Doing Business: Монгол Улс 12 байр ухарлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 01

Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорациас жил болгон явуулдаг “Бизнес эрхлэх нь 2019” олон улсын судалгаанд Монгол Улс 190 улсаас 74 дүгээрт жагслаа. Өнгөрсөн жилийн судалгаанд 62 дугаарт жагсч байсан бид ийнхүү 12 байр ухарсан байна. Хэдийгээр гарааны бизнес эхлүүлэх, бизнес эрхлэх зөвшөөрөл авах байдал сайн байгаа ч төрийн зүгээс үзүүлдэг элдэв төрлийн татварын дарамт, гэрээ, зөвшөөрлийн хүлээгдэх хугацаа зэрэг нь олон байр ухрахад нөлөөлжээ.

Монгол: Бизнес эхлүүлэхэд саадгүй, гэхдээ...

Өнгөрсөн жилийн тайланд бид 67.4 оноо авч, бизнесийн орчин эрс сайжирч байгаа хөгжиж буй орнуудын тоонд орж, анхааралд өртөж байж. Ялангуяа гарааны бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хүртээмж, гарааны бизнесийг дэмжиж байгаа бодлогын хувьд бүс нутгийн анхаарлыг татаж байлаа. Гэтэл төлбөрийн чадамжгүй байдлыг зохицуулах гэдэг шалгуураар 0.09 хувиар унаж, 190 улсаас 152-т, эрчим хүчний хүртээмжтэй байдлаар 0.12 хувиар унаж, 148 дугаарт жагсчээ.

Монгол Улсын хувьд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийг хурдан шуурхай олгож, бизнес эрхлэгчдийн анхны хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж байгаа нь бүс нутагтаа жишиг болохуйц зүйл гэдгийг шинжээчид хэлж байна. Яг энэ шалгуураар бид 190 улсаас 22-т жагсч буй. Түүнчлэн барилгын зөвшөөрөл олгох үйл явц шат дамжлагаа цөөрүүлсэн, нэхэмжлэгчийн төлөх төлбөрийг бууруулах замаар гэрээний хэрэгжилтийг сайжруулсан нь үр дүнд хүрснийг онцоллоо.

Монголд бизнес эхлүүлэхэд таатай. Бүс нутагтаа ч энэ үзүүлэлтээр тэргүүлэгч орнуудын нэг. Гэхдээ нэгэнт эхэлсэн бизнесийг бид бодлогоор дэмжиж чаддаггүй аж. Эрчим хүч, тээвэр ложистик зэрэг дэд бүтцийн асуудал, бодлогын зарим нэг зүйлээс шалтгаалан бизнес дампуурах, өөр компани нэгдэх зэрэг асуудал ажиглагдсаар байгааг анхаарах хэрэгтэй.

 

Тэд өөрчилж чадсан

Дэлхийн 128 орон бизнесийн орчныг шинэтгэх тал дээр ямар нэгэн шийдвэр гаргажээ. Ялангуяа жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнест анхаарч, ажлын байр шинээр бий болгох, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих тал дээр дэлхий нийтээрээ анхаарсан байна. Тэр дундаа бага болон бага-дунд орлоготой, хөгжиж буй гэх ангилалд багтах улс орнуудад 172 төрлийн шинэтгэл хэрэгжжээ.

Жибути, Энэтхэг. Тэд энэ жил бизнесийн орчноо хамгийн их сайжруулсан 10 улсын тоонд хоёр жил дараалан багтсан байна. Дээрх хоёр улс бүртгэлийн болон төрийн ихэнх үйлчилгээг нэгдсэн сервер бүхий дата баазад холбон, зөвшөөрөл авах шат дамжлагыг бууруулж чаджээ. Мөн бизнесийн орчныг хамгаалж, сайжруулах тал дээр 5-7 төрлийн томоохон ажил хийсэн гэдгийг тайланд дурдсан байна.

“Хамгийн ихээр сайжирсан улс орнуудын жагсаалт нэлээд төрөлжсөн байгаа нь аль ч цар хүрээний, орлогын аль ч түвшний эдийн засаг дотоодын жижиг, дунд бизнесүүдээ дэмжин, бизнесийн орчныг сайжруулах боломжтой гэдгийг нотлон харуулж байна” гэж Дэлхийн банкны Хөгжлийн эдийн засгийн асуудал хариуцсан захирал Шанта Деваражан ярьсан.

Энэ жил бизнесийн орчноо хамгийн сайжруулсан 10 улсын жагсаалтад БНХАУ хүч түрэн орж ирэв. Тэд эрчим хүч түгээх сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд холболт үнэгүй хийх зэрэг бодитой арга хэмжээ авчээ. Түүнээс гадна бизнесийн үйл ажиллагааны татварыг цуцалж, тайлан бэлтгэх тэмдэгтийн хураамжийг тус, тусдаа байсныг болиулж нэгтгэх зэрэг захиргааны шинжтэй хэд, хэдэн захирамж гаргасан нь бизнесийн орчинг сайжруулах үндэс болсон байна.

*         *       * 

Монгол Улс түүхэндээ хэд хэдэн удаа буюу 2000, 2007 оны эдийн засгийн хямралын жилд дээрх судалгаанд 5-10 байраар ухарч байлаа. Гэвч энэ удаагийнх шиг 12 байр ухарч байсан нь үгүй. Энэ жил дэлхийн бүх улс оронд эдийн засгийн шинэчлэл хийх замаар бизнесийн орчныг сайжруулахад анхаарсан нь Монгол Улсыг байр ухрахад нөлөөлсөн гэж үзэж байна. Нөгөө талаас Монгол Улсад бизнес эхлүүлэх орчин сайн ч эхэлсэн бизнесийг бодлогоор дэмжихдээ бусад улсаас харьцангуй сул байгаа нь нөлөөлжээ.

Жил, жилийн судалгаагаар Монгол Улсад сануулдаг танил санамжууд энэ удаад ч өөрчлөгдсөнгүй. Сонгуулиас сонгуулийн хооронд ялалт байгуулсан нам бодлогоо өөрчилж, зарим үйл ажиллагааг зогсоон, өөр салбартай нэгтгэдэг зэрэг нь бизнесийн орчинд сөргөөр нөлөөлдөг ажээ. Хэрэв Монгол Улс татварын бодлогоо уян хатан болгож, төрийн хүнд суртлаа арилгаж, бүртгэл болон төрийн зарим үйл ажиллагааг цахим болгож чадвал хамгийн бүтээмжтэй бизнесийн орчинтой болоход ойрхон байна гэж Олон улсын санхүүгийн корпорацийн тайланд дурдсан байв. 

Б.Аззаяа

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top