ДЭМБ: Манайхаас гаргасан ЗӨВЛӨМЖ онц байдал зарласнаас илүү чухал

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

Коронавирусийн тархалттай холбоотойгоор ДЭМБ-аас Олон улсын онц байдал зарласнаа танилцуулах хэвлэлийн бага хурал дээр тус байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесусын хэлсэн үгнээс эшлэн хүргэе. 2020.01.31


"Сүүлийн хэдэн долоо хоногт бид эх үүсвэр нь үл мэдэгдэх өвчинтэй тулгарлаа. Өвчин үүсгэгч нь урьд өмнө гарч байгаагүйгээр дэгдэж, үүнд урьд өмнө тохиолдож байгаагүйгээр хариу арга хэмжээ авч байна.

Энэ өвчний халдвар Хятадын ард түмний нийгэм, эдийн засагт ноцтой нөлөөтэй байгаа боловч Хятад улсын Засгийн газар уг халдварыг хязгаарлахын тулд онцгой арга хэмжээ авч байна. Үүнд Хятадын Засгийн газарт баяр хүргэе. Үүнийг би Бээжингээс буцаж ирснээсээ хойш олонтоо хэлсэн.

Хэрэв Хятадын Засгийн газар хүчин чармайлт гаргаагүй, өөрсдийгөө болон дэлхийн ард түмнийг хамгаалахад үр дүнд хүрээгүй байсан бол бид Хятадаас гадна өвчний халдварын тохиолдол, нас барагсдын тоо илүү олон байх байсан. Хятад улс халдварыг илрүүлж, вирусийн халдварлалтыг тусгаарлаж мөн вирусийн  генийн дарааллыг илрүүлэхэд гаргасан үр дүнгээ нэн даруй ДЭМБ болон дэлхий дахинд хуваалцсан нь хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлсэн. Хятад улс нээлттэй, ил тод байдлыг хадгалж бусад улс орнуудын шийдэмгий дэмжиж байгаа нь мөн гүн сэтгэгдэл төрүүлж байна. Үнэн хэрэгтээ, Хятад улс тархалтын эсрэг олон талын хариу арга хэмжээнд жишиг тогтоогоод байна.

Мөн би өвчний голомтод байгаа зоригт олон мянган эмнэлгийн ажилчдыг өндрөөр хүндэтгэл, талархлаа илэрхийлье. Тэд Хаврын баярын өдрүүдэд бүхэл өдрийн турш өвчтөнүүдийг асарч, эмчилж, амь насыг нь аварч, өвчний халдварыг хянасаар байсан. Тэдний хүчин чармайлтын ачаар дэлхийн бусад орнуудад энэ тохиолдол харьцангуй цөөн байгаа.

Хэрэв энэ вирус  эрүүл мэндийн тогтолцоо сул улс оронд тархвал ямар хор хөнөөл учруулж болохыг бид мэдэхгүй. Бид одоо улс орнуудыг бэлтгэл хангахад туслахын тулд зайлшгүй арга хэмжээ авах хэрэгтэй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж би шинэ төрлийн коронавирусийн халдварын уушигны хатгалгаатай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлаж байна.

Энэхүү мэдэгдэл хийх болсон гол шалтгаан нь Хятадад болж байгаа асуудлаас бус харин бусад оронд яг одоо үүсэж буй асуудал юм. Энэхүү вирус нь эрүүл мэндийн тогтолцоо сул, бэлтгэл муутай улс орнуудад тархаж магадгүй гэсэн асуудал бидний хамгийн их санаа зовниж байгаа асуудал.

Би энэ талаар нэг зүйлийг тодорхой мэдэгдье. Энэ мэдэгдэл нь Хятадад итгэхгүй байгаадаа биш юм. Эсрэгээрээ, ДЭМБ Хятад улс халдварт өвчнийг хянах чадвартай гэдэгт итгэл дүүрэн хэвээр байна. Хэдхэн хоногийн өмнө би БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан. Хятад улс нээлттэй, ил тод байдлыг баримталж, дэлхийн ард түмнийг хамгаалах эрмэлзэлд би огт эргэлзээгүй.

Хятад улс болон дэлхийн бусад улс орон бүрд  энэ халдварын дэгдэлтэд нэрвэгдсэн бүх хүмүүсийг дэлхий ертөнц тантай хамт байгаа гэдгийг мэдэж байгаа гэж найдаж байна. Бид улс орнууд, олон улсын нийтийн эрүүл мэндийн салбарын түншүүдтэйгээ хамтран дэгдэлтийг аль болох хурдан хяналтад оруулахаар хичээн ажиллаж байна

ДЭМБ-аас гаргасан зөвлөмж нь онц байдал зарласнаас илүү чухал бөгөөд халдвар дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, авч буй арга хэмжээ илүү оновчтой, баримтад тулгуурлан гаргасан. Би энэхүү зөвлөмжийг нэгтгэн долоон гол салбараар дараах дүгнэлт хийлээ.


ДЭМБ-ААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

 

  • Нэгдүгээрт, шаардлагагүй арга хэмжээ авч олон улсын аялал жуулчлал, худалдаанд саад болох шалтгаан байхгүй. Бид бүх улс орнуудыг баримттайгаар зөвшилцөлд тулгуурлан шийдвэр хэрэгжүүлэхийг уриалж байна. ДЭМБ-аас арга хэмжээ авч буй орнуудад зөвлөгөө өгөхөд хэзээд бэлэн байна.

 

  • Хоёрдугаарт, бид эрүүл мэндийн тогтолцоо сул орнуудыг зайлшгүй дэмжих ёстой.

 

  • Гуравдугаарт, вакцин, эмчилгээний арга, оношилгооны хэрэгслийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.

 

  • Дөрөвдүгээрт, цуурхал, ташаа мэдээлэл түгээхтэй тэмцэх хэрэгтэй.

 

  • Тавдугаарт, яаралтай тусламж үзүүлэх төлөвлөгөөг хянан шалгаж, алдаа зөрүүг олж тогтоох, оношилгоо, тусгаарлах, өвчтөнг халамжлах, халдвар дамжуулахаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай нөөцийг үнэлэх хэрэгтэй.

 

  • Зургаадугаарт, ДЭМБ статистик мэдээлэл, мэдлэг, туршлагаа дэлхий нийтэд хуваалцах хэрэгтэй.

 

  • Долоодугаарт, энэ халдварт өвчнийг даван туулах цорын ганц арга зам бол бүх улс орон эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллаж, хамтдаа хичээх явдал юм" гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top