Олон улсын худалдааны төвийн ахлах зөвлөх Карла Солис манай улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураг төслийн талаар танилцуулахдаа "Хөрөнгө оруулагчдад эрхзүйн таатай орчин бүрдүүлж, тэдэнд итгэл бий болгох, зорилтот зах зээлд нийцэж ажиллаж, нийлүүлэлтийг шийдэх, өндөр технологи, инновацийг нэвтрүүлэх, түүнд төрөөс дэмжлэг үзүүлэхэд зүйтэй байна" гэж байлаа.
Мөн манай улсын тухайд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, тэр дундаа 2025 он гэхэд одоогийн нийт экспортын орлогын 10 хувийг эзэлж буй хэмжээг 25 хувьд хүргэх, цаашлаад 50:50 хувьд хүргэх зорилттой байгаагаа Гадаад харилцааны яамны төлөөлөл дуулгалаа.
"Экспортын тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хонины ноосноос био бордоо үйлдвэрлэж, Герман руу 2022 он хүртэл экспортлох гэрээ хийсэн гэдгээ “Монпеллетс” компанийн захирал Б.Цогбадрах хэлж байсан. Тэрбээр энэ ажлыг бодлогоор дэмжихийг, өдөр тутамд бизнес эрхлэгчдэд тулгардаг жижиг ч гэсэн бодит асуудлыг шийдээд явахыг хүсч буйгаа илэрхийллээ.
Мөн импортын ижил төстэй бараа бүтээгдэхүүнийг тарифын болон тарифын бус зохицуулалтаар хазаарлах, үнийн бодлого хэрэгжүүлэх, дөнгөж эхэлж буй бизнесийг татвараас хөнгөлөх, санхүүжилтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг бий болгох зэрэг анхаарал татсан асуудлуудыг бизнес эрхлэгчид хэлж байна.
Хэлэлцүүлгийн хүрээнд ноос ноолуур, арьс шир, аялал жуулчлал, цахим худалдааны чиглэлээр салбар хуралдаан зохион байгуулж, экспортын худалдаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар санал солилцов. Гадаад харилцааны яамнаас “Монгол экспорт” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байгаа энэ үед хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь чухал ач холбогдолтой гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
baigaliin shathuun