Франкфуртын нислэгээр ирсэн нэг иргэнээс КОРОНАВИРУС илэрлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 28

Өчигдөр буюу долоодугаар сарын 27-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирус илэрчээ. PCR-ын шинжилгээний хариу нь  эерэг гарсан байна.

Улаанбаатарт өчигдөр  07:39 цагт газардсан  Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Европоос 264 иргэн эх орондоо ирсэн. Жирэмсэн болон асран хамгаалагчтай 11, эрүүл мэндийн шалтгаантай 28, өндөр настан, асран хамгаалагчтай 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 152 иргэн ирсэн.

Тэдгээр иргэдээс дөрвөн иргэнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан гэж ХӨСҮТ-ээс мэдээлсэн юм.

Тус нислэгээр ирэн "Баянхангай" амралтын газарт хуваарилагдсан 18 иргэн амралтын газрын үүдэнд өчигдөр  суулт зарласан. Тэдний зүгээс тусгаарлалтын өрөөнд ганц ганцаараа орох шаардлага тавьсан юм. Сүүлийн мэдээллээр суулт зарласан иргэдээс долоог нь “Sunjin Grand” зочид буудалд тусгаарлагджээ.

Тодотгоход,  ХӨСҮТ-ээс өнөөдөр дөрвөн иргэн эдгэрэн гарч,  “Энхсаран” ажиглалтын байр руу шилжжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top