Ё.Баатарбилэг сайд Үндэсний номын сангийн байдалтай танилцлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

Үндэсний номын сангийн даац хэтэрсэн, монголчуудын оюуны өв, баримт болох 3.5 сая ном хэвлэл маш хүнд нөхцөлд хадгалагдаж байгаа талаар мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргасан байдаг. Номын сангийн нөхцөл байдалтай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2020.01.15/ танилцлаа.

Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхоролоо “Мэргэжлийн хяналтын болон бусад байгууллагын дүгнэлт актыг үндэслэн маш олон удаа төсөв мөнгө хүссэн өргөдөл, бичиг цаас явуулж байсан ч шийдэгддэггүй. Энэ удаад төр засаг соёлын асуудалд онцгой анхаарч номын сангийн засвар шинэчлэлд хоёр тэрбум төгрөг төсөвлөсөнд уншигчдынхаа өмнөөс талархаж байна. Ашиглалтад орох гэж байгаа номын сангийн өргөтгөлд орчин үеийн 2 сая гаруй ном хэвлэлийг шилжүүлэх болно. Үндэсний номын сангийн энэ байр эртний ховор судар номтойгоо үлдэж, соёлын баримтат өвийг сэргээн засварлах үндэсний төв, эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн, баримтат өвийн музей болж хүмүүст үйлчлэх төсөөлөл бидэнд бий” гэлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Ардын хувьсгалын 100 жилийн ой ирэх онд тохионо. Энэ ойг номын сан өнгө төрхөө сайжруулан угтах нь тодорхой. Ингэхдээ сантехник, фондуудын хэсэгчилсэн засвар, дээвэр зэрэг далд ажиллагаатай ажлын зургуудыг мэргэжлийн байгууллагаар нарийн тооцоотой гаргах хэрэгтэй” гээд зураг төсөл, төлөвлөгөөг яаралтай боловсруулж танилцуулахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top