"ДОХА-2019"-ийн анхны аварга тодорлоо

Админ | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

Ц.Энхтүвшин ."Таван цагариг"

Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар тэсвэр, хатуужлын гайхамшгийг харууллаа. Катарын нийслэл Доха хотноо эхэлсэн хөнгөн атлетикийн 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны медальтнууд тодров.

Есдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө буюу орон нутгийн цагаар шөнийн 00 цагаас эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн эхэлсэн. Энэ нь шөнө дунд болж буй анхны ДАШТ-ий зай, төрөл болов. Катарт өдийд цаг агаар тун халуун байдаг тул тамирчдаас ихээхэн тэсвэр,тэвчээр шаарддаг марафон гүйлт, 20 км болон 50 км-ын спорт алхааны төрлүүдийг арай сэрүүн шөнийн цагт эхлүүлэхээр болсон билээ. Гэсэн ч эмэгтэй марафон гүйлтийн гараа эхлэх үед агаарын температур цельсийн 36,6 градус, чийгшил 70 хувь,салхины хурд 0 зааж байлаа.

Зүгээр л "сауна" дотор гүйж байна гээд л төсөөлчихөд болохоор.
 

41 орны 71 тамирчин бүртгүүлсэн ч гараанаас 68 гарсан. Цаг агаарын маш хүнд нөхцөлд болох энэ уралдаанд гүйж, эрүүл мэндээрээ дэнчин тавихыг гурван тамирчин хүссэнгүй бололтой.

Гараанаас гарснаас хойш "толгой" хэсэгт Кени, Этиоп, Бахрайн, БНАСАУ-ын марафончид бөөнөөрөө явсан ч 12 км-ын дараа толгой хэсэг Кенийн хоёр, Этиоп хоёр, Намибын нэг гүйгч үлдсэн байлаа. 32 дахь километр гэхэд толгой хэсэг дөрвүүлээ боллоо. Энэ дөрөв бусдаас тасарсан хэвээр барианд орсон. Кенийн Рут Чепнгетич 2 цаг 32 минут 43 секундын амжилтаар түрүүлж, энэ удаагийн ДАШТ-ий анхны алтан медалийг зүүлээ. Мөнгөн медалийг Бахрайны нэрийн өмнөөс уралддаг кени бүсгүй, 2017 оны дэлхийн аварга, Азийн наадмын аварга Роуз Челимо 2:33:46 амжилтаар, хүрэл медалийг Намиби улсын марафонч Хелалиа Йоханнес 2:34:15 амжилтаар хүртлээ. Дэлхийн хошой аварга, нэг мөнгөн медальт Эдна Киплагат медальтнуудын араас барианд орж, Беларусийн В.Мазуронак "айргийн тавд" багтав. Эхний 10-т АНУ,Япон, БНАСАУ,Канад,БНАСАУ-ын тамирчид дарааллаар барианд орсон.

Манай Галбадрахын Хишигсайхан 2:56:15 амжилтаар 25 дугаар байрт, Баярцогтын Мөнхзаяа 3:02:57 амжилтаар 34 дүгээр байрт орлоо.

Марафон гүйлт бол хөнгөн атлетикийн хамгийн хүнд төрөлд тооцогддог. 42 километр замыг дунджаар 2 цаг хагасын хугацаанд гүйж туулна гэдэг амаргүй. Тиймээс ч марафон гүйлтэд цөөнгүй тамирчин замын дундаас гардаг бөгөөд барианд орохыг амжилттай оролцсон тооцдог.

Берлин, Токио, Бостон, Нью-Йорк,Чикаго, Лондоны марафон гээд дэлхийн зургаан том марафонд хэдэн мянган хүн оролцдог.

Тэгвэл ДАШТ-ий марафонд хүссэн болгон нь ороод байдаггүй бөгөөд IAAF буюу Олон Улсын Хөнгөн атлетикийн Холбооноос тогтоосон "босгыг" давсан шилдгүүд л ДАШТ-д оролцох эрх авдаг билээ.

Энэ жилийн ДАШТ-ий эмэгтэй марафоны "босгыг" 2:37:00-оор тогтоосон. Энэ хугацаанд 42 км замыг туулж чадсан шилдэг 71 марафонч л Дохад цугласан гэсэн үг. Эдний дотор манай Монголын хоёр бүсгүй багтсан нь бахдам.

"Доха-2019" марафон түүхэнд байгаагүй хүнд цаг уурын нөхцөлд, халуун бүгчимд болсон. Тиймээс ч ердөө 32-хон тамирчин 3 цагаас богино хугацаанд замаа туулсан. Энэ 32 -ын нэг нь манай Г.Хишигсайхан байлаа.

Гараанаас гарсан 68 тамирчнаас ердөө 40 нь барианд орлоо. Энэ 40-ийн хоёр нь Монголын марафонч байлаа.

Барианд орж чадаагүй, замын дундаас 28 марафонч гарлаа. Тэдний дунд марафон өндөр хөгжсөн Этиопын гурван гүйгч гурвуулаа (нэг нь энэ жилийн Токиогийн марафоны аварга Рути Ага) байлаа. Мөн Япон, Их Британи, Итали, Бахрайн, Канад гээд дээгүүр үздэг орны тамирчид байлаа.

Марафон гүйлтэд замын дундаас гарах тохиолдол цөөнгүй гардаг аа. Гэхдээ энэ удаагийнх шиг ийм хорь, гучаараа, "өм цөмөөрөө" барианд орж чадаагүй ДАШТ-ий марафоныг би л лав санахгүй, мэдэхгүй байна. Ямар нөхцөлд уралдаан болсны тодотгол л доо.

Тэгэхээр манай хоёр ямар их тэсвэр, тэвчээр, хатуужил гаргаж барианд орсныг ярих юун.

Дэлхийн шилдгийн шилдэг 71 марафончоос, 36 градусын халуунд 3 цаг шахам гүйгээд барианд орсон 40-ийн дунд манай хоёр охин "торойгоод" ороод ирж байхыг харахад өөрийн эрхгүй бахдал төрж, мэлмий чийглэгдэх ажээ.

Баярлалаа, Хишигсайхан, Мөнхзаяа хоёртоо! Бахархаж байна, эх орон ард түмэн чинь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top