Одоогоос яг таван жилийн өмнө БНХАУ-ын дарга Си Жиньпин “Торгоны замын эдийн засгийн бүс” болон “21-р зууны далайн торгоны зам” санаачилгаа олон нийтэд танилцуулж байв. Дэлхийн 100 гаруй улс орон ямар нэгэн хэмжээгээр оролцож буй энэ санаачилгын хүрээнд чухам юу болж өнгөрсөн бэ?
ЭДИЙН ЗАСГИЙН ЗУРГААН КОРИДОР
БНХАУ-ын хувьд эдийн засгийн өсөлтийн шинэ загвар боловсруулах, хиймэл оюун ухаан зэрэг технологийн шинэ ололтуудыг ашиглан аж үйлдвэрийн шинэ хувьсгалыг эхлүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангана гэсэн зорилготой байна. Ингэснээр АНУ-ыг худалдаа, эдийн засаг зэрэг бүх л салбарт гүйцэж түрүүлэн, дэлхийн эдийн засгийг шинэ тавцанд гаргана гэж мэдэгдэж байсан билээ. Эдийн засгийн зургаан коридор түүн дээр тулгуурлан далайн торгоны замын хүрээнд Ази тивийг Африктай холбох зорилготой “Бүс ба зам” санаачилга Африк тивийн Кени, Этиопоос эхлээд Европ тивийн Герман, Беларусь, Англи, Ази тивийн Индонези, Малайз, Монгол хүртэл дэлхийн 55 улс, цаашлаад дэлхийн 100 гаруй улсад шууд бус байдлаар хөрөнгө оруулж байна.
“Бүс ба зам” санаачилгын хоёр дэд хэсгийн нэг нь Торгоны замын эдийн засгийн бүс юм. Евразийг бүхэлд нь эдийн засгийн коридороор холбох асар том амбицтай энэ төслийн хүрээнд зургаан том коридор хэрэгжүүлэхээр зэхээд байна.
Евразийн шинэ гүүр: Хятад болон ОХУ-ын баруун хэсгээс Казахстан, БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах муж, Польш, Германыг авто болон төмөр замаар холбон, агаарын замын тарифыг хөнгөлөхөөр зэхэж байна.
Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор: Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, ОХУ-ын хөрөнгө оруулалтын сан хамтран гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах боломжтойг анх 2012 онд сануулж байв. Үүнээс хойш дөрвөн жилийн дараа буюу 2016 оны зургадугаар сард Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон гурван улсын төрийн тэргүүн нарын гурав дахь уулзалтаар энэ хөтөлбөрийг баталжээ. Эдийн засгийн коридор байгуулахтай холбоотойгоор зам тээврийн салбарын 13, аж үйлдвэрийн салбарын 2 төсөл, хил гааль, хорио цээрийн салбарын тав, байгаль орчны салбар, шинжлэх ухаан, боловсрол, технологи, хүмүүнлэгийн тус бүр гурав, эрчим хүч, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн тус тус нэг хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Одоогоор гурван талын шинжээчдийн гурван удаагийн уулзалт болоод байна.
Хятад-Пакистаны эдийн засгийн коридор: БНХАУ үүнийг “Бүс ба зам” санаачилгын томоохон төслүүдийн нэг гэж мэдэгдээд байна. БНХАУ-Пакистаны дэд бүтцийн салбарыг төмөр зам, авто зам, агаарын зам, далайн тээврийн замаар бүсчлэн хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүч, эдийн засгийн чадварыг дээшлүүлэх хэд хэдэн дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр санаачилжээ. 2016 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Гвадар боомтоор дамжуулан баруун Азиас, африк тив хүртэлх анхны далайн тээврийг эхлүүлсэн байдаг. Хятад-Пакистаны эдийн засгийн коридор байгуулах төсөлд нийт 62 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Үүнээс гадна Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмарыг холбосон эдийн засгийн коридор, Хятад-Сингапур, Хятад-Сингапур гэсэн хэд хэдэн дэд бүсийг байгуулахаар хамтын ажиллагааны санамж бичиг үйлджээ. Одоогоор дэд төслүүдийн эдийн засгийн үнэлгээ гараагүй, зарцуулах төсөв тодорхой болоогүй байна.
БНХАУ-ын Худалдааны яамны мэдээллээр Хятадын компаниуд “Бүс ба зам”-д холбогдох 55 оронд 7.68 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн байна. Түүнчлэн “Бүс ба зам”-ын 61 улстай 1922 удаа шинэ гэрээ үйлдэж, гэрээний мөнгөн дүн 47.79 тэрбум ам.долларт хүрсэн. Нийт эргэлт нь 38.95 тэрбум ам.доллар болно гэж тооцоолжээ.
XXI ЗУУНЫ ДАЛАЙН ТОРГОНЫ ЗАМ
Эртний торгоны замыг далайн тээврээр хөгжүүлэн улс орнуудын харилцааг өргөжүүлнэ гэх том амбицтай энэ төсөл Зүүнхойд Ази, Далайн орнууд, Хойд Африк тивийг далайн замаар холбох үндсэн зорилготой юм. Өмнөд Хятадын тэнгис, Номхон далайн өмнөд хэсэг, Энэтхэгийн далайгаар холбохоор санаачилжээ. 2013 оны аравдугаар сард Индонези улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин анх санаачилгыг нэвтрүүлж байлаа. Азийн сэргээн босголт хөгжлийн банк дээр суурилан далайн торгоны зам төсөл хэрэгжинэ гэж дүгнэжээ. Эдийн засгийн коридор гэсэн томоохон төслүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх учраас 80 гаруй тэрбум ам.доллар зарцуулах ерөнхий төлөвлөгөө гарсан байна.
"БҮС БА ЗАМ"-ЫН ҮНЭ ЦЭНЭ
Азийн сэргээн босголт хөгжлийн банкны мэдээллээр бүх төслүүд нэг их наяд юань буюу 160 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж дүгнэжээ. БНХАУ-ын Худалдааны яамны мэдээллээр Хятадын компаниуд “Бүс ба зам”-д холбогдох 55 оронд 7.68 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн байна. Түүнчлэн “Бүс ба зам”-ын 61 улстай 1922 удаа шинэ гэрээ үйлдэж, гэрээний мөнгөн дүн 47.79 тэрбум ам.долларт хүрчээ. Нийт эргэлт нь 38.95 тэрбум ам.доллар болно гэж тооцоолжээ.
БНХАУ-ын дарга Си Жиньпин 2014 оны арваннэгдүгээр сард хөрөнгө оруулалтын “Торгоны зам сан”-г байгуулж байгаагаа албан ёсоор зарлажээ. Нийт 40 тэрбум ам.долларын хөрөнгөтэй уг сан эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрт хөнгөлөлттэй зээл олгох зорилготой юм. “Торгоны зам сан”-гаас Пакистаны Карот усан цахилгаан станцын төсөлд 350 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 2030 он хүртэл олгожээ.
Сонирхуулахад, өчигдөр /2018.10.30/ БНХАУ-ын Боао хотноо “Бүс ба зам” хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны форум эхэлсэн. Уг форумд Монгол Улсыг төлөөлж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Гадаад харилцааны зөвлөх Я.Индра, "Ньюс" агентлагийн гүйцэтгэх захирал Р.Мөнхзул тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Форумаар “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил, төслийн ач холбогдол, хүрэх үр дүнг танилцуулж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо, гүйцэтгэх үүргийг онцлон хэлэлцэж байгаа юм. Хэвлэл мэдээллийн форумд 90 гаруй улсын 205 хэвлэл, мэдээллийн байгууллагын 256 төлөөлөгч оролцож байна.
Б.Аззаяа
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
tsus ni oirtson muu surlagatai baisan ulsuud iimerxuu yum l yarij baigaa yum shuudee
DALAIN TEEVER UDAAN UCHRAAS TZ-G SONGOJ BAIGAAM