Сэтгэгдэл зүйг сэтгүүл зүйгээс ялгах жишээ буюу солонгос оддын амиа хорлолт

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Дэлхий нийтийн интернэт хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр сэтгүүл зүйг сэтгэгдэл зүйгээс ялгахад улам хүндрэлтэй болсоор байна. Гэхдээ энэхүү андуурал буюу ялгаж чадахгүй байдал энгийн уншигч, үзэгч, сонсогчдын хувьд илүүтэй бэрхшээл учруулж байгаа билээ. Тэд мэргэжлийн сэтгүүлч, жинхэнэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бодитой эх сурвалжийг ойлгож танихад хараахан суралцаагүйн дээр хуурамч мэдээллийг жинхэнээс ялгах тал дээр огт мэдлэггүй байгаа нь бодит үнэн. Энэ нөхцөлд төр засаг нь хүртэл зарим эндүүрсэн, андуурсан шийдвэр гаргахаар завдаж байсан нь үүний нотолгоо юм. Тухайлбал, Монголын хууль тогтоогчид тун саяхан 5000-аас дээш дагагчтай фэйсбүүк хаяг эзэмшигчийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзнэ гэсэн хууль санаачилж, батлахаар завдаж байлаа. Тэгвэл энгийн мэдээлэл хүлээн авагч иргэдийн түвшинд ч, төр засаг, мэргэжлийн байгууллагуудын түвшинд ч сэтгүүл зүйг сэтгэгдэл зүйгээс ялгаж салгаж ойлгох шаардлага бий болжээ.

Сошиал медиа сэтгүүл зүйн боломжийг нэмэгдүүлж байгаа нь мэдээж үнэн. Гэвч энэ нь сошиал медиа бол сэтгүүл зүй мөн гэсэн үг огтоос биш. Сэтгүүл зүй шиг мэргэжлийн үйл ажиллагаа явагдахгүй учраас сошиал медиа нь хүний нэр хүндэд халдах, гүтгэх, гутаан доромжлох өргөн бололцоотой. Учир нь тэнд хяналт үгүй. Хянах боломж ч үгүй. Харин сэтгүүл зүйг бол хянах боломжтой. Ядаж л буух эзэн, буцах хаягтай. Гэтэл ийм хоёр эрс тэс ялгаатай зүйлийг нэг сагсанд хийчихээд, нэг зохицуулалт, нэг хууль, нэг стандартаар хэмжинэ гэж зүтгээд буй нь хачирхалтай. Сошиал медиа, сэтгүүл зүй хоёрын ялгаа заагийг ойлгож, олж харахгүйгээр сэтгүүл зүйн нэр хүнд дээшлэхгүй. Нийгмийн сүлжээнд урсаж буй үг, сэтгэгдэл, үзэл бодол бол сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа биш. Үүнийг ойлгож ухаарсан улс орнууд сошиал медиаг хязгаарлах, сэтгэгдэл зүйг зааглах, ялгах салгах талд анхаарал хандуулж эхлээд байна. Сүүлийн үеийн судалгаагаар фэйк ньюс буюу хуурамч мэдээлэл ихэд гаарсан тул улс орнууд үүний эсрэг хууль журам баталж эхэлжээ. Хуурамч мэдээлэл, нэр хаяггүй сэтгэгдэл, эх захгүй дайрсан гүтгэсэн мэдээллээс болж Солонгосын одод амиа хорлох тохиолдол гарах болсон нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. 

Өнгөрөгч 10 дугаар сарын дундуур Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Солли буюу Чүэ Жин Ри гэртээ амиа хорлосон байдалтай олдсон билээ. F(x) хамтлагийн гишүүн байсан тэрээр 2015 оны наймдугаар сарын 07-нд хамтлагаасаа гарч, өөрийн жүжигчний карьерд анхаарахаар шийдсэн юм. Түүний үхэл Өмнөд Солонгосын урлагийн ертөнц, улс төрийнхнөөс гадна хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч томоохон цохилт болоод байгаа юм. Учир нь түүний амиа хорлох шалтгааныг олон нийтийн сүлжээний сөрөг сэтгэгдэл, түүн рүү дайрсан доромжлол, муу үгийг үл тэвчсэнээс болсон хэмээн дүгнэжээ. Үүнээс үүдэн Өмнөд Солонгосын зарим хэвлэлүүд жинхэнэ нэр, царайгаа нуусан хаягаас сэтгэгдэл бичихийг хориглосноос гадна яг одоо “Соллигийн хууль” нэртэй олон нийтийн сүлжээний тухай хуулийг хүчтэйгээр ярьж байгаа билээ. Хэдийгээр Өмнөд Солонгос улс дэлхийд амиа хорлолтоор нэлээд дээгүүрт бичигддэг ч /хоногт 40 хүн/ энгийн иргэнээс гадна олны танил, алдартнууд хүртэл “хоосон” гэж хэлж болох хуурамч хаягийн сэтгэгдэл, үзэн ядсан бичвэрээс болж жил дараалан амиа хорлож байгаа нь маш том аюулд хүргээд буйг олж харжээ. Манай улсын тухайд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан амиа хорлолтын тоо хэмжээг харуулсан 2017 оны тоо баримтаар 100,000 хүн тутамд 28.1 хувь нь амиа хорлодог гэж гарчээ. Энэ үзүүлэлт нь дэлхийд гуравдугаар байранд орох үзүүлэлт аж. Хэдийгээр амиа хорлолтын дийлэнх хувийг хувь хүний сэтгэлзүйтэй холбон тайлбарладаг ч сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр хүнийг гэм буруутай, буруугүй нь тогтоогдоогүй байхад нийтээрээ дайрч доромжлох, санаатайгаар, эсвэл явуулгаар нэр хүндэд нь халдах, гүтгэх явдал газар авчээ.

Өмнөд Солонгос улсын хувьд сэтгүүл зүйн салбар нь манай улсыг бодвол харьцангуй хараат бус бөгөөд ёс зүйгүй, мэргэжлийн бус сэтгүүл зүйг нийтээрээ шүүмжилдэг, сэтгүүл зүй хэний төлөө, юуны төлөө, ямар зорилготой байх талаар иргэд, олон нийтэд ойлголт өгөхийн тулд олон ангит Продюсер, Пинокио зэрэг кинонуудыг ч хийж байв. Тиймдээ ч сэтгүүл зүйн хүрээндээ ямарваа нэгэн хүний нэр төрд халдах, үндэслэлгүй гүтгэх зэрэг явдал гарах нь эрс багассан. Мөн иргэд нь ч цэвэр сэтгүүл зүйн бүтээл, сурвалжилга зэргийг гүтгэлгээс ялган дүгнэх чадвартай болсон. Тэдний хувьд зохицуулж чадахгүй байгаа, хяналт тавьж чадахгүй байгаа нэг асуудал нь “олон нийтийн сүлжээ, хуурамч хаяг, сэтгэгдэл” байв. Үүнийг нэгэн одынхоо амиар хуульчлах нь зөв юм байна гэдэг дээр санал нэгджээ. Харин манайд олон нийтийн сүлжээний сэтгэгдлээс илүүтэй аль нь цэвэр сэтгүүл зүй вэ, үүнд хэн хяналт тавих вэ гэдэг дээрээ ч тогтсон ойлголтгүй яваа нь харамсалтай. Мөнгөтэй л бол телевиз байгуулаад түүгээр нь гарч байгаа бүхнийг сэтгүүл зүйн бүтээл гэж нэрлэж болох уу? Камер барьсан хүн бүр зураглаач, микрофон барьсан бүхэн сэтгүүлч мөн үү? Ялангуяа сэтгүүл зүйн салбарыг хэн нэгнийг намнах, аливаа зүйлийг нухчин дарах зэвсэг гэж хардаг хүмүүсийн гарт үзэг, микрофон, камер бариулах нь зөв үү. Үүн дээр хэрхэн хяналт тавих вэ? Хэрвээ энэ зүйл дээрээ хяналт тавьж чадахгүй бол Монголын сэтгүүл зүйн салбарыг олон нийтийн сүлжээтэй хослуулан хүн намнадаг, хүний нэр төрд санаатайгаар халддаг, гутаан доромжилдог, санаснаа авах, зорьсноо хэрэгжүүлэх гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн “аймшигт том зэвсэг” бүрэлдэн бий болсоор байна.

Сэтгүүлч: Г.Энх-Уянга

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top