Энэ оны есдүгээр сард Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад олборлосон 20.08 карат жинтэй ховорхон тохиодог хөх өнгөтэй очир эрдэнийг 14.9 сая ам.доллароор худалджээ. Түүнийг нэгэн томоохон компани худалдан авсан бөгөөд нэрийг нь нууцалж байна. Нэг карат жинтэй очир эрдэнийн үнэ 741 мянган ам.долларт хүрдэг.
Ховор төрлийн хөх өнгийн очир эрдэнийг Преториа хотоос 40 км-т байрлах Куллинан уурхайд олжээ. Энэ уурхайд 1905 онд дэлхий дээрх хамгийн том буюу 3106 карат жинтэй очир эрдэнийг олборлож байжээ. “Куллинан” буюу “Африкийн од” гэж нэрийдсэн энэхүү үнэт чулууг Британийн хаан VII Эдуардад бэлэглэсэн аж. Гайхалтай тунгалаг, цайвар хөх өнгөтэй чулууг ес хуваасан бөгөөд хамгийн том хэсэг буюу 530 карат “Куллинан1”-г өдгөө Лондонгийн Тауэр цайзад хадгалагдаж буй Британийн хааны таягт шигтгэжээ. Хоёр дахь том буюу 317 карат “Куллинан2” Британийн эзэн хааны титмийг чимэглэсэн байдаг бөгөөд өдгөө мөн л Тауэр цайзад харж болно.
Очир эрдэнийг олборлосон “Petra Diamonds Cullinan” уурхай нь хөх өнгийн очир эрдэнийн томоохон нийлүүлэгч. Бусад өнгийн очир эрдэнийг бодвол хөх өнгийнх нь өндөр үнэд хүрдэг.
Сэтгэгдэл ( 0 )