Саарал жагсаалтын тухай сэдвээр энэ долоо хоногт бараг амтай болгон нь сошиалаар үгээ хэлэх шиг боллоо. Саарал жагсаалт асуудал, эрсдэл мөн үү мөн. Гэхдээ сошиал дахь пост, жиргээ шиг Монгол Улс ингээд сүйрчих асуудал уу гэвэл тийм биш л дээ. Мөнгө угаах, терроризмоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгч ажилладаг ФАТФ гэж байгууллагын эрчимтэй хяналтад 2017 оноос хойш хянагдаж буй Монгол Улс авч хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан. Харин тэд биднийг хангалттай хэмжээнд ажилласан гэж үзсэнгүй, энэ удаагийн шийдвэрээ гаргалаа. Тиймээс Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагааг шат шатандаа улам бүр сайжруулах, “гэрийн даалгавар”-аа гүйцэтгэл сайтай хийх үүргийг үргэлжлүүлэн хүлээж байна.
Манай улс ФАТФ-ын Ази номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэг (APG)-ийн гишүүнээр 2004 оны долоодугаар сард элссэнээр улс, үндэстэн дамнан үйлдэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх үүргийг хүлээх болсныг сануулахад илүүдэхгүй байх.
ФАТФ-аас гаргасан мэдэгдлээс үзэхэд Монгол Улс тус байгууллагын зөвлөмжүүдийг биелүүлэхэд улс төрийн түвшний хүчин чармайлт болоод амлалтыг нь сайшаав гэсэн байна лээ. Хэдийгээр тэд ингэж бичсэн ч өгч буй үнэлгээ нь эсрэгээрээ байгааг амлалтаа хөрсөн дээр буулга гэсэн сануулга гэж хүлээн авах ёстой болов уу.
Монгол Улс өмнө нь 2013 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орж байсан. Зургаан жилийн дараа албан ёсоор эрчимтэй хяналтад үлдлээ. Эхний удаад шийдвэр гарснаас хойш нэг жилийн дотор буцаад гарч байсан бол энэ удаад түүнээс бага хугацаанд арга хэмжээ авах шаардлага байгааг хаа хаанаа санаж асуудалд хандмаар байна.
Ингээд хэлэхээр сонгуультай холбож ойлгох нэг хэсэг байж мэднэ. Тэгвэл үгүй л дээ. Хэрэв мартаагүй бол Монгол Улс ирэх дөрвөн жилд төр, хувийн хэвшлийн 14 тэрбум ам.долларын өр төлнө. Ийм хэмжээний өр төлөх бодит нөхцөл байдал хэцүү учраас өрийг өрөөр санхүүжүүлэх гарц илүү тод харагдаж буй.
Гэтэл Монгол Улс саарал жагсаалтад байгаад байвал олон улсын үнэлгээний агентлагууд манай зэрэглэлийг бууруулж болзошгүй. Энэ нь эргээд гадаад зах зээлээс мөнгө татахад эрсдэл дагуулах учраас яадаг ч байсан саарал жагсаалтаас гарах чиглэлд Монгол Улс бодлого, шийдвэрээ чиглүүлж ажиллахаас өөр гарцгүй.
За тэгээд Засгийн газраас 2020 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн төслийг боловсруулахдаа гол эрсдэлүүдийн нэгээр саарал жагсаалтыг цохож байсныг сануулъя. Нэгэнтээ бид эрчимтэй хяналтад үлдсэн учраас 12 их наядын орлого болоод 14 их наяд шүргэсэн зарлагаа эргэн харах шаардлага үүсэж байна. Чуулганаар төсвийн төслийг хэлэлцэж эхэлсэн байгаа. Дүрмийн дагуу гэгчээр угаасаа энэ асуудал яригдаж таарах биз.
Ер нь эрчимтэй хяналтад байх хугацаагаа багасгахын тулд сайн ажиллахыг олон хүчин зүйл шаардана.
2013 онд Credit Suisse, 2014 онд ING Bank, Wells Fargo, Citi Bank, 2017 онд Deutsche bank тус тус Монголын зах зээлээс гарснаар ам.долларын төлбөр тооцоог дамжуулагч гол банк нь Standard Chartered Bank Plc болон China Construction Bank Corporation болсон. Монгол Улсын зах зээл дээр хийгдэж буй гүйлгээ нь ашиг багатай, эрсдэл өндөртэй гэж үзсэн олон улсын банкууд манай банкуудын ностро дансуудыг хааж байсан жишээ тийм ч холынх биш. Тэгэхээр бид эрсдэлээ бууруулах шаардлага байна.
ФАТФ-ААС ӨЧИГДӨР МАНАЙ УЛСАД ХАНДАН ӨГСӨН ЗӨВЛӨМЖИЙН АГУУЛГЫГ ЭНД ТОДОТГОХ ЁСТОЙ.
Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавих хяналтыг сайжруулах, эрсдэлийн талаарх ойлголтыг сайжруулах асуудал нэг нь байна.
Үүнийг уншигчдадаа тодруулж тайлбарлавал Монгол Улсын хууль журмын дагуу тусгай зөвшөөрөл авч санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас гадна зохицуулалтгүйгээр үйл ажиллагаа явуулдаг үнэт эдлэлийн үйлдвэрлэл эрхлэгчид болон ийм чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах шаардлагыг энд яриад байгаа юм.
Тэгвэл үүн дээр манай улс ойрын хугацаанд хууль эрхзүйн орчны хүрээнд арга хэмжээ авах боломж байгаа. Учир нь Санхүүгийн зохицуулах хорооны эрхзүйн байдлын тухай хуульд зохицуулалтгүй байгууллагуудыг зохицуулахаар тусгаж өгсөн байгаа юм. Уг хуулийн төсөл болон Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг эрхзүйн орчныг зохицуулах бусад хуулийн төслүүд хэлэлцэх шатанд явж буй. Хэрэв энэ чиглэлийн эрхзүйн орчныг тайлангаа илгээхээс өмнө баталсан бол нөхцөл байдал өөр байх байсныг үгүйсгэх аргагүй л дээ.
Бас нэг зөвлөмж нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах шаардлага байна. Хууль бус авлигын мөнгөтэй холбоотой асуудлуудад яригддаг ч хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдсэн кэйсүүд манайд цөөн. Цагдаагийн Ерөнхий Газрын албаны хүн хэлэхдээ “Мөнгө угаах гэмт хэрэг нь Монгол Улсын санхүүгийн системийн тогтвортой, найдвартай байдалд аюул, заналхийлэл учруулах бөгөөд гэмт этгээд, гэмт бүлэг, зохион байгуулалттай бүлэглэлүүд гэмт хэргээс олсон орлого, хөрөнгөөр дамжуулан санхүүгийн системд өөрийн нөлөөг тогтоох, гэмт үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засагт хор уршигтай үйл ажиллагаа юм. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан гэмт хэргүүд дээр гэмт этгээдүүд нь гэмт хэргийн замаар олсон орлогоо банкнаас бусад санхүүгийн салбаруудад хөрөнгө оруулж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдон шалгагдаж байна. Банкнаас бусад санхүүгийн салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд нь Монголбанкны Санхүүгийн Мэдээллийн Алба руу мэдээлэхдээ цаг алдаж хуульд заасан хугацаанд нь явуулаагүй зэрэг нь энэ төрлийг гэмт хэрэгтэй холбогдож яригдах ёстой асуудал гэж байсан. Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаас сүүлийн зургаан жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөнгө угаах гэмт хэргийн тоо олон боловч мөнгө угаах гэмт хэрэгтэй холбогдох өндөр эрсдэлтэй залилах, хөрөнгө завших, авлига, байгаль орчны эсрэг, татвар төлөхөөс зайлсхийх зэрэг суурь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгөтэй холбогдсон этгээдүүдэд шүүхээр эцэслэн ял оногдуулаагүй, ахуйн хүрээнд үйлдэгддэг хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгөтэй холбогдсон этгээдүүдэд мөнгө угаах зүйл, ангиар ял оногдуулах практик тогтох хандлага бий болсон талаар хэлж байсан. Тэгэхээр энэ чиглэлд анхаарах хийх ажил их байгаа гэж ойлгож болох юм.
Дараагийн зөвлөмжүүд нь мэдүүлээгүй мөнгөн тэмдэгт, гүйлгээнд тавих хяналтаа сайжруулах, хураан авах, сануулах, үр дүнтэй арга хэмжээ авах. Мөн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллага хоорондын хамтын ажиллагааны үр дүнг сайжруулах, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг авах зэрэг асуудлыг тусгасан байна.
“СААРАЛ ЖАГСААЛТ”-ААС ЗУРГААН ЖИЛИЙН ӨМНӨ ЯАЖ ГАРСАН БЭ?
Монгол Улс ФАТФ-ын өмнө үүрэг хүлээх болсноос гурван жилийн дараа буюу 2007 онд тус байгууллагаар анхны харилцан үнэлгээг хийлгэсэн байдаг. Тухайн үед ФАТФ-ын мөрдөгдөж байсан 49 зөвлөмжөөс 21-ийг биелүүлээгүй, 15-ыг хэсэгчлэн биелүүлсэн тухай дүгнэлт гарч, “муу” үнэлгээ авч байсан. 2011 онд Олон Улсын хамтын ажиллагааг хянах бүлэг (ICRG) –ээс Монгол Улсыг олон улсын хяналтад оруулах шийдвэр гарч, 2013 онд ФАТФ-аас Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулж байсан түүхтэй.
Чухам яагаад “Саарал жагсаалт”-д орсныг тодруулахад дараах хүчин зүйлсийг нэрлэж байна.
“Саарал жагсаалт”-аас гарахын тулд манай улс ямар алхмууд хийсэн бэ? гэдэг асуулт тавигдана. Тэдгээрийг дурдвал:
2013.5.31 - Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батласан.
2013.10.12 -“Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам”-ыг батласан.
2014.1.16-Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтуудыг нарийвчлан тусгаж нэмэлт өөрчлөлт оруулсан.
2014.6 сар - Монгол Улсыг ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас хасчээ. Биднийг ФАТФ “Саарал жагсаалт”-аас гаргасан тэр үед нөхцөл байдал ямар байсныг эргэн саная.
Монгол Улсын эдийн засаг 2012-2013 онуудад өндөр өсөлттэй, хөрөнгө оруулалтын орчин эерэг, улсын зээлжих зэрэглэл сайн байсан зэрэг шалтгаанаас эдийн засагт учирсан бодит хохирол харьцангуй бага байсан. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх бодлогын түвшний хууль эрх зүй, урьдчилан сэргийлэх, удирдлага зохион байгуулалтын үе шаттай хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ.
Харин 2017 онд манай улс ХОЁР ДАХЬ ҮНЭЛГЭЭ-г хийлгэх үед ФАТФ-ын 40 зөвлөмжөөс биелүүлээгүй-5, хэсэгчлэн биелсэн-15, ихэнхийг биелүүлсэн-15, биелүүлсэн-5 байв. Улмаар манай улсыг “эрчимтэй хяналт”-д оруулсан юм.
Анх ФАТФ-аар үнэлгээ хийлгүүлж байх үед стандарт нь өөр байсан. 40+9 гэсэн хуучин стандарт байсан бөгөөд хэрэгжилтийг нь өөр аргачлалаар ФАТФ болон ФАТФ-ын төрлийн бүсийн байгууллагууд үнэлдэг байв. Тэр үед одоогийн хэллэгээр зөвхөн техникийн хэрэгжилтийн л шаардлагуудыг хангасан байвал хангалттай байсан. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн тогтолцоо байна уу. Хариуцаж байгаа байгууллагууд, хийж байгаа хүмүүс нь байна уу. Журам заавраа гаргасан уу гэхчлэн авч үзэж байсан бол 2017 онд батлагдсан манай харилцан үнэлгээний тайлан өөр стандартын дагуу өөр зарчмаар үнэлэгдсэн. Терроризмыг санхүүжүүлэх, үйл олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэхтэй холбоотой есөн зөвлөмж нь 40 дотроо шингэчихсэн. Дээрээс нь 40 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх аргачлал нь өөр болсон. Нэгт, техникийн хэрэгжилт буюу тогтолцоо нь байна уу гэж харсан хэвээрээ. Хоёрт, тухайн тогтолцоо ямар үр дүнтэй ажиллаж байна вэ гэдгийг нягтлах үр дүнтэй байдлын шууд хэрэгжилтийн 11 шалгуур үзүүлэлт гарч ирсэн. Илүү нягт, цогц авч үзэж буй үнэлгээний хэлбэр рүү шилжсэн гэдгийг Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун хэлж байсан.
2017 ОНД ЭРЧИМТЭЙ ХЯНАЛТАД ОРОХОД ЮУ НӨЛӨӨЛӨВ
Эрчимтэй хяналтад орсны дараа 2017 онд дараах арга хэмжээнүүдийг авах ёстой болсон.
Мөнгө угаахтай тэмцэх Ази Номхон далайн бүсийн байгууллага (APG) манай улсын ФАТФ-ын “эрчимтэй хяналт”-д байх хугацааг 12 сараар сунгах шийдвэр гаргаж байсныг сануулъя. Энэ хүрээнд Харилцан үнэлгээний хэрэгжилтийн дараагийн тайланг 2019 оны нэгдүгээр сард тайлагнахаар болсон юм.
Тиймээс манай улсын дагалдах тайлан 2019 оны нэгдүгээр сард Ази номхон далайн бүсийн байгууллагад хүргэгдсэн. Дагалдах тайлангийн жилийн хурал дээр хэлэлцэх төсөл тавдугаар сарын 24-нд гишүүн орнууд болон ажиглагч байгууллагуудад тараагдсан. Намдугаар сард жилийн хурал дээр хэлэлцэгдээд, аравдугаар сард шийдвэр гарах хүлээлттэй байсан.
Хүлээлт ёсоор ФАТФ өчигдөр буюу 2019 оны аравдугаар сарын 18-нд шийдвэрээ гаргалаа. Монгол Улс эрчимтэй хяналтад үлдлээ. Эрчимтэй хяналтаас богино хугацаанд гарах шаардлага тулгараад байна.
Сэтгэгдэл ( 0 )