Ийнхүү эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Монголбанкны зүгээс 2018 оны эхнээс өнөөдрийг хүртэл 750 сая ам.долларын интервенци хийгээд байгаа бөгөөд энэ жилд нийтдээ нэг тэрбум орчим ам.долларын интервенци хийх шаардлагатай байгааг дуулгасан. Харин үүний дараа валютын ханш, бензин, шатахууны үнийн асуудлаар Засгийн газар, Монголбанкинд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны аравдугаар сарын мэдээгээр Монгол Улсад 3238 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас ашиглалтын тусгай зөвшөөрөл 1654, хайгуулын тусгай зөвшөөрөл 1584 байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хэлсэн. Энэ үеэр Байнгын хорооны гишүүд Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны төлөөлөлд чамгүй зэм хүртээгээд гаргана лээ.
Дашрамд дурдахад, алтны уурхайн төслийн 2015-2017 оны уулын ажлын төлөвлөгөө, тайлангийн гүйцэтгэлээс харахад үндсэн ордын хувьд 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн боловч 4-5 аж ахуйн нэгж тухайн жилдээ уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Шороон ордын хувьд дээрх хугацаанд 107-151 аж ахуйн нэгж олборлолт хийхээр уулын ажлын төлөвлөгөө батлуулсан боловч 51-74 нь гүйцэтгэлээ тайлагнасан гэдгийг албаны хүмүүс дуулгасан.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
Алт ухаж байгаа нь байгальд ихээхэн сөрөг нөлөөтэй гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Манайхаас их алтны нөөцтэй арлын япончууд алтаа огт ухахгүй байна. Гэтэл бид ямар ч хамаагүй газрыг ямар ч хамаагүй үнээр ухах болжээ. Сүүлдээ түүхийн дурсгалт Ноён уул руу дайрлаа. Уг нь роялти 10 хувь байсан бол УИХ-аас 2.5 хувь болгож бууруулсан нь шууд лобби орсонтой холбоотой. Одоо ахиад алт ухах тухай яриад орж ирж байгаа нь буруу. Алтны татварыг шинэчилсэн хуулиар огт бууруулж болохгүй шүү. Энэ тал дээр танай яамнаас ямар ажил хийж байна вэ. Энэ эмх замбараагүй олборлолт явуулж байгаа ААН-үүдэд ямар арга хэмжээ авсан юм.
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал
Энэ асуудлыг цэгцлэхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хянгалтын газартай хамтарсан ажлын хэсэг гараад ажилласан. Гэтэл Засгийн газрын 151 тоот тогтоолоор бичил уурхай эрхлэгчдийг дэмжсэн нь яах ч аргагүй байдалд хүргэсэн. Нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх шинэчлэх цаг нь болсон юм.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
Уул уурхайн яамны танилцуулгаас харж байхад 19 аймагт алт ухаж байгаа юм байна. Ухаж болдог газар гэж бий, ухаж болохгүй газар гэж бий. Алтнаас үнэтэй зүйл бол өвөг дээдсийн ариун шарил бунхан. Нөгөө талаар танай яамныхан асуудлаас эвтэйхэн булзсан, хуульд буруугаа чихсэн хариулт өгч байна. Яахаараа 19 аймагт олборлолт явуулж байгаа бэ. Үүнийг танай яамнаас цуцлах арга байдаггүй юм уу.
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал
Манай яамнаас нэгдүгээрт, нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд, хоёрдугаарт, үнэхээр байгальд шууд хор нөлөөтэй бол лицензийг цуцлах эрхтэй. Түүнээс бусад зүйлд цуцлах эрх зүйн орчин байхгүй. Тиймээс бид Ашигт малтмалын хуулиа сайтар боловсруулж, хурдхан шиг батлах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Алт олборлох, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа нь өөрөө Монгол Улсын эмгэнэл болчихлоо. Тэр тусмаа алт бол нэг хоёр хүн баяжаад, нэг хэсэг нь хоосон үлддэг ийм зүйл. Үүнээс гадна нөхөн сэргээлт байдаггүй. Одоо энэ Заамарыг хар, Баянхонгорыг хар, ямар болчихсон байна. Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах эрх нь Засгийн газарт байгаа учраас хурдхан шиг оруулж энэ байдлыг цэгцлээсэй. Одоогийн хуулиар шороон ордод олборлолт явуулдаг байдлыг зогсоож үндсэн ордод олборлолт явуулах талыг дэмжих нь чухал.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
Монголчууд бид 80 сая малтай, дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг дангаараа гаргаж байна, тэгээд 21 аймгийнхаа нутаг дэвсгэрт алттай гуравхан сая хүнд газраа ухахгүй амьдрах боломж байгаа шүү. Одоо орж ирэх хуулийг нэлээд чангатгасан, энэ хавтгайрсан лицензны байдлыг цэгцлэхгүй бол хэцүүдлээ. Бид алийн болгон лиценз нэрээр цаас худалдаж, түүнийг авч, өгч амьдрах вэ. Өнөөдөр нэг ААН-д 200 лиценз байгаа нь нууц биш шүү.
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал
Манай яамнаас дөрвөн том төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн хувьд гол төлөв ашигт малтмалын лицензийг цэгцлэх, нөхөн сэргээлтийн асуудалд анхаарсан. Үүнээс гадна үйл ажиллагаа явуулахад тал талын хүндрэл үүсгэж байгаа олон зүйлийг тусгасан. Ер нь нэлээд чангатгасан хуулийн төсөл бэлэн болж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
“Алт-II” хөтөлбөр хэрэгжихээр 20-40 тонн алт олборлох мэдээ байна. Ингэхээр ёстой замбараагаа алдаж таарна. Тэгэхээр эхлээд хууль эрх зүйн орчноо маш сайн болгох хэрэгтэй. Тэгээд энэ их мөнгө хаашаа орох вэ гэдэг асуудал бий. Алт ухсан хэдхэн хүн баяжаад бусад нь ядуураад байх хууль хэрэггүй. Тэгэхээр ард түмэнд очих ёстой хувь бол роялтид л байгаа шүү дээ. Өнөөдөр орон нутагт нөхөн сэргээлт нэрээр том компаниуд олборлолт явуулсан газарт бичил уурхай л эрхэлж байна.
С.Ууганбаяр
www.zindaa
Сэтгэгдэл ( 0 )