Дугуй автомашиныг орлоно

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 27

Автомашингүй өдөр буюу энэ сарын 31-ний өдөр “Улаанбаатар-2013” 1000 дугуйчдын парадыг зохион байгуулах талаар Монголын залуучуудын холбоо, Мянганы сорилтын сан, Монголын дугуйн холбооноос   хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Уг парадыг нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлэх, дугуйн ач холбогдлыг сурталчлан таниулах, “Спиртлэг бус спортлог амьдрах”-аар  анх удаа зохион байгуулж байгаа аж. Парад нь  Сүхбаатарын талбай-Баруун дөрвөн зам-Гэсэр сүмийн уулзвар-Чингис зочид буудал- Бөхийн Өргөө- Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар явах юм байна.

Монголын залуучуудын холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Түвшинжаргал “Энэхүү ажил нь цаашид Монголд дугуйн замтай болоход эерэгээр нөлөөлнө. Нарны замын хоёр талын зам, Сэлбэ, Туул голын орчмыг дугуйн замтай болгох ажлыг эхлүүлэхээр болсон” хэмээн залууст баяртай мэдээ дуулгалаа. Түүнчлэн уг парадыг хамтран зохион байгуулж буй дугуйн худалдаа эрхэлдэг дэлгүүрийнхэн энэ ажилд нэгдлээ.

Нийслэлийн биеийн тамирын газар, Монголын дугуйн холбоо, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб, Монгол аялагч клуб, ШУТИС-ийн МИС-ийн дугуйн баг, “Mongolian Trails Cycling Club” мөн дугуйн худалдаа эрхэлдэг “Дугуйн ертөнц” компани, “Cannondale”, “Атилла” дэлгүүрийн хамт олон залуусын эрүүл мэндийг дэмжиж энэ ажилд нэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top