ТӨСӨВ 2019: Тодотгохгүй гэсэн ч ТООНУУД айдас дагуулж байна

2018 оны 10 сарын 26

Монгол Улс гэдэг “айл” ирэх онд хэд хэчнээн төгрөг олж, хэдийг нь хэрхэн зарцуулах вэ гэдэг сэдэв ид халуун байна.  Арваннэгдүгээр сарын 15-н гэхэд цаасан дээрх төсөл ТӨСӨВ болон биежиж,  УИХ-ын үүдээр гарч, хэрэгжүүлэгчдийн мэдэлд шилжих ёстой. Тэгэхээр урд хүлээж буй 20 хоногийн хугацаанд төсөл дэх ус шүүсийг шахаж, орлогоо бодитой төлөвлөж, зарлагыг ухаантай тооцох уу, эсвэл судлаач, эдийн засагчдын шүүмжлээд байгаа тоонууд хэвээрээ үлдэх үү гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

2019 оны төсвийн орлогын төлөвлөлт тойрсон сэдвээр СЭЗИС-ийн багш, судлаачид хөндлөнгийн шинжилгээ хийсэн байна. Ирэх оны төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж байна гэсэн байр суурийг судлаачид илэрхийлж байгаа юм. Энэ  онд төсвийн орлогыг 7.2 тэрбум төгрөг байхаар эрх баригчид жилийн өмнө батлаж байсан бол ирэх 2019 онд төсвийн орлогыг  9 их наяд 676.5 тэрбум төгрөг байхаар тооцчихоод буй. Хэдийгээр эдийн засагт нааштай тоонууд байгаа ч, төрөлжилтгүй, орлогын эх үүсвэр хумигдмал чигээрээ, дээр нь гадаад зах зээлээс таагүй нөлөөллүүд ирэх магадлал өндөр байсаар атал, нэгхэн жилийн өмнөхөөс орлогыг 2 их наяд 400 гаруй тэрбумаар нэмж тооцсон төслийг Сангийн яам боловсруулчихаад, зарлагаа мөн 2 их наяд гаруйгаар илүү гаргаж тооцоод байгаа юм л даа. Гэтэл төсвийн зарлагын 8.2 их наяд төгрөг нь төрийн албаны урсгал зардал байгаад байдаг.

Харин Сангийн яам төсвийн орлогын эх үүсвэрийг тооцохдоо уул уурхайн салбараас төсвийн орлогын 27 хувь нь орж ирнэ гэж буй. Тэгвэл үүний 98 хувь нь нүүрс, зэсийн экспортын орлого байх ёстой. Тэрдундаа нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэнэ гэсэн тооцоолол байгаа нь, шинжээчдээс шүүмж сонсоход хүргэж байна.

Хэдийгээр Сангийн сайдын зүгээс энэ тооцооллыг маш бодитой хэмээж, боомтуудын нэвтрэх чадварын сайжруулан, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж буй ч, өнөөдрийн тоон мэдээллүүдээс харахад ирэх оны тооцоолол хүчгүйдэж байна. Уул уурхайн яамнаас өгч буй мэдээллээр энэ оны есдүгээр сарын байдлаар манай улсын олборлосон нүүрсний хэмжээ 33.5 сая тонн ч, хил давуулж борлуулсан нь 28 сая тонн л байгаа юм. Тэгэхээр он сүүлийн улиралтайгаа золгочихоод байхад бидэнд байгаа статистикаас харахад л нүүрсний экспортыг ирэх жил 42 сая тонноор хэмжиж харах нь эрсдэл дагуулж мэдэхээр байгаа юм. Үүнийг ч шинжээчид тодотгож байна.

Сангийн яамны зүгээс мэдэгдэхдээ энэ оны тухайд эдийн засгийн идэвхжил нэмэгдсэн, зарим төрлийн татвар өөрчлөгдсөн, барааны импортын дүн өмнөх оны мөн үеэс 39.9 хувиар өссөнтэй холбоотойгоор нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого бүрдүүлэлт 2017 оны мөн үеэс 29.3 хувиар буюу 1153 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэж буй. Тодруулбал, Татварын орлого 31 хувиар, татварын бус орлого 4 хувиар өссөн. Татварын орлогыг бүрэлдэхүүн хэсгээр задалж харвал импорттой холбоотой орлого 467 тэрбум төгрөгөөр, орлогын албан татвар 278 тэрбум төгрөгөөр, нийгмийн даатгалын орлого 145 тэрбум төгрөгөөр, дотоодын бараа, үйлчилгээний татвар 98 тэрбум төгрөгөөр өмнөх оны мөн үеэс тус тус нэмэгдсэн гэж байгаа юм.

Харин төсвийн орлогын бүрдүүлэлтэд судалгаа хийсэн шинжээчдийн хэлж буйгаар бол төсөв дэх татварын орлогын гүйцэтгэл 2010 оноос хойш төлөвлөснөөс доогуур явж ирсэн гэж буй юм. СЭЗИС-ийн багш, судлаач Ш.Батцэнгэл “Нээлттэй нийгэм форум”-д болсон төсвийн орлогын төлөвлөлтийн талаарх хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ “УИХ 2006 оноос хойш яг ийм байдлаар өөдрөг төсөв баталж, түүнийгээ 1-2 удаа тодотгож байсан. 2009 онд бүр гурван удаа тодотгол хийснээс ийм төсөл ямар эрсдэлтэй болохыг харж болно. 2012-2016 онд төсвийн орлогын гүйцэтгэл байнга хасах утгатай гарч байсан. ОУВС-гийн хөтөлбөрийн ачаар 2017 онд эерэг утгатай гарсанд дөрөөлж ирэх оны төсвийг  хэт өөдрөгөөр харах нь  эрсдэлтэй гэлээ. Мөн тэрбээр ирэх онд эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүрнэ, дагаад татварын орлого өснө, улмаар төсөвт төвлөрөх орлого нэмэгдэнэ гэсэн тооцооллыг шүүмжиллээ.

Сангийн сайд төсөвт тодотгол хийхгүй гэж хэлсэн ч, судлаачид орлого, зарлагыг өсгөсөн тоонуудаас болгоомжилж байна.  

Тэгвэл ирэх онд Төрөөс баримтлах Мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг харахад эдийн засгийн төсөөллийг хийхдээ ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т тусгагдсан мөнгөний болон төсвийн бодлогын арга хэмжээнүүд хэрэгжиж, уул уурхайн бүтээн байгуулалт үргэлжилнэ, төрийн болон хувийн секторын ажилчдын цалин нэмэгдэнэ гэсэн таамаглалт нөхцөлүүдийг ашигласан байгаа юм. Гэхдээ 2019 онд түүхий эдийн үнэ буурахаар хүлээгдэж байгаа нь уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хумих нөлөө үзүүлнэ.

Хөрөнгийн дотогшлох урсгал сайжрах, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэх зэрэг хүчин зүйлсийн голлох нөлөөгөөр уул уурхайн бус салбарын өсөлт харьцангуй тогтвортой хадгалагдахаар байна гэж Үндсэн чиглэлд тусгасан байгаа юм. Ирэх онд активын чанарын үнэлгээний хүрээнд хийгдэх ажлууд жигдэрснээр бизнесийн зориулалттай олгох зээл болон банкны ашигт ажиллагаа нэмэгдэж, хөрөнгө оруулалтын хэмжээ хэвийн түвшиндээ хүрч өснө гэж үзсэнээр уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл 2018 онтой харьцуулахад бага зэрэг нэмэгдэнэ.Харин 2020 онд зарим түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнэ эргэн нэмэгдсэнээр уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэх төлөв бий талаар тусгасан байгаа юм.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гуулин шанага(103.10.21.105) 2018 оны 10 сарын 26

Амь тавихын өмнөх гулгадас гэгч болж байнадаа эрх баригчид.

0  |  0
zochin(66.181.179.200) 2018 оны 10 сарын 26

EDIIN ZASGIIN OSOLTIIG DELHII DEER YAG ONOHGUI TAAMGAAR HELDEG N BLOOMBERGTV EES ANZAARCH BOLNO TEGEHEER HANSHIND NAIDAJ BOLOHGUI

0  |  0
Top