Бид жил жилийн төсөв батлах гэж Шаргал ордонд бүү хэл Монгол Улсад багтахгүй маргаан дэгдээдэг байсан бол энэ жил улсаасаа хальж байгаа нь сонгуулийн өмнөх жилтэй хаашаа ч үгүй зохицох биз ээ.
Тийм дээ ч уул уурхайн экспорттой холбоотойгоор төсвийн орлого ихээхэн өснө гэсэн гэгээн төсөөлөл буулгаж, 2019 оны төсвийн орлогыг 11 их наяд 67 тэрбум төгрөг болчихсон байгаа нь үүнтэй холбоотой. Төсвийн орлого 11 их наяд төгрөг давчихаар түшээдийн булаалдах мөнгөний тоо ихэсч байна гэсэн үг. Сонгуулийн өмнөх жилийн төсвийг ч хэлэх үү, Шаргал ордноор нэг хэлхэлдсэн гишүүд хэсэг бүлгээрээ хуйвалдаж явааг нуух аргагүй. Буруутгах ч арга алга. Буруу тогтолцоотой энэ улсын сонгуульд мөнгө хөрөнгөгүй бол хэн ч нэрээ дэвшүүлэн өрсөлдөөд нэмэргүй учраас улс орны эдийн засгийг сөхрүүлж байгаад ч хамаагүй сонгогч олонд таалагдах гэсэн улайрал үргэлжилнэ.
Өмнөх Ерөнхийлөгч нар тэгтлээ төсөвт хошуу амаа дүрээд байдаггүй байв. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийг 15 хувь хэмнэх боломж байгаагаас гадна үйлдвэрлэл байгуулах боломж бүрдэж байна хэмээн орж ирэв. Үүний шилийг даран Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ч Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж ташуур өгөв. Ингэхдээ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зүгээс бус шууд Ардчилсан намын зүгээс гэдэг нь ташуурдсан нь шууд харагдана. Ядахад 2019 оны Ерөнхийлөгчийн тамгын газрын төсвийг 12 хувиар буюу 600 сая төгрөгөөр танаж өгсөн нь энэ айлын эздийн уурыг барах шалтгаан болсон байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаар З.Энхболдын хувьд “Би 2020 оны сонгуульд нэр дэвшинэ” гэдгээ ч дуулгаад авлаа.
УИХ-ын гишүүд болон мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2019 онд орлого өсч, ашиг тусаа өгнө, тиймээс төсвөө ухаалаг баталж, эдийн засагтаа анхаарах хэрэгтэй хэмээн наанаа жүжиг тавьж байгаа ч цаанаа тойрогтоо ашигтай, ашиггүй хөрөнгө татах ажиллагаа явуулж сууна. Үүний нэг тод жишээ нь 500 барилгын ажлын 375 нь зураг хийгдээгүй орж ирсэн байна. Энэ бол төсвийн тухай хуулиа зөрчсөн том асуудал хэдий ч тэд энэ тухайд огт дурдахгүй байна.
Үүнээс гадна хөрөнгө оруулалтын зардал гурван их наяд 161 тэрбум болсон нь өнөөх л сонгуулийн өмнөх төсөвтэй холбон тайлбарлаж байна. Баригдах ёстой томоохон өртөг бүхий барилга байгууламж байгааг бол үгүйсгэх хэрэггүй. Харин ихээхэн шүүмжлэл дагуулж буй зүйл гэвэл сумын төвд Спортын ордон, Соёлын төв барих тухай асуудал. Сумын төвийн иргэдэд Спортын ордон, Соёлын ордон хэрэгтэй ч үүнийг хувийн хэвшилд даатгачих зүйл гэдгийг хэлсэн. Энэ бол гишүүдийн тойрогтоо хайр зарлаж байгаагийн нэгээхэн том жишээ. УИХ-ын гишүүдэд таван тэрбум төгрөг олгохоор оруулж ирсэн нь төсөв тойрсон маргааны нэгэн гол судас болж буй.
Гишүүдэд хуваарилахаар оруулж ирсэн энэ мөнгө мэдээжийн хэрэг аль аль талдаа хэрэгтэй. Дорнодын Дашбалбарт ч хэрэгтэй, Улаанбаатарын Баянзүрхэд ч хэрэгтэй. Гагцхүү хэрхэн яаж юунд зарцуулахаас л шалтгаалах зүйл. Хүндээр өвдөж, гадаадад эмчлүүлэх шаардлагатай нутгийнхаа иргэнд мөнгө зарцуулах гэж хандивын тоглолт зохион байгуулж байсан гишүүн ч бий. Тэгэхээр нэгэнт тойргоос сонгогдсон гишүүн ингэх эрх зүйн орчин байхгүй. Тэд зөвхөн хууль эрх зүйн орчин л бүрдүүлэх учиртай ч нэгэнт тогтчихсон энэ бодит байдлаас хаашаа ч зугтах арга алга.
Эцэст нь хэлэхэд, юунд найдаж төсвийнхөө орлогыг 11 гаруй их наядаар оруулж ирж байна вэ гэвэл уул уурхайн бүтээгдэхүүнтэй хамаатай. Бидэнд ихээхэн ашиг тусаа өгдөг хар алтанд найдаж, ирэх 2019 онд 42 сая тонныг экспортлоно гэжээ. Ингэхдээ тонн тутмыг 75 ам.доллараар боруулна, ам.долларын ханш 2530 төгрөг байна гэсэн бол өнөөдөр ам.долларын ханш 2563 төгрөг болчихлоо. Ам.долларын ханшийн өсөлтийг хазаарлана гэдэгт ч хаа хаанаа эргэлзээ төрж буй. Ганцхан хятад руу хараат экспорттой нүүрсний үнэ 40 ам.доллар болтлоо унаж байсан саяхны түүхийг ч санах хэрэгтэй. Бидний нүүрсний зах зээл дээр Австрали хэмээх томоохон тоглогч байгааг ч мартах учиргүй. Мөн алт зэсийн үнийг чамгүй өндөр тавьж оруулж ирсэн зэргээс харахад аргагүй л хөөстэй, сонгуулийн өмнөх жилийн төсөв гэдэг нь харагдана.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )