"Хэрэв би өөрийгөө ялан дийлээгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүн болох байсан"

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

-Би тэргэнцэр дээр суухыг, таягнаас дүүжлэгдэхийг хүсээгүй. Яагаад гэвэл энэ миний мөрөөдөл биш-

Нэг, хоёр, гурав... хөл нь ясандаа тултал эмзэглэн өвдөж, таягаа хөсөр хаян унах бяцхан хүү шүд зуун ахиад л босон алхана. Нэг, хоёр, гурав, дөрөв... Үеийн найзуудынх нь цовоо сэргэлэн дуу тэнгэрт хадан, хөвгүүдийн цагариг эргүүлэн гүйлдэх, охидын дээс сүнгэнүүлэн дэгдэх чимээ түүний чихэнд тодоос тод сонсогдох бүрийд зүрхэн дээр нь гишгэлэх мэт ёгхийтэл хатгуулна. Амьдралыг таньж амжаагүй арван гуравхан насандаа хөлдөө хүнд гэмтэл авч, түнхээ мулталж тэсэхийн аргагүйг тэсэж адар ширтэн хэвтэхдээ Ш.Амарсайхан дэлхийд нэрээ мандуулсан тамирчин болно доо гэж шазуур зуун өндийжээ. Угийн чанга хатуу биетэй, чанд дэг журамтай, зорилгодоо үнэнч тууштай тэрбээр 2003 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн Бодибилдинг, фитнесийн багш, дасгалжуулагчийн мэргэжлээр төгсөв. MISTER OLIMPIA ASIA тэмцээний хүрэл медальт, Монголын мистер Ш.Амарсайхан мэргэжлээрээ эдүгээ хүртэл 16 жил ажиллаж, хичээллэж байна.

Бодибилдинг спорт дэлхийд анх үүсээд 90-ээд жил болсон бол Монгол Улсад 1990 онд “Тайхар” клубийг Монголын анхны гурван удаагийн мистер Б.Батсуурь, “Хар ирвэс” клубийг Хүндийн өргөлтийн дасгалжуулагч У.Бадамжав үүсгэн байгуулснаар эхэлсэн түүхтэй. 1990-ээд он бол зах зээл болоод хүний эрх чөлөө, сэтгэлгээ, бүхий л зүйлс хайрцгаасаа гарч, хүн бүхэн дуртай зүйлээ хийж эхэлсэн он жилүүд.  Тухайн үед “Монголын бодибилдингийн холбоо” үүсгэн байгуулагдаж, С.Зориг агсан холбооны ерөнхийлөгчөөр, У.Бадамжав ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байжээ.  Тэр цагаас хойш Монголд 300 гаруй фитнес, бодибилдингийн клуб ажиллаж, түрээсийн байранд өндөр зардлаар бүхнийг болгож явна. Өндөр хөгжилтэй оронд бодибилдингийн төвүүдийн байрны асуудлыг хямд өртгөөр, эсвэл үнэ төлбөргүй явуулдаг бодлого нь хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хийж буй нэгэн шийдэл юм.

Бодибилдинг бол маш их цаг хугацаа, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг спорт.  Монголын анхны мистер тэмцээн 1991 онд Залуучуудын соёлын төвийн байранд болж, Б.Батсуурь гурван жил дараалан Монголын сайхан залуугаар тодорч байсан юм. Цаашлаад Н.Буянтогтох, А.Энхтайван, Н.Ганболд, Д.Батгэрэл, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Золбаяр, Ж.Нурлан, Д.Ууганбаяр, Б.Пүрэвдорж, З.Мөнхбаатар, Л.Баянхүү, Д.Бат-Эрдэнэ Э.Ганзориг зэрэг мистерүүд төрөн гарсан бол 2018 онд өнөөдрийн нийтлэлийн гол баатар Ш.Амарсайхан түрүүлжээ. Монголын мистер болно гэдэг асар том нэр төрийн хэрэг. Залуу насны төгөлдөр бие цогцос, нүүр царай, булчин шөрмөсөөрөө гайхуулан, бусдадаа үлгэр дуурайл болж эрүүл чийрэг амьдрахуйн ухаанд уриалан дуудаж хүмүүний нүд болоод сэтгэлийг баясган, гайхан шагшруулах сайхан.

Гол нь өөртэйгөө өрсөлдөөд, өөрийнхөө биеийг 100 хувь

 өөрчилж чадсан шүү гэж мэдрэх л хамгийн сайхан

Гэвч, энэ спортын үндсэн философи нь өөрөө өөрийгөө ялан дийлэх. “Гол нь өөртэйгөө өрсөлдөөд, өөрийнхөө биеийг 100 хувь өөрчилж чадсан шүү гэж мэдрэх л хамгийн сайхан” гэж инээмсэглэн өгүүлэх Ш.Амарсайхан анх 50 килограмм жинтэй жижигхэн туранхай залуу байжээ. Тэрбээр энэ спортоор хичээллэснээс хойш энгийн үедээ 85 килограмм татдаг болжээ. Үндсэндээ энэ хугацаанд 35 килограмм булчингийн масс нэмэгдсэн байгаа биз.  “Хэрэв би өөрийгөө ялан дийлээгүй бол хөгжлийн бэрхшээлтэй л хүн болох байсан. Би тэргэнцэр дээр суухыг, таягнаас дүүжлэгдэхийг хүсээгүй. Яагаад гэвэл энэ миний мөрөөдөл биш. Тиймээс л би өөрөө өөртэйгөө тэмцэж эхэлсэн. Энэ спортоор хичээллэснээр эрүүл саруул байгаа минь юугаар ч сольшгүй аз жаргал юм” гэж тэр хэлэв.

Монголын бодибилдингийн спортын түүхийн 70 хувь нь “Хар ирвэс” клубтэй холбоотой. Олон тамирчид энэ клубээс төрөн гарсан. Д.Ууганбаяр Г.Алтаншагай Ж.Нурлан нараараа Амарсайхан тун их бахархаж байв. Үе тэнгийнхнээс нь АНУ-ын Колумбус хотноо “Arnold classic international 2017” бодибилдинг фитнесийн олон улсын тэмцээнд Монголын мистер, ОУХМ Г.Дорж аваргын цомын эзнээр тодорч, элэг нэгтнүүдээ баярлуулсан тухай өгүүлээд өдгөө ид гялалзаж буй тамирчин Г.Угалзцэцэг, Г.Жамц, Э.Ганзориг нараа ч дурдахгүй өнгөрч чадсангүй.

“Хар ирвэс” клуб нь үйл ажиллагаагаа явуулаад 30 жилийн нүүрийг үзэхдээ албан бус тоогоор 50 мянган гаруй хүн хичээллүүлсэн тоо бий. Фитнес гэдэг эрүүл амьдралын хэв маяг гэсэн үг. Эрүүл амьдралын хэв маяг бол зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, сайн амрах гэсэн тулгын гурван чулуутай. Сүүлийн үеийн залуучууд фитнесийг спорт гэж хардаг болсноор өдөр тутмын хэрэглээ болгож заншиж байгаа нь сайшаалтай. Энэ хандлага 10-аад жилийн өмнөөс эхлэлтэй. Бодибилдингийн спортыг 100 хувь гэж үзэх юм бол 70 хувь нь фитнес урсгал, энэ урсгал нь өвдөхөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв  маягт орно.  20 хувь нь эмчилгээний бодибилдинг буюу нарийн мэргэжлийн багш, дасгалжуулагч нар ажилладаг  бөгөөд гэмтлийн дараах нөхөн сэргээлт орно. Үлдсэн тавхан хувь нь их спорт буюу бялдаржуулах урлаг юм.

Түүний сэтгэлийн мухарт нуугдан буй дэлхийн аварга бэлдэх сонирхол цухалзан буйг анзаарсан би лавлан асуувал тэр “тийм” гэж эрсхэн хариуллаа.

Мистер, миссүүд шиг овойж товойсон булчин шөрмөстэй болохоо байг гэхэд хэдий хугацаанд хүссэн хэмжээндээ хүрэх бол. Хүүхдээр жишээ авч үзье л дээ биеийн хөгжлийн хувьд мезоморф буюу булчинлаг хүүхэд, эндоморф буюу төрөлхийн тарган, эктоморф буюу төрөлхийн туранхай хүүхэд гэж гурав хуваадаг аж. Булчинлаг хүүхэд нь хурдан амжилтад хүрдэг, генетик сайтай байдаг бол тарган хүүхэд маш удаан, өөх хасахад хугацаа их шаардана. Туранхай хүүхэд нь бодисын солилцоо хурдан учир идсэн хоол нь хурдан шингэдэг, ажиллагаа их байдаг. Бодибилдинг гэдэг “биеийг бүтээх, барих” гэсэн утгатай. Байшин барихтай л адил. Барилгаар зүйрлэвэл шинжлэх ухааны үндэстэй, системтэй дасгал хийвэл зургаан сарын хугацаанд барилгын суурь хундам нь цутгагдлаа гэж хэлж болно.  Ямарваа нэг зүйлийн суурийг сайн тавибал байшин бөх бат сайн баригдана гэсэн үг. Байшинг бүрэн барьж дуусгахын тулд 18-25 насны залуу хүн нэг жилийн хугацаанд бие бялдар, булчин шөрмөсний хувьд тодорхой хэмжээний өөрчлөлт гардаг ажээ.

Ш.Амарсайхан 2002 онд улсын таван удаагийн аварга, 2018 онд Монголын мистер болж байсан.  Мистер Олимпийн Аматур гээд 22 орны 1000 гаран тамирчин орж байсан олон улсын тэмцээнд 2017 онд орж хүрэл медаль авч байсан. Түүний туйлын зорилго бол тамирчин болох биш сайн багш дасгалжуулагч болох юм. Өөрөө тэмцээн уралдаанд ордог учир нь өөрийн биеэр мэдэрсэн бүхий л мэдрэмж, мэдлэгээ шавь нартаа зааж сургах гэснийх. Тэрбээр уг спортыг фитнес урсгалаар илүү түлхүү хөгжүүлэх зорилготой, тэр тусмаа гэмтэлтэй хүмүүстэй ажиллах эмчилгээний биеийн тамирын багш хийхдээ дуртай. Гэмтэлтэй хүнтэй ажиллахад багш хүн анатомын мэдлэгтэй, мэргэжлийн байх ёстой. Мөн тэднийг бариа засал, басейнтай хослуулахыг зөвлөх ч үе байна. Тамирчин хүн дасгалжуулагчийнхаа үгэнд орох л хамгийн үр дүнтэй. Багш хүн гэдэг мэргэжлийн онол, ёс зүйг үзсэн, зааланд тогтоосон системийн дагуу ажилладаг бол дасгалжуулагч нь дээрхтэй адил бүхий л мэдлэгтэйгээс гадна өөрөө спортын амьдралд 10-аас дээш жил амжилт үзүүлсэн байх шаардлагатай. Нэгийг харьцах нэгээр тулж ажиллаж, онол болон практик дээр тулгуурлан дасгалжуулж байж шавь нараа амжилтад хүргэнэ. Түүний сэтгэлийн мухарт нуугдан буй дэлхийн аварга бэлдэх сонирхол цухалзан буйг анзаарсан би лавлан асуувал тэр “тийм” гэж эрсхэн хариуллаа.

Хүн гэдэг өглөө бүр нүүрээ угаадаг шигээ, орой бүр шүдээ угаадаг шигээ

өдөрт нэг цаг дасгал хөдөлгөөн хийгээд байхад эрүүл байх боломжтой

Хүн гэдэг өглөө бүр нүүрээ угаадаг шигээ, орой бүр шүдээ угаадаг шигээ өдөрт нэг цаг дасгал хөдөлгөөн хийгээд байхад эрүүл байх боломжтой. Үүний зэрэгцээ шим тэжээлтэй, амин дэмтэй хоолыг бага багаар, ойр ойрхон идэх хэрэгтэй. Хүний зөв идэх хэмжээ нь өөрийнх нь атгасан гарын хэмжээтэй ижил байх ёстой. Энгийн хүн нэг өөр, тамирчин хүн нэг өөр. Энгийн хүн хоолоо бага багаар хоёроос гурван цагийн зайтай идэх бол тамирчин хүн хичээллэсэн жилийн хугацаа, зорилго, дасгалжуулалтын түвшнээсээ хамаараад өөр өөр. Энэ ертөнц дээр хүний хурууны хээ дахин давтагддаггүй шиг таны бие организм өөр шүү дээ. Эхлээд дасгалжуулагч хүн таны хөтөлбөрийг зохиохдоо таны зорилго дээр үндэслээд тухайн хүн хэдэн грамм уураг, тэжээл авах ёстой вэ гэдгийг цусны бүлгээс нь хамаарч төлөвлөдөг. Бодибилдингийн спорт бол бусад спортоос хатуу, чанд, хоолны дэглэм, нарийн бэлтгэл шаарддаг. Хамгийн сайхан жаргал нь тодорхой хэмжээний ачааллыг давчихаад хүссэн зорилгодоо хүрснээ харахад сайхан байдаг” гэж Амарсайхан зөвлөж байв.

Тэрбээр “Хар ирвэс” клубийн захирал, багш, тамирчны үүргийг давхар гүйцэтгэн ажиллаж байна. Жилд дунджаар 5000 хүн үйлчлүүлдэг гээд бодохоор гүзээгээ унжуулсан хүмүүс багасаж байгаагийн шинж болов уу. Зааланд хөлс үнэртэх хэдий ч энэ бол хэн нэгний хөдөлмөр хүч, тэвчээр хатуужлын үнэр гэж бодохоор эрч хүч амтагдах шиг болов. Энд тэндгүй залуус цээжний булчин шахах, гүйлтийн зам дээр гүйх, хөлийн булчин чангалах дасгал хийгээд завгүй байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тамирчин хүмүүс  учир спортын салбарынхныг бүхий л үйл ажиллагааг дэмжиж байдаг ажээ. Өнгөрөгч сард Монгол Улсын Ерөнхий сайд Ү.Хүрэлсүхийн ивээл дор “Хүчирхэг Монгол” бодибилдинг, фитнесийн тэмцээнийг зохион байгуулаад гол баатар маань тун завгүй байсан. Тэмцээний үндсэн зорилго нь нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан, дэлгэрүүлэх юм.  Ноднин Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн болон спортын байгууллагатай хамтраад “Хүчирхэг Монгол” өдөрлөг зохион байгуулахад 7000 орчим хүн цугларчээ. Өдөрлөгийн үеэр иргэдэд үнэгүй үзлэг шинжилгээ хийжээ. Жил бүр энэхүү арга хэмжээг зохион байгуулах сонирхолтой байгаа гэв.

Ер нь фитнесээр хичээллэхээр зорин ирж байгаа хүмүүсийн ихэнх нь илүүдэл жинтэй, суудлын ажил их хийдгээс болж нурууны суулттай, сахрын өвчтэй хүмүүс байдаг. Аливаа өвчлөлд хоол, хөдөлгөөн, буруу зуршил, удамшил нөлөөлдөг. Үүний голлох шалтгаан нь сүүлийн үед архи согтууруулах ундаа болсон. Архи дарснаас хол байхыг эрхэмлэдэг Амарсайханы хувьд залуустаа энэ хороос татгалзахыг уриалж байв. Үүнээс гадна бодибилдингийн спортоор хичээллэж байгаа хүний зайлшгүй хэрэглэх зүйл нь уураг. Уураг  гэдэг бол шингэн хоол гэсэн үг. Хэтрүүлэн хэрэглэвэл хор болдог, зөв зохистой хэрэглэвэл булчинг барьдаг. Барилгаар зүйрлэвэл тоосго нь гэсэн үг.

“Гадаад улсад бодибилдингийн тэмцээн уралдаанд явж байхад өндөр зэрэглэлийн дасгалжуулагчтай, өөрийн гэсэн арга барилтай, систем нь өөр байдаг. Бялдаржуулах урлагт мэргэжлийн тамирчдын түвшинд Америк улс, сонирхогчдын тамирчдын түвшинд Иран улс тэргүүлнэ. Мэргэжлийн түвшний тамирчин болохын тулд олон улсын А зэрэглэлийн тэмцээнүүдээс дэлхийн аварга, азийн аварга болсон байх, мистер олимпиадын тэмцээнд хоёр удаа түрүүлсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг” гэж Монголын мистер хэллээ. Түүний хөлд ямар ч бэртлийн ул мөр, үл мэдэг хазайх ч шинж мэдэгдсэнгүй, эрс шулуухан алхаа, цэх шулуун нуруу, хүдэр чийрэг, булчинлаг биеэ гайхуулан “дэлхийн аварга”-аа дасгалжуулахаар алхаж одлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top