Орон нутгийн хөгжил тааруу, өрхийн орлого муу байгаагаас Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хот руу шилжих айл өрхийн тоо тасрахгүй байна. Харин энэ байдлыг соргог мэдэрч өрхийн амьжиргааг дээшлүүлэх замаар ядуурал, ажилгүйдлийг бууруулах зорилготой “Өрх” төслийг “Өрх төв” ТББ анх санаачилжээ. Энэхүү төслийг “JCI Монгол” байгууллага дэмжин 12 аймагт хамтран хэрэгжүүлжээ.
Уг төслийн хүрээнд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, 12 аймгийн ЗДТГ болон бусад Төрийн бус байгууллагуудтай хамтран, орон нутагтаа өрхийн бизнес эрхэлдэг 303 бичил бизнес эрхлэгч, нийт 531 хүнд сургалт, зөвлөгөө өгч ажилласан байна. Өрхийн гишүүд бага боловч жигд орлоготой байх нь өрхийн нэг гишүүн тогтвортой бус өндөр орлоготой байхаас эрсдэл багатай, гэр бүлийн гишүүдэд эерэг нөлөөтэй байдаг гэнэ. Тийм ч учраас энэхүү агуулгаар нэгдсэн сургалтыг аймаг бүрт зохион байгуулсан нь ихээхэн үр дүнгээ өгчээ. Үүний хажуугаар бизнесээ хэрхэн зөв санхүүжүүлэх, санхүүжилт хаанаас авч болох талаар мэдээлэл өгсөн нь цаг үеэ олсныг төсөлд хамрагдсан иргэд хэлж байгаа юм.
Төслийн хүрээнд гэр бүлийн бизнесийн тухай үндсэн ойлголт өгөхийн зэрэгцээ өрхийн үйлдвэрлэл болон үйлчилгээгээр бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд хэрхэн борлуулах талаарх бизнесийн нарийвчилсан сургалт явуулсан байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажилласан нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны нэгэн томоохон жишиг болжээ.
Сургалтанд хамрагдсан бизнес эрхлэгчдийн сарын дундаж орлого гурван сая төгрөг, дундаж ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ажилтны тоо дөрөв байсан бол үйл ажиллагаа явуулсан дундаж хугацаа есөн жил байжээ. Сургалтанд хамрагдсан бизнес эрхлэгчдээс аймаг бүрт хоёр өрх сонгон авч Улаанбаатар хотод үзэсгэлэн худалдаанд оролцох, хоорондоо туршлага солилцох боломж олгосон хоёр өдрийн нэгдсэн арга хэмжээг ч мөн давхар зохион байгуулсан байна. “Өрхийн бизнес ба орон нутаг” сургалт, хэлэлцүүлэгт 12 аймгаас шалгарсан 23 бизнес эрхлэгч оролцож өөрсдийн бизнест тулгарч буй бодит бэрхшээлээ тайлбарлаж, холбогдох банк санхүү, төрийн болон төрийн бус байгууллагуудаас мэргэжлийн зөвлөгөө авсан нь өрхийн бизнес эрхлэгч нарт нэн үр дүнтэй байжээ.
“Өрх” төсөлд сонгогдон оролцсон өрхүүд уг төслийг орон нутгийн иргэдийн амьжиргаа, амьдралыг өөрчилсөн, хөгжүүлсэн, тэдний урам зоригийг бадраасан төсөл болсон гэдгийг онцолдог юм билээ. Зарим төсөл, хөтөлбөр ихэвчлэн сургалт, семинар зохион байгуулаад өнгөрдөг бол “Өрх” төслийг хэрэгжүүлэгчид сонгогдсон өрхүүдийнхээ бараа бүтээгдэхүүнээ шууд худалдаалах, олон нийтэд сурталчлан таниулах боломж олгосон “Бизнес экспо-2020” үзэсгэлэн худалдааг өнгөрсөн намар зохион байгуулжээ. Уг үзэсгэлэн худалдаагаар дамжуулан Улаанбаатар хотын хэрэглэгчид Өвөрхангайн гар хийцийн арьсан гутал, Өмнөговь аймгийн “Говь гоо” компанийн зуун хувь байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг мэддэг болсон. Мөн Дархан-Уул аймгийн хуримын палааж, Сэлэнгийн цэвэр зөгийн бал, Хэнтийн “Шагай ааруул” олны анхаарлыг татаж, өнөөдөр ч хэрэглэгчдийнх нь тоо өсөн нэмэгдсээр байна. Орон нутгийн өрхийг чадваржуулах нь тухайн өрхийг санхүүгийн хувьд тогтмол орлоготой, гэр бүлийн гишүүдийг сурч хөгжих, боловсрох боломжтой болгох чухал ач холбогдолтойг “Өрх төв” ТББ, “JCI Монгол” байгууллагын залуус харж чадсан учраас энэхүү төсөл өнгөрсөн онд амжилттай хэрэгжсэн юм.
Тиймээс энэ жил ч уг төсөл үргэлжлэхээр болжээ. Дашрамд сонирхуулахад JCI байгууллагын 2020 оны ерөнхийлөгч Итай Манере Кови-19 дэгдэлтийн үед эдийн засгийг дэмжих “JCI RISE” санаачилгыг саяхан танилцуулжэ. Энэхүү санаачилгын хүрээнд бизнес, эдийн засгийг дахин сэргэхэд дэмжлэг үзүүлэх, эдийн засгийн идэвхтэй хүн ам болон ажиллах хүчийг дэмжих, Ковид-19 өвчин нийт хүн амын сэтгэлзүйн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судалж, шийдэл боловсруулах гэсэн гурван үндсэн ажлыг хийхээр болсон байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )