа. Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Төрийн албаны мэргэшлийн шалгалтын Төв комиссын дарга Т.Хадхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг тус аймагт ажиллаж, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан, мэргэжил, арга зүйн зөвлөмж өгсөн байна. Тус аймгийн төрийн албан хаагчийн 30 сул орон тоог нөхөх ажлын байранд 130 иргэн бүртгүүлснээс 75 нь тэнцэж, 74 иргэн нөөцөд бүртгэгджээ. Хуралдаанаар хамгийн өндөр оноо авсан 7 иргэнийг дэс түшмэлийн, 17 иргэнийг туслах түшмэлийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүллээ.

Шалгалтад тэнцсэн хүмүүсийн боловсролын баримт бичгийг "Их дээд сургууль төгсөгчдийн баримт бичгийн мэдээллийн сан"-тай тулгахад О.Түмэнжаргалын боловсролын баримт бичгийн дугаар дээр өөр хүний нэр гарч байгаа тул баримт бичгийг бодитой эсэхийг холбогдох байгууллагаар магадлах хүртэл нөөцийн жагсаалтад бүртгэхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв. Увс аймагт ажилласан Ажлын хэсэг шалгуулагчдаас санал асуулга авч, ярилцлага хийхэд цахим шалгалтыг сайшаан дэмжиж буйгаа илэрхийлжээ. Хөдөө орон нутагт шалгалтыг цахимаар авч эхэлсэнтэй холбогдуулан интернэтийн хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Ажлын хэсэг онцлон тэмдэглэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top