Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан валютын ханшийн өсөлт, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээллийг өнөөдөр /2018.10.17/ Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд өгсөн юм.
Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2018 оны эхнээс 5.5 хувиар сулраад байгаа. Үүнд эдийн засгийн дотоод болон гадаад хүчин зүйл нөлөөлсөн гэв. Дотоод хүчин зүйлд эдийн засгийн сэргэлтийг дагасан хөрөнгө оруулалт болон хэрэглээний импортын өсөлт, 2012 онд босгосон бондуудын эргэн төлбөр, экспортын тээвэрлэлттэй холбоотой хил дээрх хүндрэлүүдийг тооцож байгаа аж. 2016 оны эхний гурван улирлын турш агшиж байсан дотоод эрэлт сэргэж энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 2017 оноос 17.6 хувиар өсчээ. Үүний тодорхой хувийг хөрөнгө оруулалт эзэлж байгаа бөгөөд үүнийг дагасан импорт эзэлж байгаа гэв. Ажил эрхлэлт, иргэдийн орлогын өсөлттэй холбоотойгоор хэрэглээний импорт мөн өсөлттэй байгааг танилцуулгад дурдав. Энэ төрлийн импорт оны эхнээс 234 сая ам.доллароор буюу 29 хувиар өссөн аж. Бензин, түлшний импорт 174 сая ам.доллар буюу 33 хувиар өсөөд байгааг мэдээлэлд дурдав. Төлбөрийн тэнцлийн санхүүгийн дансны тухайд 2018 онд Чингис бондын үлдэгдэл төлбөр болох 125 сая ам.доллар, Дим Сан бондын 160 сая ам.долларын төлбөрийг барагдуулжээ. Энэ нь улсын гадаад валютын нөөцөөс гарсан гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч тодрууллаа. Гарах сувгийн томоохон урсгал болж төлбөрийн тэнцлийн алдагдалд нөлөөлсөн болохыг мөн хэлсэн юм.
Экспортын орлого оны эхний 8 сарын байдлаар 4.6 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 570 гаруй сая ам.доллароор өссөн ч хил дээрх түгжрэлтэй холбоотойгоор I улирал, 7, 8 дугаар саруудад экспортын хэмжээ бусад сартай харьцуулахад буурсан байна. Энэ байдал худалдааны тэнцлийг ашиг өнгөрсөн оны мөн үеэс 480 сая ам.доллароор буурахад нөлөө үзүүлсэн гэж дүгнэжээ.
Том гүрнүүдийн худалдааны маргаан нь валютын ханшид нөлөөлж буй гадаад хүчин зүйлс гэдгийг хэлээд нөлөөллийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. 170 улс орныг судалгаанд хамруулан үзэхэд 142 орны валют яг өнөөгийн байдлаар ам.долларын эсрэг сулраад байгаа дүн нэгтгэжээ. Тухайлбал, Австрали болон Чилийн үндэсний мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг 9 хувиар суларсан бол Хятадын юань, Оросын рубль, Энэтхэгийн рупи, Бразилийн реал, Индонезийн рупи, Туркийн лир, Өмнөд Африкын рандын ханш сулраад байгаа талаар тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Томоохон эдийн засгууд ханшаа хамгаалах бодлого хэрэгжүүлж байгаа ч гадаад валютын нөөцөд ирэх дарамтаа харгалзан ханшийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч, мөнгөний бодлогын хүүгээ нэмэх арга хэмжээг авч байгаа аж.
Мөн тэрбээр Хөгжлийн банк Засгийн газрын баталгаагүйгээр гадны зах зээлээс 500 сая ам.долларыг жилийн 7.25 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатайгаар амжилттай босгосон гэдгийг дуулгав. Энэ нь улсын валютын сангийн ачааллыг хөнгөлөх ач холбогдолтойг Н.Баяртсайхан ерөнхийлөгч онцоллоо. 2019 онд 380 орчим сая ам.долларын зээлийн төлбөрийн төлөх бөгөөд үүнийг шийдвэрлэх санхүүгийн эх үүсвэр гэдгийг хэлсэн.
Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, Б.Жавхлан, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. Валютын ханш тогтвортой байх эсэхийг тодруулахад 2019 оны Мөнгөний бодлогод инфляцийг 8 хувьд барих зорилт оруулсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд бодлогын арга хэрэгслүүдээ дайчлан ажиллана гэдгээ Монголбанкны ерөнхийлөгч хэллээ. Өнөөдрийн байдлаар 142 улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулраад байгаа судалгаа бий, улс орнуудын Төв банкууд хамгийн хүчтэй зэвсэг болох бодлогын хүүгээ ашиглаж байгаа. Харин Монголбанкны бодлогын хүү одоогоор 10 хувь байгаа. Эдийн засгийн сэргэлт энэ оны хоёрдугаар хагасаас л улс орны хэмжээнд ажиглагдаж эхэлсэн энэ үед мөнгөний бодлогын хүүг өөрчлөх нь оновчгүй гэдэг байр суурийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч хэллээ. Мөнгөний бодлогын хороо 12 дугаар сард хуралдана гэдгийг дашрамд дурдав. Мөнгөний бодлогоор эдийн засгийг удирдах бололцоогүй бөгөөд бүтэц, төсөв, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зэрэг бусад бодлогуудтай уялдуулах шаардлага бий гэдгийг тэрбээр онцолж хэллээ. Өнөөдрийн байдлаар Төв банк валютын ханшийг тогтворжуулахын тулд интервенцийн аргыг сонгон хэрэгжүүлж байгаа аж. Валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлага бий хэдий ч 2018 оны эхнээс нийтдээ 650 орчим сая ам.долларын интервенци хийжээ. Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах, валютын ханшийг тогтворжуулах бодлогоо цаашид ч хэрэгжүүлнэ гэв. Гишүүдийн асууж байгаа шиг валютын ханшийн төлвийн талаар шууд хэлэх боломжгүй гэдгийг тэрбээр тайлбарлалаа. Учир нь дотоод болон гадаадын олон хүчин зүйлс ханшид нөлөөлдөг гэв. Оюутолгой компани валютын ханшид нөлөөлдөг эсэхийг тодруулахад тус компани сард 100 орчим сая ам.доллар Монгол Улсад оруулдаг гэдгийг дуулгав. Монгол Улсын валютын дотогшлох урсгалыг гол сувгуудын нэг тус компани анхандаа арилжааны банкуудын дунд дуудлага худалдаа явуулж, үүнээс нь үүдэн ханшийн савалгаа үүсгэдэг байсныг Төв банк зогсоосон байна.
Банкийг дахин хөрөнгөжүүлэх асуудлаар тодруулсан О.Баасанхүү гишүүний асуултад хариулахдаа “Монгол Улсад арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байгаа. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нийт банкуудад энэ оны 12 дугаар сарын 31-ний өдөрт багтаан өөрийн хөрөнгийн дутагдаж буй хэсгийг нөхөх албан тоот хүргүүлсэн. Тогтоосон хугацаанд өөрийн хөрөнгийн дутууг нөхөн бүрдүүлж чадаагүй, системийн нөлөө бүхий банкууд гарвал дахин хөрөнгөжүүлэх ажлыг Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Харин системийн нөлөө бүхий банкны жагсаалтад ороогүй банк хамрагдахгүй” хэмээн тайлбарласан. Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанк бололцоотой бүх алхамуудыг хийж байгаа эсэхийг гишүүд лавласан. Валютын нөөцийг нэмэгдүүлэх нэг суваг болох алтны худалдан авалтыг сайжруулах зорилгоор Төв банк олон ажлыг хийсэн бөгөөд энэ жил 22 тн алт худалдан авах зорилт тавьжээ. Одоогоор 16 тн алтыг худалдан аваад цэвэршүүлсэн байгаа гэв. Үлдээд байгаа хугацаанд зорилтыг бүрэн биелүүлэх бололцоотой гэж үзэж байгаа юм байна. Тодруулбал, гадаад валютын улсын нөөцийг 700 орчим сая ам.доллараар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Алтны худалдан авалт улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх нэг суваг бөгөөд үүнээс гадна экспортыг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжийн бодлогоо эрчимжүүлэх зэрэг нь валютын нөөцийг нэмэгдүүлэх гол бодлого гэдгийг онцолж байсан.
Валютын ханшийн савалгаа дэлхийн нийтийн асуудал болоод байгаа энэ үед улс орон бүр үндэсний эрх ашгаа хамгаалах үүднээс үндэсний мөнгөн тэмдэгтээ хамгаалах уриалгыг төрийн тэргүүнийхээ түвшинд гаргаад байгааг Монголбанкны ерөнхийлөгч хэлж байв. Мөн юань, рублийн ханш суларсан байгаа энэ үед Монгол Улс хөрш орнуудтайгаа заавал ам.доллар гэхгүй тухайн улсын үндсэний мөнгөн тэмдэгтээр худалдаа хийх, үүнийг холбогдох талууд хөндөж тавих шаардлага байгааг хэлсэн. Монгол Улс эдийн засгийн хөгжлөө худалдаагаар нөлөөлөхүйц хэрээр дэмждэг учраас гадаад худалдааг хариуцсан, дүр зургийг томоор нь харж дүн шинжилгээ хийж, бодлого тодорхойлон, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлдэг бүтэц зайлшгүй шаардлагатай гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч хариулт өгөх үеэрээ хэлж байв. Манай улс гадаад худалдааны асуудлыг урсгалаар нь орхисон, гадаад худалдааны асуудлыг хариуцсан бүтэц байхгүй байгаа нь бодлогын том алдаа гэж харж байгаа аж. Цаашид энэ чиглэлийн бодлогыг тогтож харах шаардлага зүй ёсоор тулгараад байгааг өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал, тоон мэдээлэл харуулж байна гэлээ.
Засгийн газар, Төв банкны хамтын ажиллагааны талаар тодруулсан гишүүдийн асуултад мөн тэрбээр хариулт өгсөн. Засгийн газар, Монголбанкны хамтын ажиллагааны тогтсон механизм бий. Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны дарга, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал бүрэлдэхүүнд нь байдаг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ажилладаг. Энэ хүрээнд үйл ажиллагаа, бодлогоо зөвлөлддөг. Түүнчлэн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон ЗГХЭГ-ын даргатай өдөр тутмын хамтын ажиллагаатай байдгаа хэлсэн юм.
Валютын ханшийг тогтворжуулахтай холбоотой Засгийн газрын оролцооны талаарх тодруулсан гишүүдийн асуултад Сангийн дэд сайд Х.Булгантуяа хариулт өгсөн юм. Ам.долларын дотогшлох урсгалын нэмэгдүүлэх шаардлагатай үед “Өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд донор, хандивлагч орнуудаас авахаар тохиролцсон санхүүжилтийн талаар гишүүд асуулаа. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Монгол Улсад 750 орчим сая ам.доллар орж ирэх хүлээлттэй байгаа гэв. Үүний ихэнх нь төсвийн дэмжлэг учраас төлбөрийн тэнцэл дээр 150 сая орчим ам.доллар хуваарилагдах аж. Санхүүжилт оны эцсээр орж ирнэ гэдэг хүлээлттэй байгааг дэд сайд дуулгав. Импорт нэмэгдэн, тэр хэрээр валютын гадагшлах урсгал өргөжиж байгаа талаарх тодруулгад “Энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нефтийн бүтээгдэхүүний импорт 38.1 хувь, хэрэглээний бүтээгдэхүүн 34.2 хувь, хөрөнгө оруулалт 54.7 хувь, аж үйлдвэрийн орц 13.9 хувиар өсөх тооцоолол бий. Бусад нь 62.1 хувиар өснө гэж тооцож байна. Нийт импорт 41.9 хувиар өсөх тооцоотой байгаа. Энэ нь эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт сайжирсантай холбоотой. Оюутолгой төслийн далд уурхайн төслийн бүтээн байгуулалт өрнөж буйтай холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт 2018 оны эхний долоон сард өмнөх оны мөн үеийнхээс 49 хувиар өсөж 1 тэрбум ам.долларт хүрсэн. Өргөн хэрэглээний гэхээс илүү нефть, хөрөнгө оруулалт, үйлдвэрийн орц зэрэг эдийн засгийн өсөлттэй холбоотой чиглэлээр өсөж буйгаараа онцлогтой” хэмээн Х.Булгантуяа дэд сайд тайлбарлалаа.
Төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэж буйг шүүмжилсэн Д.Эрдэнэбат гишүүний асуултад хариулт өгсөн юм. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлж буйтай холбоотойгоор 2017 онд олон тооны хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг удаашруулах, царцаах арга хэмжээг Засгийн газар авсан юм. Харин энэ оноос хөрөнгө оруулалтыг зохих түвшинд хэрэгжүүлж, 2019 оноос дуусгах зорилгоор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа аж. Төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтууд нь 2011-2012, зарим нь түүнээс ч өмнө хэрэгжиж эхэлсэн төсөл, хөтөлбөрүүд байгаа гэдгийг тэрбээр тайлбарлалаа. 2019 онд зарлага тодорхой хувиар өсөж байгаатай дүйцээд төсвийн орлого ч өснө гэдэг хүлээт, тооцоололтой байгаа аж. 2018 оны төсвийн орлого улирал бүр төлөвлөснөөс давсан байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ, Байнгын хороод болон УИХ-ын гишүүдээс төсвийн орлогоо гүйцэд төлөвлөөгүй байна гэж шүүмжлэл хэлж, шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хийх байсан гэдэг саналуудыг удаа дараа Засгийн газарт ирүүлж байсан. 2019 онд орлогыг нэлээд дайчилснаар энэ оны батлагдсан нийт дүнгээс 3.2 их наяд төгрөг буюу 40.7 хувиар нэмэгдүүлж 11 их наяд төгрөгт хүргэх тооцоололтой байгаа юм байна. Үүнээс 322 тэрбум төгрөгийг Төсвийн тогтворжуулалтын санд, 1 их наяд орчим төгрөг “Ирээдүйн өв сан”-д төвлөрөх аж. Орлогоо бүрэн дайчилж чадвал боломж байгаа гэж үзэж байгаа бөгөөд шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг төсөвт тусган Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эрүүл мэнд, боловсролыг хүртээмжтэй болгох, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх гэх зэргээр зорилгоор 700 гаруй тэрбум төгрөгөөр зардал нэмэгдсэн гэв.
Ийнхүү гишүүд асуулт асууж, Монголбанк болон Сангийн яамны удирдлагаас холбогдох хариултуудыг авсны дараа гишүүд валютын ханшийн өсөлт, цаашид авах арга хэмжээтэй холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийллээ.
Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дагнан хариуцах бүтцийг бий болгох, холбогдох эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх үүргийг холбогдох газруудад өгөх саналыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гаргасан бол Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлосон алтны грамм бүрийг валютын нөөц болгох зорилтыг Төв банк бодлогын баримт бичигтээ дэвшүүлэх саналыг Б.Жавхлан гишүүн хэлэв. Дэлхий нийтээр эдийн засгийн шинэ үе эхэлж байгаа сорилтын жил гэж үзэж байгааг Монголын төрийн бодлогод анхаарч, тусгахад шат шатандаа анхаарах шаардлага бий гэдгийг Б.Баттөмөр гишүүн хэлээд хөгжлийн бодлого зангиддаг Засгийн газрын бүтэц зайлшгүй шаардлагатай саналыг хэллээ. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг дотоодын нөөц бололцоогоор даван туулж байх бэлтгэлийг хангах чиглэлээр анхаарах нь зүйтэй гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэв. Мөн төгрөгийн ханш 4 хувиар суларсан байхад рублийн ханш 13 хувиар суларсан байгаа. Үүнийг гадаад худалдаандаа зохих ёсоор ашиг болгон шингээх бололцоо бий бөгөөд Засгийн газар энэ чиглэлээр ажиллах, энэ мэт давуу талуудыг ашиглах гарцыг эрэлхийлж байх хэрэгтэй гэв. Мөн тэрбээр “эдийн засгийн өсөлт” гэхээсээ тэрхүү өсөлтийн хүртээмжийг анхаарах, бодитоор хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг санууллаа.
Ийнхүү гишүүд санал хэлсний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Б.Жавхлан гишүүнээр ахлуулан байгуулсныг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
мөнгөний бодлого гэж юм угаасаа байхгүй
Энэ нөхрийг солихгүйгээр мөнгөний бодлого явахгүй нь