Сарьсан багваахай “хэргийн эзэн” гэдэг нь нотлогдов
Коронавирус анхлан үүсэж дэлхий нийтийг хамран дэлгэрсэн хэмээдэг БНХАУ-ын Хубей мужийн Ухань хотод шинжээчдийн баг илгээн судлуулахаар ДЭМБ-аас 2020 оны зун шийдвэрлэсэн билээ. 2019 оны 12 дугаар сард тус хотын Хуанань хүнсний захаас халдвар анхлан гарсан хэмээн олон улсад үзэж байсан юм. Хятадын талаас ДЭМБ-ын шийдвэрийг тийм ч дуртай хүлээж аваагүй. Уг өвчин Хятадад гаднаас орж ирсэн гэх байр суурийг Бээжингийн эрх баригчид хатуу барьж байлаа. Шинжээчдийн багийг 2021 он гармагц хүлээн авах талаар хариу дуулгасан ч цааргалсаар, шинэ жилийн дараахан Хятад руу түрүүлж хөдөлсөн багийн гишүүд буцахад хүрсэн билээ. Гэвч эцэстээ байдал наашилж, дэлхийн 10 гаруй орны вирус судлаач, тархвар судлаач, эмч, биологич, эрдэмтдээс бүрдсэн багийнхан 14 хоногийн тусгаарлах хугацааг давсны эцэст нэгдүгээр сарын 29-нөөс ажилдаа орсон юм. Хятадын мэргэжил нэгтнүүд нь ч хамтран ажиллажээ.
Шинжээчдийн багийнхан Ухань хотын далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг томоохон зах, дэлгүүрүүд, эмнэлэг, судалгааны төв, лаборатори, вирус судлалын хүрээлэн зэрэг олон газарт ажилласны дараа дүгнэлт гарган ДЭМБ-д мэдээлсэн байна. Судлаачдын дүгнэлтэд тулгуурлан ДЭМБ-аас КОВИД-19 үүссэн байж болох хамгийн боломжит магадлалтай хувилбарыг нэрлэлээ.
Лабораторид зориуд гарган авсан вирус алдагдсан байх магадлал маш бага, харин нэг амьтнаас нөгөөд дамжуулагч завсрын амьтнаар зөөвөрлөгдөн хүнд халдварласан байх магадлал илүү өндөр байна гэсэн дүгнэлтэд шинжээчид хүрчээ. Өмнө таамаглаж байснаар сарьсан багваахай коронавирусний анхдагч тээгч гэдэг нь батлагдсан аж.
Коронавирус сарьсан багваахайгаар өөр бусад амьтанд дамжиж, уг амьтнаас хүнд халдварласан нь хамгийн бодит хувилбар болоод байна. Цаашлаад хөлдөөсөн далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр вирус дамжих магадлал байгааг үгүйсгэсэнгүй. Яг ямар амьтан сарьсан багваахай болон хүний хооронд дамжуулагч болж халдварлуулсныг хараахан тогтоогоогүй учраас дараа дараагийн удаа шатласан байдлаар судалгаа явуулах нь зүйтэй гэж үзжээ.
ДЭМБ-ын шинжээчдийн багийн гишүүн доктор Питер Дашак хэлэхдээ “Коронавирус анхлан Хятадын өмнөд хэсэг, Зүүн өмнөд Азид сарьсан багваахайгаар дамжиж тархсан байх боломжтой. Сарьсан багваахайнаас амьтны фермийн тэжээвэр дорго, булга бусад амьтанд халдварлаж, улмаар тэнд ажилладаг хүмүүс өвчилсөн байх магадлал бий. Тэдгээр амьтныг наймаалдаг Ухань хотын Хуанань захад өвчилсөн амьтад хүргэгдэн, тэндээс далайн амьтад, хүнсний бүтээгдэхүүнд вирус дамжиж, худалдаачид, үйлчлүүлэгчдэд халдварлан коронавирус дэлгэрсэн байх боломж байна” гэжээ. Доктор Питер Дашак The New York Times-д өгсөн ярилцлагадаа ийнхүү дурдсан байна.
Судалгааны багийнхан анхлан өвчилж байсан зарим хүмүүс, эмчлэгдэж гарсан иргэдтэй уулзаж, хэрхэн халдвар авсан талаар нь биечлэн яриулахыг хүссэн ч Хятадын талаас хоригложээ. Гэхдээ эрдэмтдийн баг Ухань хотын Вирус судлалын хүрээлэн, түүн дотроос маш нууцын зэрэглэлд багтдаг BSL-4 лабораторид нэвтэрч чадсан нь том амжилт юм. Чухам тус лабориторид SARS-CoV-2 буюу коронавирусийг зохиомлоор гарган авч байгаад гадагш алдсан байж мэднэ хэмээн олон улсын хэмжээнд сэжиглэж байв. Шинжээчдийн дүгнэлтээр зохиомлоор гарган авсан вирус уг өвчин тархах шалтгаан болсон гэдэг таамаг маш бага магадлалтай гэж үзжээ.
Титэм вирусний гаралтай халдвар өмнө нь хоёр удаа дэгдэж байв
Дэлхий нийтийг хамарч, бүх нийтээр нь хөл хорионд оруулан “чангалж” буй коронавирус буюу титэм вирус тийм ч шинэ зүйл биш ажээ. Титэм шиг хөхлөг гадаргуутай учир корона буюу титэм хэмээх “хүндэт алдар” хүртсэн уг вирус анх нэгэн жарны тэртээ 1960 онд илэрсэн агаад олон төрөл зүйлтэй. Хэд хэдэн хэв шинжид хуваагдах коронавирус хүн төрөлхтөнд шинэ зүйл бас биш юм. Анагаахын түүхэнд тэмдэглэгдсэнээр сүүлийн 20 жилд олныг хамарсан гурван ч удаагийн дэгдэлт гарсан бөгөөд өөр өөр хэв шинжийн вирусаар үүссэнээрээ ялгаатай.
Эхнийх нь 2002 онд SARS Co-V (Severe acute respiratory syndrom) нэрээр түгж, 2012 онд MERS Co-V (Middle east respiratory syndrom) нэрээр дэгдэж, түргэн дуур халдварлан тархаж, амьсгалын замын хүнд хэлбэрийн үрэвсэл үүсгэн цөөнгүй хүний аминд хүрч байсан түүхтэй.
Харин гурав дахь удаагийн дэгдэлт буюу SARS-CoV-2 дэлхийг тэр чигээр нь хамарч, жил гаруйхны хугацаанд 100 гаруй сая хүнд халдварлан 2,4 орчим сая хүн эндээд байна. Түүгээр зогсохгүй Их Британи, Дани, Өмнөд Африкт мутацид орсон шинэ хувилбарууд үүсэж, дэлхийн олон оронд тархаад байгаа билээ.
Дэлхийн эдийн засаг хямарч, баяр ёслолууд цахим байдалд шилжиж, хүн төрөлхтөн бараг тэр чигээрээ гэрийн хорионд орж, зай барьж, бие биеэсээ цэрвэсэн цоо шинэ нөхцөл байдлыг үүсгэсэн КОВИД-19-ийн дараа өмнөх халуун дотно харилцаа эргэж сэргэтлээ дахин хэдэн жилийн хугацаа орно хэмээн судлаачид хэлж буй. Дархлаа тогтоох үйлчилгээтэй вакцин л одоогоор авралын од болж түүнийг олж иргэддээ хийлгэхийн төлөө улс орнууд уралдаж буй нийтлэг дүр зураг дэлхийн өнөөгийн шинэ төрх болоод байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Ок