Б.Лхагвасүрэн: Саарал жагсаалтын эрсдэлийн шар гэрэл 2017  онд ассан  

2019 оны 10 сарын 16

Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон гэх баттай бус мэдээлэл өнөөдөр сошиал хийгээд мэдээллийн сайтуудаар гарсан. Тэгвэл Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийхдээ өнөөдрийн байдлаар ФАТФ-аас албан ёсны мэдээлэл хийгээгүй, манай улс саарал жагсаалтад ороогүй байна гэж мэдэгдлээ. ФАТФ баасан гарагт болох нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хийж буй үйл ажиллагаанд албан ёсны дүгнэлтээ хийж, шийдвэрээ гаргана гэдгийг тэрбээр хэлж байгаа юм.

2016 оноос хойш Монгол Улс энэ чиглэлд анхаарч хийсэн ажлаа харвал саарал жагсаалтад орох хэмжээнд байгаа гэж үзэхгүй гэсэн байр суурийг тэрбээр илэрхийллээ.

Саарал жагсаалтад орлоо гэхэд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад эрсдэл үүснэ. Өдгөө яригдаж буй шиг хамтын ажиллагаа шууд зогсохгүй гэж хэлж байна.

Сануулахад, манай улс 2013 онд ФАТФ-ын саарал жагсаалтад ороод, 2014 онд гарч байсан түүхтэй.  Тухайн үед  хууль эрх зүйн орчны өөрчлөлт хийхэд голлон анхаарч, арга хэмжээ авч ажилласнаар саарал жагсаалтаас гарч байсан бол одоо ФАТФ-аас тавьж буй стандарт өөр болсон. Үүнийг Б.Лхагвасүрэн дэд ерөнхийлөгч мөн өнөөдөр санууллаа.

Өнөөдөр яригдаж буй саарал жагсаалтын эрсдэлийн шар гэрэл аль  2017  онд ассан  гэдгийг тэрбээр хэлсэн. Үнэлгээний дүгнэлт 2017 онд гарсан. Эрчимтэй хяналтад орно гэдэг саарал жагсаалтын хэмжээнд байна л гэсэн утгатай. 40 зөвлөмжийн 20 нь биелдэггүй, үр дүнтэй байдлын шууд  хэрэгжилтийн 11 заалтын  9 нь хэрэгждэггүй гэсэн дүгнэлтийг 2017 онд бидэнд өгч байсан.  

Манай улс  2013 онд саарал жагсаалтад орж байх үед одоогийн хэллэгээр зөвхөн техникийн хэрэгжилтийн л шаардлагуудыг хангасан байвал  тухайн үед хангалттай байсан. Бүр тодруулбал, 40+9 гэсэн хуучин стандарт байсан бөгөөд хэрэгжилтийг нь өөр аргачлалаар  ФАТФ болон ФАТФ-ын төрлийн бүсийн байгууллагууд үнэлдэг байв.

Харин 2017 онд батлагдсан манай харилцан үнэлгээний тайлан өөр стандартын дагуу өөр зарчмаар үнэлэгдсэн. Терроризмыг санхүүжүүлэх, үйл олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэхтэй холбоотой есөн зөвлөмж нь 40 дотроо багтаж,  40 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх аргачлал нь өөр болсон. Нэгт, техникийн хэрэгжилт буюу тогтолцоо нь байна уу гэж  харсан хэвээрээ.  Хоёрт, тухайн тогтолцоо ямар үр дүнтэй ажиллаж байна вэ гэдгийг нягтлах  үр дүнтэй байдлын шууд хэрэгжилтийн 11 шалгуур үзүүлэлт гарч илүү нягт, цогц  авч үзэж буй үнэлгээний хэлбэр рүү шилжсэн болохыг Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун хэлж байсан. Тэгэхээр одоо бидний дагах ёстой стандарт бол хууль эрх зүйн орчин хийгээд хэрэгжүүлэгч талуудаас гадна тухайн тогтолцоо ямар үр дүнтэй ажиллаж байна вэ гэдгийг нягтлах  үр дүнтэй байдлын шууд хэрэгжилтийн 11 шалгуур үзүүлэлт их чухал байгаа гэсэн үг.

Тэгвэл өнгөрсөн наймдугаар сард Австралид болсон Ази, Номхон далайн бүсийн хурлаар ФАТФ-ын 40 зөвлөмжийн 7-г нь бүрэн хангасан, 28 зөвлөмж нь  дийлэнх нь хангасан,  5 зөвлөмж нь  зарим нь хангасан гэсэн үнэлгээг авчээ. Харин үр дүнтэй байдлын шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн 7 нь сайн хэрэгжилттэй, 4 нь хэрэгжилт дунд зэрэг байна гэсэн дүгнэлтийг авчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mn(202.131.243.186) 2019 оны 10 сарын 17

ӨӨРӨӨ ӨӨРСДИЙГӨӨ Л ТАЙВШРУУЛЖ ЭЛДЭВ ЯНЗЫН ТАЙЛБАР ХИЙХ ЮМ. УГААСАА ДАМПУУРЧИХСАН УЛС ШҮҮ ДЭЭ. ЯМАР ӨГӨӨЖГҮЙ ҮР АШИГАА ӨГӨХГҮЙ САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛНА, ТЭР НЬ МАШ МЭРГЭЖЛИЙН БУС ХАНДЛАГАТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХЯНАЛТГҮЙ. 2-3 ТОМХОН АЖЛАА БАРЬЖ АВААД ҮЗЧИХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШДЭЭ. НЕФЬТ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, НҮҮРСЭЭ ТҮШИГЛЭСЭН ХИМИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДАРХАНАА ТҮШИГЛЭСЭН ГАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭХ МЭТ. АРД ТҮМЭНП ХЭЛЭЭД ОЙЛГУУЛАХАД Л БОЛНО. ЭНД БОСГОХ ХӨРӨНГӨӨР ЗАМ, СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГЭЭ БАРИХ ГЭХ МЭТЭЭР ЖААХАН ЛОГИК ДАРААЛАЛТАЙ ЮМ Л БОДМООР БАЙХ ЮМ. ЗА БҮҮ МЭД ДЭЭ. АЙЛ ГЭРЭЭС ЯЛГАА ЮУ БАЙХ ВЭ ДЭЭ НАРИЙНДАА БОЛ.

1  |  0
Top