Эдийн засгийн харилцаа, гадаад худалдааны хувьд хоёр хөршөөсөө хальж харах тэмүүлэлтэй бид хүссэн хүсээгүй ам.доллар гэж валютаар дамжин дэлхийн эдийн засгийн асуудалд хутгалдаж, нөлөөллүүдийг нь бие дээрээ мэдэрч буй билээ. Дэлхийн 142 улс орны валютын ханш ам.долларын эсрэг сулраад буйн дотор 81 орны валют ам.долларын өмнө оны эхнээс 4-өөс дээш хувиар суларсан үзүүлэлттэй байгаа. Тэгвэл тэдгээр суларсан валютуудын нэг нь манай улсын төгрөг. Төв банкны ерөнхийлөгч хэлэхдээ “Том гүрнүүдийн хоорондох худалдааны хязгаарлалтын бодлого, зарим улс орнуудад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотойгоор гадаад эдийн засгийн орчинд тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад зах зээл дээр хүү өсч байгаа нь хөгжиж буй эдийн засгууд руу чиглэсэн валютын урсгал татрахад нөлөөлж байна. Энэ нь дэлхий нийтийн валютууд болон зарим эрдэс бүтээгдэхүүний үнэ ам.долларын эсрэг сулрахад нөлөөллөө” гэсэн. Тэгвэл төв банкны ахлах эдийн засагч А.Цолмон ам.доллар төгрөгийн эсрэг чангарах болсон гадаад шалтгааныг АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний хэт зөөлөн бодлогоо аажмаар чангаруулж, 2015 оноос хойш бодлогын хүүгээ нийт 8 удаа, энэ он гарсаар 3 дахь удаагаа 2.25 хувь болгож өсгөсөнтэй холбоотойгоор ам.долларын өгөөж өсч буйтай холбон тайлбарлаж байгаа юм. Ам.долларын өгөөж нэмэгдэх болсон нь бусад улсуудын хувьд ам.доллараар санхүүжилт татахад өртөг өндөртэй болж, хөрөнгийн урсгал хөгжиж буй улсуудаас гадагшлан, ам.долларын нийлүүлэлт багассан. Энэ нь улс орнуудын валютын ханшийг сулрахад нөлөөлж буй. Манай улс зах зээлийн эдийн засагтай, хөвөгч ханшийн системтэй тул төгрөг гадаад зах зээлийн ийм нөлөөллийн улмаас суларсан гэж буй юм.
Тэгвэл бид урт хугацаандаа ханшийг тогтвортой байлгах чиглэлээр дотооддоо арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд анхаарахаас гадна дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн харилцаа, эдийн засгийн шийдвэрүүдэд анхаарал тавьж суух шаардлага дагаж байна. Тэрчлэн том гүрнүүдийн худалдааны маргаан цаашид даамжирвал манай улсад хэрхэн нөлөөлөх бол гэсэн асуудал анхаарал татна. Бидний хувьд одоо бол ам.доллар төгрөгийн эсрэг чангарч буй талаар нэг ёсондоо ХАНШИЙН ЭРСДЭЛИЙГ тойрон ярьж буй. Тэгвэл ХУДАЛДААНЫ МАРГААН, ХАНШ гэж тусдаа том сэдэв, одоо дөнгөж өрнөл дээрээ байхад олон юм ярих хэцүү байна гэх байр суурийг эдийн засагч Н.Золжаргал илэрхийлж сууна.
Мөн зарим судлаачид худалдааны маргаан эерэг, сөрөг аль аль нөлөөг дагуулах боловч, одоогоор мэдрэгдэх болоогүй гэх нь ч байна. Одоо харагдаж байгаачлан худалдааны маргаан түүхий эдийн зах зээлд уналт дагуулж буй ч, урт хугацаандаа худалдааны салбарт сөрөг үзүүлэлтүүд гарч ирнэ гэгдэж байгаа юм. Хэрэвзээ тэргүүлэгч эдийн засагтай орнуудын энэ маргаанаас манай өмнөд хөрш алдагдал хүлээж эхлэх юм бол жинхэнэ утгаараа таваарын зах зээлд хасах үзүүлэлтүүд тэмдэглэгдэж, улмаар манай эдийн засагт бараан сүүдэр тусах эрсдэл бий. Гэхдээ эерэг мэдээлэл ч бас байна. Маргаантай холбоотойгоор алт, нефтийн ханш унаж, таваарын зах зээлд савлагаа үүсэх ч, энэ нь цаашлаад үйлдвэрлэлийн металлын үнэ өсөх суурь болно гэсэн прогнозыг шинжээчид хийж байна. Тэгэхээр өмнөд хөрш рүү цөөн нэр төрлийн түүхий эдээ гаргадаг бидний хувьд энэ нь чимэгтэй төсөөлөл.
Нийт импортынхоо 70 орчим хувийг ам.доллараар хийдэг тул ханшийн хэлбэлзэл мэдээж гол нөлөөг үзүүлж таарна. Импортын үлдэх хувийг юаниар гүйцэтгэж байгаа тул юанийн ханш ч бас нөлөөтэй. Тэгвэл юанийн төгрөгтэй харьцах ханш ерөнхийдөө суларсан үзүүлэлт хадгалагдаж байгаа юм. Гэхдээ сарын өмнөхтэй харьцуулахад юань төгрөгийн эсрэг чангарсан тоо харагдаж байна. Есдүгээр сарын 19-ний өдрийн албан ханшаар 1 юань 364.76 төгрөг байсан, харин өнөөдөр 369.49 төгрөгтэй тэнцэж байна. Харин өмнөх дөрөв, тавдугаар сард 383 төгрөгтэй тэнцэж байсантай харьцуулбал юань суларсан хэвээрээ байгаа юм.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 4 )
Ter hujaa amid uu Zoljargal
Ѳмнѳд хѳрш алдагдал хүоээхгүй байхаа....
EDIIN ZASAG TAAMGAAE OSOJ URUUDDAG BOLOHOOR IREH ONII TOSOV HANSHIN DEER TOGTOH UCHRAAS OODROGOOR TODOTGOH N BURUU
dainii suuder