ОХУ-ын цуутай олигархийн нэг Борис Березовский үхлээ. Үл ойлгогдох хийгээд ойлгомжтой, нууцлаг хийгээд хэтэрхий ил, дамчин, наймаачин, хорчин, луйварчин гээд түүнийг орос хэлний үгсийн санд байдаг хамаг байдаг муу муухай үгс хайр найргүй булж байлаа. Нэг үгээр хэлбэл Березовский амьдраараа оршуулагдсан хүн.
Ямар сайндаа л улстөр судлаач Федор Лукьянов “1990-ээд оны үед ноёлож байсан улстөрийн замбараагүй байдал нийгмийн дээд давхаргад янз бүрийн зальхай амьтдыг гаргаж ирсэн. Гэвч нийгэм өөрөө тэднийг эргүүлээд залгисан. Энэ үйл лайг Березовский ч тойрч гараагүй” хэмээн яг голыг нь оноод хэлчихсэн юм. Үнэхээр Березовский өөрийн үйлдсэн үйл лайгаа эдэлж үнэн гэгч асар том араа шүдний эргүүлэгт орж зажиглагдаж, залгигдаж эхэлсэн юм. Тиймдээ ч тэр үхлээ эрж Лондон руу цагаачилсан түүхтэй.
1990-ээд оны үеэр олны дунд нэгэн үл ойлгогдох ноёнтон гарч ирсэн нь Березовский байлаа. Эгэл жирийн нэг эрдэмтэн байснаа хэдэн сарын дотор дамын наймаачин болж улс дамнан автомашины наймаа хийж чамгүй хөрөнгөжсөн тэрээр төд удалгүй улстөр гэх их хөл тавьсан нь түүний мандан бадарч байсан оргил үе буюу 1996-1998 он байв.
Тухайн үед Березовский өөрийн нөлөөгөө улстөрийн шат бүхэнд мэдрүүлж юуг хэрхэн хааш нь эргүүлэхээ хурууны үзүүр хөдөлгөх төдийхөнөөр шийдэж байсан билээ. Яг энэ үед Хойт Кавказад орос цэргийн цус урсаж, бөмбөгдөлтөд өртсөн иргэд амь насаа алдаж, зарим нь үүрд тахир дутуу болж цус нулимс, ёолоон орилоон өдөр шөнөгүй үргэлжилж оросуудын нулимс гол адил үерлэж байсан боловч Березовский өөрийн бизнесийг өргөжүүлэхийн төлөө оросуудыг ид шулж мөлжиж байлаа. Гэсэн ч тун удалгүй Ельцин засгийн эрхээс бууж Березовскийн ч ханд нь дарагдаж эхэлсэн юм. Нэг үгээр илэрхийлбэл бурхан түүн рүү бөгсөө харуулсан. Тэр ч бүү хэл 2000 оны 11-р сард Березовскийг шалдаа буулгасан нэгэн шийдвэр гарсан нь ОХУ-ын прокурорын газраас мэдээлсэн “Березовскийд ял тулгах ёстой” гэх асуудал байв. Энэ мөчөөс хойш оросын алдарт олигарх Борис Березовский амьдаараа оршуулагдаж оросын газар нутаг дээр хөл тавиагүй байсаар эцсийн амьсгалаа татав. Гэхдээ ертөнцийн жам ёсоор биш харин өнгөрсөн хугацаанд үйлдсэн үйл лай нь түүнийг боомилох хүртэл дотроос нь тарчилгажээ.
Нэг үгээр хэлбэл түүнийг тойрсон асар олон асуудал шалд нь буулгаж. Түүний овгоор нэрлэгддэг “БАБ” санхүүгийн байгууллага нь оросын нөлөө бүхий олигархийн нэг Роман Абрамовичд олон сая ам.доллар алдсан шүүх ажиллагаа, салсан эхнэрийнх нь гаргасан гомдлын дагуу шүүх түүний бүх дансыг хаасан явдал гээд түүний гарыг мухардах зүйл бишгүйдээ гарч байв. ОХУ-ын тэрбумтан, Английн хөлбөмбөгийн "Челси" багийн эзэн Роман Абрамовичид их хэмжээний доллар алдах болсон шалтгаан нь бас л өөрийнх нь тавьсан гайнуудын нэг байв. Тэрбээр 1990-ээд онуудад Абрамовичийг үнээ адил сааж байсан бөгөөд хожим нь Абрамович 200 орчим сая ам.доллар өгсөн гэдгээ Лондон хотын Дээд шүүхэд өгсөн мэдүүлэгтээ дурдьсан байдаг юм. Абрамовичийн мэдүүлснээр бол Березовскийн гуйж байсан хамгийн бага мөнгө бол 16 мянган ам.доллар. Харин хамгийн их төлбөр нь 8 сая ам.доллар. Тэр Березовскийд жил бүр 50-80 сая ам.доллар өгч байсан бөгөөд Березовский ч үүнийгээ авах ёстой өрөө авч байгаа мэтээр авдаг байж. Гэтэл үүнийхээ горыг амсаж “БАБ”-аа дампууруулсан төдийгүй энэ үед түүнийг эргэж харах нэг ч хүн гараагүй нь хамгийн аймшигтай байв.
Түүгээр ч зогсохгүй нэгэн цагт Березковсийн аманд орчих шахам явсан нөхдүүд бүгд нуруугаа харуулсан төдийгүй, биеэ даах чадваргүй нэг хэсгийнх нь эрх мэдлийг хязгаарласнаар түүний нүд чих болох “сармагчин” ч олдохоо байж гар мухардсан юм.
Аргаа барсан тэрбээр хэдэн сарын өмнө В.Путинд захидал бичсэн нь түүнийг шалдаа буусан гэдгийг нь баталсан төдийгүй наашаа гэх хүн байвал шууд л наалдах хэмжээнд хүрээд байв. Гэсэн ч түүний эцсийн найдлага болоод байсан В.Путин эх орондоо ирэх асуудлыг нь хүлээж авсангүй байсаар түүний амьдрал эмгэнэлтэйгээр төгслөө. Энэ талаар ОХУ-ын Төрийн Думын депутат, оросын сэтгүүлч Александр Хинштейн “Үхэл, амьдрал хоёр бүх зүйлийг өөрийн байранд нь тавьдаг юм” хэмээн хатуухан үнэнийг шуудхан хэлэв. Үнэхээр ч Березовскийн хаанчлалын төгсгөлийг зүй ёсны бариа хэмээн үзэж байгаа мянга мянган оросууд бий.
Аливаа юмыг бүтээхийн төлөө биш сүйтгэхийн төлөө байсан, зөвхөн өөрийгөө боддог, өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүс, эх орноо зөвхөн ашиг хонжоо олох зүйл гэж үздэг амиа хичээсэн зарчмаар амьдарч байсан хүн эцсийн эцэст ЭХ ОРОНГҮЙ болж амьсгалаа хураалаа. Түүнийг оросууд “Саарал их хамба” хэмээн нэрлэдэг байлаа. Үнэхээр “саарал” орчныг жинхэнэ утгаар нь бий болгож байсан амьдаараа оршуулагдсан олигархи “Саарал их хамба” эх оронгүйгээр оршуулагдлаа. Үхэл, амьдрал хоёр бүх зүйлийг өөрийн байранд нь тавина аа гэж...
Ж.Нарангарав
Сэтгэгдэл ( 3 )
manaid bol saar** harhnuud bga
ЭНЭ СЭТГЭГДЭЛҮҮДИЙГ
энэ путины т****ыг барьж бичжээ