Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг урт хугацааны тэнцвэрт түвшин болох 8 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг ирэх 2 жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулна гэж буй. Үнийн өсөлт хүн бүрт хамаатай сэдэв. Тиймээс Төв банкны зорилт ажил хэрэг болоход төр засгийн холбогдох бүтэц бүгд гар нийлж ажиллах ёстой. Өнөөдөр Монголбанкнаас мөнгө, санхүүгийн статистик мэдээллүүдийг хэвлэлийнхэнд танилцуулахдаа инфляцийн талаар дараах мэдээллийг өглөө.
Бизнес эрхлэгчдийн 83 хувь инфляцийг 8 хувиас бага байна гэж үзэв
Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир хэлэхдээ инфляцийг 8 хувьд тогтворжуулж чадна гэсэн хүлээлт судалгаанд хамрагдагсдын дийлэнх хувьд байна гэж байсан. Төв банк олон улсын туршлагад тулгуурлан иргэд, аж ахуй нэгж /ААН/ болон шинжээчдийн инфляцийн хүлээлтийг улирал бүр тооцдог. Энэ оны гуравдугаар улиралд явуулсан түүвэр судалгаагаар иргэд инфляцийг оны эцэс гэхэд дунджаар 8.4 хувь, ААН-үүд 4.5 хувь, шинжээчид 8.5 хувьтай байхаар хүлээж байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 86 хувь, бизнес эрхлэгчдийн 83 хувь энэ оны дөрөвдүгээр улиралд инфляцийн түвшинг зорилтот түвшин болох 8 хувиас бага байна гэж үзэж буйг тэрбээр дуулгалаа.
Банкууд инфляцийн түвшинг оны эцэст 8 хувь, хамгийн ихдээ 9.8 хувь, ирэх оны хоёрдугаар улиралд 7.7 хувь, хамгийн ихдээ 9 хувьд хүрнэ гэсэн хүлээлттэй байгааг судалгаа харуулж байна. Банкуудын инфляцийн төсөөллийн тархалтаас харахад инфляци энэ оны эцэст 8-9 хувийн орчимд байхаар байна гэж судалгаанд онцолсон байна.
Эдийн засаг цаашид өснө гэх хүлээлт иргэдийн дунд давамгай байгаа гэж судалгаанд өгүүлжээ. Мөн төгрөгийн ханш чангарна гэсэн хүлээлт 2017 оны нэгдүгээр улирлаас эхлэн огцом нэмэгдсэн. Энэ оны гуравдугаар улиралд явуулсан судалгаагаар ирэх 12 сарын хугацаанд төгрөгийн ханш чангарна гэсэн хүлээлт иргэдийн дунд хэвээр байгаа аж.
Чанаргүй зээлийн 82 хувь хувийн байгууллагынх
Зээлийн үзүүлэлтүүдийн талаар хүргэе. Өнгөрсөн гурван сарын хугацаанд ААН-ийн зээлийн эрэлт, тэрдундаа худалдаа үйлчилгээний салбарт олгож буй зээл бага зэрэг нэмэгдсэн бол өрхийн зээлийн эрэлт нэлээд хэмжээгээр өссөн байна. Ирэх гурван сарын хугацаанд банкуудын хувьд ААН болон өрхийн зээлийн эрэлт бага зэрэг нэмэгдэнэ гэсэн хүлээлт давамгайлж байна.
Зээлийн шалгуурын тухайд банкууд өнгөрсөн гурван сарын хугацаанд ААН болон өрхүүдэд олгох зээлийн шалгуурт төдийлөн өөрчлөлт оруулаагүй. Ирэх гурван сарын хугацаанд ч зээлийн шалгуурыг өөрчлөх төлөвгүй байна.
Зээлийн нөхцлийн тухайд ААН болон өрхүүдэд олгох зээлийн хүү буурсан гэж мэдэгдэж байна. Ирэх гурван сарын хугацаанд зээлийн нөхцлөө өөрчлөх хандлагагүй байгааг судалгаа харуулж байгаа юм. Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 22 хувиар өсч 16.2 их наяд төгрөгт, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 24 хувиар өсч, 8.1 их наяд төгрөгт, хувийн байгууллагынх 19 хувиар өсч, 8 их наяд төгрөгт тус тус хүрчээ. Нийт хугацаа хэтэрсэн зээлийн 84 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлсэн бол чанаргүй зээлийн 82 хувийг хувийн байгууллагад олгосон зээл эзлэв.
Нийт зээлийн 20 хувийг ам.долларын зээл эзлэж буй бөгөөд үүний 19 хувь нь байгууллагынх, 1 хувь нь иргэдийн зээл байна.
Ипотекийн зээлийн үлдэгдлийн 75.5 хувь нь хөтөлбөрийн зээл, 22.2 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэр, 2.3 хувь нь бусад эх үүсвэрээр олгосон зээл эзлэж байна. Харин орон нутгийн ипотекийн зээлийн 77.4 хувь нь хөтөлбөрийн зээл, 21.7 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрийн зээл 0.8 хувь нь бусад эх үүсвэрээр олгогджээ.
Иргэдийн хадгаламжийн 19.1 хувь нь гадаад валютынх
Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, төгрөгийн болон валютын харилцах, цэвэршүүлсэн алтны харилцах, төгрөг болон валютын хадгаламж, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тооцдог нийт М2 мөнгөний нийлүүлэлтийн мэдээллийг хүргэе. М2 мөнгөний нийлүүлэлтийн 53.1 хувийг төгрөгийн хадгаламж бүрдүүлж байгаа бол, 15.1 хувийг валютын хадгаламж, 15.4 хувийг төгрөгийн харилцах, 12.7 хувийг валютын харилцах, үлдсэн 3.6 хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө бүрдүүлж байна.
Нийт хадгаламжийн хэмжээ 12.2 их наяд төгрөгт хүрснээс 83.2 хувийг иргэдийн хадгаламж, 16.8 хувийг байгууллагын хадгаламж бүрдүүлж буй аж. Иргэдийн хадгаламжийн 19.1 хувийг, байгууллагын хадгаламжийн 37.2 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна.
Төв банкны зүгээс өгч буй мөнгө, санхүүгийн статистик мэдээллүүдийг харахад нааштай үзүүлэлтүүд харагдаж байна. Бас анхаарал татсан тоонууд ч байна. Тухайлбал, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл гэсэн ангилалын 80 гаруй хувийг байгууллагын зээл эзлэж байна. Энэ нь эрсдэл өндөртэй гэгдэх хэрэглээний зээл авдаг хувь иргэдийн зээлийн чанартай харьцуулахад өндөр үзүүлэлт. Мэдээж зээлийн мөнгөн дүн хэмжээ энд гол ч, байгууллагууд зээлийн эргэн төлөлтөд хариуцлагагүй хандах байдал илүү байсаар байна. Төв банкны зүгээс хэрэглээний жижиг зээлийг хумих чиглэлд анхаарч, ирэх оноос зээлийн хугацааг дээд тал нь 30 сар болгохоор шийдвэрлээд байгаа юм.
Ер нь бол манай улс эдийн засгийн үзүүлэлтүүдээ бодитоор сайжруулахын тулд бодлого, боловсруулагч, зохицуулагч байгууллагуудын хувьд аль болох урт хугацааг харж богино хугацааны огцом өсөлт, тэлэлтээс илүүтэйгээр тогтвортой байдлыг зорьсон бодлого чухал болж байгааг Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлэхдээ тодотгож байсныг дашрамд сануулъя. Мөнгөний бодлогын шийдвэрийн үр нөлөөг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, институцийг бэхжүүлэх шаардлагатайг мөн тэрбээр хэлсэн юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )