ОХУ хөл хорио тогтоосон бүсээс 144 иргэнээ авчирлаа

2020 оны 02 сарын 06

ОХУ коронавирусийн халдварын голомт Ухань хотоос 144 иргэнээ татаж авчээ. Иргэдийг тээвэрлэсэн “Ил 76” онгоц  Тюмень мужийн Тюмень  хотын Рощино нисэх онгоцны буудалд газардсан гэж Reuters мэдээллээ.

Уханиас ирсэн иргэдийг Тюмень хотоос 30 километр зайд байрладаг цэргийн хуаранд  хоёр долоо хоногийн турш тусгаарлана гэдгийг  эмч Анна Попова хэлжээ. Эмч мэргэжилтнүүд иргэдэд үзлэг хийж, шинжилгээ авчээ.

Шадар сайдын орлогч Татьяна Голикова  Хубэй мужид 600 гаруй орос хүн бий гэсэн мэдээллийг  өмнө нь өгч байсан.

Тэгвэл Бээжин дэх ОХУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Георгий Егоров 144 иргэн Тюменьд газардсаны дараа хэлэхдээ “Эх орондоо буцаж ирэхийг хүссэн бүх иргэнээ нутаг буцаасан. Одоогоор өөр нислэг төлөвлөгдөөгүй байна” гэжээ.

Тюмень  бол 800 мянган хүн амтай, ОХУ-ын газрын тосны үйлдвэрлэлийн гол цэг. Төмөрлөгийн үйлдвэрлэл,  аж үйлдвэр хөгжсөн хот юм. Тэрчлэн коронавирусийн халдварын голомтоос авчирсан иргэдээ Тюменьд аваачсан нь эрсдэл дагуулахгүй биш биз гэсэн асуудлыг шинжээчид бичиж эхэлсэн байна.

Дашрамд дурдахад, ОХУ-ын эдийн засаг 2020 онд хоёр хувиар өснө гэсэн таамаглалыг Citibank өмнө нь танилцуулж байсан. Тэгвэл  коронавирусийн тархалт БНХАУ төдийгүй дэлхийн эдийн засагт сөрөг нөлөөллийг үзүүлэхээр байгаа ийм нөхцөл байдалд ОХУ-ын эдийн засаг ч саарч болзошгүй гэж Citibank-ны шинжээчид шинэ байр суурийг илэрхийллээ.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны төлөөлөл хэлэхдээ “ОХУ вирусийн халдвар тархахаас сэргийлж, сургуулиудыг хэсэгчлэн хааж, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалсан.  БНХАУ-аас ирэх  төмөр зам, агаарын тээврийн урсгалыг түр зогсоогоод байгаа” гэсэн байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн.(64.119.26.42) 2020 оны 02 сарын 06

Хотын төвд сэжигтэй хүмүүсийг байрлуулах нь эрсдэл ихтэй гэж хэлээд байгаа шүү? Захын дүүргүүдэд Цэргийн ангийн байр байж байгаа.Бэлэн байдалд ороход хугацаа болон нэмэгдэл зүйл шаардахгүй дээ. За Бурхадууд мэдэж дээ.

0  |  0
Top